Цаг агаарын гамшигт үзэгдэл болно
Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жил, Засгийн газраас хэрэгжүүлж буй Атрын 3 дугаар аяны 2 дахь жилд манай орны тариаланчид дотоодын гурилын хэрэгцээнийхээ 80 хувийг хангах зорилт дэвшүүлж энэ намар 335 мянган тонн үр тариа, 100 мянга гаруй тонн хүнсний ногоо хураах нөхцөл бүрдээд байгаа тухай сайхан мэдээтэй байна.
Манай орны ихэнх нутгаар 9 дүгээр сарын эхний 15 хоногт цаг агаар харьцангуй тогтвортой байгаа нь намрын ургац хураах ажилд таатай нөлөө үзүүлж байна. Гэвч 18-20-нд цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд Цаг уур орчны шинжилгээний газраас шуурхай мэдээлэл хийх гэж байна.
Манай орны нутагт 9 дүгээр сард ялангуяа говь, тал хээрийн бүс нутагт цасан шуурга шуурах явдал нэн ховор тохиолддог үзэгдэл. Манай орны нутагт их хэмжээтэй хур тунадас орох, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга тавьж цаг агаар эрс муудах нь өндөрт циклон үүсч түүний шилжих хурд нь удаашрахтай холбоотой байдаг.
18-нд Баруун зүгийн нутаг,Төвийн нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 м/с, Говь талын аймгуудын нутгаар зарим үед 28 м/с хүрч шороон болон хүчтэй цасан шуурга шуурна. Агаарын температур 18-нд өдөртөө Говийн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал нутгаар 25-30 градус хүрч халах боловч 19-20-нд өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс сэрүүсч тариалан бүхий нутгуудаар 19-20-нд шөнө цочир хүйтэрнэ.Энэ муудалт манай орны ихэнх нутгийг хамрахаас гадна Зүүн аймгуудын нутаг дээр удааширч их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга олон цагаар шуурахыг онцгойлон анхааруулж байна.
1995 оны 9 сарын 22-24-нд энэ процесстэй төстэй муудалт болоход Сүхбаатар аймгийн зарим суманд 10-40 см зузаан цасан бүрхүүл тогтож цасан шуурга 10 гаруй цаг үргэлжилж байсан сургамж байдаг.
Үүний улмаас 33 хүн төөрсөн, 25 нь хөнгөн осгосон,8 хүн эрсдэж, 12000 орчим мал хорогдож,10000 шон унасан,мөр хянах 40 км зурвас устсан гэх мэтээр их хэмжээний хохирол гарсан.
Манай оронд 1998 онд зундаа хур бороо ихтэй арвин их ургац авах нөхцөл бүрдсэн хэдий ч, тарианы болцоос хураалт удааширч, төвийн ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орсноос буудай тариалсан 120 мянган га талбай цасанд даруулж, 70-80 мянган га талталбайгаас буудайн ургацыг хурааж авах боломжгүй болсон тохиолдол гарч байв.
Нойтон цас орж шуурснаас Дархан-Эрдэнэт-Улаанбаатар, Улаанбаатар-Өвөрхангай,Мөрөнгийн чиглэлийн төв засмал зам дээр хальтиргаа гулгаа үүсэж, зам даваа боогдох явдал гарч болзошгүй тул Тээвэр үйлчилгээний бирж, Авто зам арчилгааны компани, Аймаг, Нийслэлийн онцгой байдлын газар хэлтсийн удирдлагууд онцгой анхаарч шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.
Иймд ард иргэд, тариаланчид, малчид, тээвэрчид цаг агаар эрс муудах гэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ цаг алдалгүй авах шаардлагатай байна.