2021.12.27
УИХ-ын гишүүд Баянмөнх сумын ЗДТГ, ИТХ-ын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нар Төрийн ордонд Баянмөнх сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс тэдэнд үйл ажиллагаа, 2022 оны төсөв, гишүүдийн ажлын алба, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдэнтэй санал солилцлоо. Тухайлбал, сумынхаа онцлогт тааруулж хөгжлийн бодлогоо тодорхойлох, айл өрхийг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил зохион байгуулах, хамтын ажиллагааны талаар хэд хэдэн санал илэрхийлсэн бол Баянмөнх сумын удирдлагуудын зүгээс хогны шинэ менежмент хэрэгжүүлэн ажиллаж байгаа, сумын 90 жилийн ойн ажил, гялгар уутгүй сум болох зорилт гэх мэт сум орон нутгийнхаа ажлыг танилцуулж, сумынхаа ойг тохиолдуулан сумын төвдөө 2,5 км засмал зам тавих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүд, аймаг орон нутгаас нэгдсэн бодлогоор дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн суманд хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин дутагддаг, мэргэжилтэй ажилтан ажил эрхэлсэн ч нийгмийн асуудал тулгамддаг талаар ярьж, төрийн захиргааны албан хаагчийн тэтгэмжийн асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn