Эрсдэлийн удирдлага-3
2022.02.22

Эрсдэлийн удирдлага-3

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны Дарга, Доктор /ScD/ Б.Баттөмөрийн “Эрсдэлийн удирдлага” /Risk Managment/ цуврал нийтлэлийг хүргэж байна.

Цуврал нийтлэл-3

САНХҮҮ БАНКНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

Санхүүгийн эрсдэлийн менежмент гэдэг нь санхүүгийн хэрэгслийг ашиглан гарч ирсэн эрсдэл, тухайлбал, зээлийн эрсдэл, зах зээлийн эрсдэлийг зөв удирдаж, эдийн засгийн ашиг олон үйл ажиллагаа юм. Санхүүгийн эрсдлийн хүрээнд түүнээс гадна гадаад валютын ханшны эрсдэл, ханшны тогтворгүй байдлын эрсдэл, ханш уналт, секторын эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, инфляцийн эрсдэл зэргийг мөн тооцох учиртай. Эрсдэлийн ерөнхий менежментийн нэг адил, санхүүгийн эрсдэлийн менежмент нь эрсдэлийн эх сурвалжийг тогтоох, эрсдэлийг тодорхойлох, хариу арга хэмжээг төлөвлөхийг шаарддаг. Зах зээлийн болон зээлийн, үйл ажиллагааны тодорхой бус байдал зэрэг санхүүгийн эрсдэлийг удирдахад мэргэжлийн ур чадвар зайлшгүй шаардагдана. Зах зээлийн савалгаа, хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт, зээлээ төлж чадахгүй байх, буруу зөрүү болон хуурамч мэдээ, мэдээлэл, луйвар зэрэг нь санхүүгийн ноцтой алдагдалд хүргээд зогсохгүй, бас пүүс компанийн нэр хүндэд үлэмж хор учруулдаг. Эрсдэлийн менежментийн систем нь үнэн зөв, бодитой, үргэлж шинэчлэгдэх хэмжилт хийх, хяналт шинжилгээ явуулах, хянаж шалгах, тайлагнах чадавхийг шаарддаг. Санхүүгийн эрсдэлийг тооцоход ашиглах эрсдэлийг үнэлэх, хэмжих загварыг хараат бус байдлаар шалгаж, баталгаажуулж байвал зохино.

Санхүүгийн эрсдэлийн хүрээнд валютын ханшийн өөрчлөлтөөс гарах эрсдэл, хөрвөх чадварын эрсдэл, төлбөрийн чадварын эрсдэл, мөнгөний ханш уналтын эрсдэл зэрэг хэд хэдэн төрлийн эрсдэл гол төлөв учирдаг. Аливаа эрсдэлийн нэг адил санхүүгийн эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхэд эрсдэлийн уг сурвалж юу болохыг тодорхойлох, түүнийг хэмжих, цар хүрээг нь тогтоох, үнэлэх, учрах эрсдэлийг тооцох, ангилах, эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээг төлөвлөх хэрэгцээ гардаг. Санхүүгийн эрсдэлийн менежмент нь тоон болон чанарын гэсэн хэлбэртэй байж болно. Санхүүгийн эрсдэлийн эсрэг даатгалын санг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулалт болгон санхүүгийн хэрэгслийг эрсдэлийг амжилттай даван туулах зорилгоор ашиглах асуудалд гол анхаарлаа чиглүүлнэ.

Банкны бизнес нь бусдын эрсдэлийг өөртөө хүлээх замаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Банк нь бусад бизнесийн байгууллагыг бодвол хүлээх эрсдэл нь илүү өндөр байдаг. Банкны бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь эрсдэлийг удирдах явдал юм. Банкны активын дийлэнх хэсэгт зээл олгосон байх тохиолдолд зээлийн эрсдэлийг зохистой удирдах нь банкны үйл ажиллагааны амжилтын үндэс болдог байна. Банкны эрсдэл нь эдийн засгийн эрсдэлийн тогтолцоонд багтдаг ч өөрийн мөн чанараараа нэлээд нарийн асуудал юм. Эдийн засгийн бусад эрсдэлийн нөлөөг багагүй хүлээдэг банкны эрсдэл нь өвөрмөц биеэ даасан эрсдэл юм. Банкны эрсдэл гэдэг нь удирдлага болон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл тодорхойгүйгээс үүсэн бий болсон нөхцөл байдлыг хэлнэ. Банкны тогтолцоонд заавал мөрдөх ёстой үндсэн шалгуурт хөрвөх чадвар, ашигт ажиллагаа, аюулгүй байдал орох учир эдгээрт эрсдэл учрах ямар нэг үйл ажиллагааг маш хянуур, нарийн тооцоотой явуулах учиртай. Банкны эрсдэл нь банкны үйл ажилагааны бүх талыг хамардаг. Юуны өмнө зээлийн эрсдэл тулгарна.

Зээлийн эрсдэл гэдэг нь зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээг тодорхой буюу бүхэлд нь биелүүлэхгүй байх, мөн харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүйгээр зайлсхийхийг хэлнэ. Зээлийн эрсдэл нь банкны ашгийн хэмжээг бууруулах, банкны төлбөрийн чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлт болсон хөрвөх чадварыг алдагдуулах үндсэн нөхцөл болдог. Арилжааны банкны зээлийн эрсдэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна. Xүүгийн эрсдэл: Зээлийн хүүг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн өөрчлөлт, харилцагчийн ажиллагааны түвшин зэргээс хамааруулалгүйгээр өндөр тогтоосон, хадгаламжийн хүүд тухайн банк бодит байдлаас өндөр хүү төлсөн зэргээс хүүгийн орлого нь зарлагаа нөхөх бололцоогүй болж учрах алдагдал юм. Зах зээлийн эрсдэл: Тухайн байгууллагад учирч болох гадаад хүчин зүйл буюу зах зээлийн орчноос хамаарч байгаа эрсдэл юм. Гэмт үйлдлийн эрсдэл: Банкны ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа мэдлэг чадвар сул, ажлын хариуцлага хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан үүсдэг алдагдал юм. Тооцоолсон ашгаа олж чадахгүй байх эрсдэл: Тухайн банк хүүгийн орлогоо оруулах буюу олж авч чадахгүй байх, байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас, мөн эдийн засгийн хүчин чадал доройтсоноос ашгаа зохих хэмжээнд бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гарах эрсдэл юм.

Төлбөрийн чадварын эрсдэл: Төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг зөрчих, хадгаламжийн ихэнх хэсгийг зээлд оруулах, эрсдэл өндөртэй салбарт ихээхэн хөрөнгө байршуулах зэргээс харилцагчдын анхны шаардлагаар гүйлгээ хийж чадахгүйд хүрснээс үүсдэг алдагдал юм. Зээлийн эрсдэлийн сан - Энэ нь зээлийн эрсдэлээс банкийг хамгаалж, түүний тогтвортой байдал, ашигт ажиллагааны түвшинг хангахад зээлийн эрсдэлийн сан нь чухал үүрэгтэй. зээлийн эрсдэлийн санг банк өөрийн зардлаар шууд байгуулдаг ба түүнийг зөвхөн зээлийн эрсдэлийг нөхөхөд зарцуулдаг.

Эрсдэлийн менежмент гэдэг нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэрэгслүүдийн цогц юм. Зээлийн эрсдэлийг бууруулах олон арга байдаг. Тэдгээрээс банк өөрийн банкны онцлогтоо тохируулан хэрэглэдэг. Эрсдэлийн хэмжүүр нь тодорхой бус нөөц ба ашигт байдалд сөргөөр нөлөөлж буй бодит дүнг олж авахыг шаарддаг бөгөөд эрсдэлийг хэмжих, хянах арга, загварын талаар авч үзье. Зээлийн төлбөрийн эрсдэлийг хэмждэг энгийн хоёр загварыг банкны ажилтнууд өргөн ашигладаг ба эдгээр загварууд нь бид энэ зээлдэгчид арай ихийг зээлдүүлчихлээ гэсэн санаан дээр үндэслэсэн субьектив загвар байдаг. Зээлийн төвлөрлийн эрсдэлийг хэмждэг эхний загварыг шилжих хөдөлгөөний загвар гэдэг.

Стратегийн активын байршуулалтыг тодорхойлж санал боловсруулах, стратегийн бэнчмаркийг тодорхойлж, түүнээс хазайх хязгаарыг тогтоох, хөрөнгө оруулалт хийх боломж, хязгаарлалтыг судалж, дүгнэлт гаргах, хөрөнгө оруулалт хийх боломжийн эрсдэлийг тооцоолох зэрэг нь эрсдэлийн албаны хийх ажил юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ

Хөрөнгө оруулалтын менежмент бол янз бүрийн үнэт цаас түүн дотроо хувьцаа, бонд болон бусад үнэт цаас болон хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг зөв удирдаж, хөрөнгө оруулагчид хүссэн ашгийг нь авчрах үйл ажиллагааг удирдах мэргэжлийн менежмент юм. Хөрөнгө оруулалтын менежерүүд зөвлөгөө өгөх эсвэл зарим нэг хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс гол төлөв мөнгөний менежментийг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг бол портфолио менежмент нь хувийн банкны үйл ажиллагаатай холбогддог.

Хөрөнгө оруулалтын эрсдэлийн менежментэд санхүүгийн шинжилгээ хийх, хөрөнгө, үнэт цаасыг сонгох, хөрөнгө оруулалтын үйл явцад хяналт тавих, төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг ажил ордог. Хөрөнгө оруулалтын бизнес бол олон талт үйл ажиллагаа бөгөөд хөрөнгийн сангийн мэргэшсэн менежерийг ажиллуулж, хувийн хөрөнгө болон хөрөнгийн ангиллыг судлах, дилерийн үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргах, зах зээлээ сонгох, дотоодын аудит явуулах, үйлчлүүлэгчдээ зориулан тайлан мэдээ бэлтгэх зэргийг шаарддаг. Ихэнх тохиолдолд хувьцаа эзэмшигч бусадтай хамтран эзэмшиж байгаа хувьцаагаа захиран зарцуулах эрх мэдэлгүй байдаг.

Инфляцийн эрсдэл нь мөнгөөр үнэлэгдсэн капиталын бодит өртөг үнэгүйдэлд орж болзошгүй байдлаар болон инфляцаас хамааран хүлээгдэж байсан ашиг орлого буурах байдлаар илэрнэ. Инфляцийн эрсдэл хоёр ч чиглэлээр нөлөөлөх бөгөөд үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ бэлэн бүтээгдхүүний үнээс давах эсвэл зах зээл дээрх өрсөлдөх бүтээгдхүүний үнээс илүү бэлэн бүтээгдхүүний үнэ өсөх нөхцөл бий болно.

  • Дефляцийн эрсдэл гэж дефляциийн өсөлтөөс шалтгаалан үнийн түвшин буурч, бизнес эрхлэхэд таатай эдийн засгийн нөхцөл байдал доройтож, ашиг орлого буурахыг хэлнэ. Валютын эрсдэл гэдэг нь валютаар хийгдсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байх үед валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалан валютын алдагдалд орох явдал юм. Тодорхой хугацаанд мөнгөөр илэрхийлэгдсэн төлбөр тооцооны бодит үнэд өөрчлөлт орох бөгөөд энэ нь алдагдлын үүдийг нээнэ. Тухайлбал, экпортлогч бараагаа гаргаад орж ирэх ёстой үнээсээ доогуур үнээр өгнө гэсэн үг.
  • Хөрөнгө оруулалтын эрсдэл гэдэг бол оруулсан хөрөнгө хүсэн хүлээсэн ашиг орлогыг өгч чадахгүй болж, алдагдал хүлээх явдал бөгөөд үүнээс болж тухайн байгууллагад худалдаа, санхүүгийн ноцтой байдал үүсч болно. Хөрөнгө оруулалтын эрсдэлд алдагдсан ашиг орлого, ашигтай ажиллагааны доройтол, санхүүгийн хохирол зэрэг хамаарна. Шууд санхүүгийн алдагдалд оруулах эрсдэлийн тоонд биржийн эрсдэл, сонголтын эрсдэл, дампуурлын эрсдэл, урьдчилгаа төлбөрийн эрсдэл, эргэлтийн эрсдэл орно.
  • Биржийн эрсдэл гэдэг нь бирж дээр хэлцэл хийж, алдагдалд орох аюул юм. Үүнд хэлцлийн дагуу төлбөр хийхтэй холбогдох эрсдэл, брокерийн пүүсээс шимтгэлээ төлж чадахгүй байх эрсдэл зэрэг нь орно.
  • Сонголтын эрсдэл гэдэг нь капитал болон үнэт цаасыг хөрөнгө оруулахдаа буруу сонгохоос үүднэ.
  • Дампуурлын эрсдэл гэж хөрөнгө оруулахдаа буруу сонголт хийснээс өөрийн хөрөнгийг алдах, өөрийн хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.
  • Урьдчилгаа төлбөрийн эрсдэл нь аливаа гэрээ хэлцлийн дагуу үйлдвэрлэгч бараагаа нийлүүлэхийн тулд үйлдвэрлэлийн зардлыг урьдчилгаа төлбөр хэлбэрээр авах ёстой боловч түүнийг төлөөгүй тохиолдолд алдагдалд орохыг хэлнэ.
  • Арилжааны эрсдэл гэдэг нь санхүү аж ахуйн үйл ажиллагааны явцад алдагдалд орохыг хэлэх бөгөөд эд хөрөнгийн, үйлдвэрлэлийн, худалдааны, нийгэм экологийн болон мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл энд хамаарна.
  • Төслийн эрсдэлийн менежмент нь төсөл амжилттай хэрэгжихэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлийг илрүүлэх, тэдгээрт шинжилгээ хийх, хариу үйлдэл, нөлөө үзүүлэх зорилгыг агуулдаг.

Хөрөнгө оруулалтын эрсдэл гэж хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдлаас үүсэх хүсээгүй үр дагавар, уршиг ба үнэ ханшийн төсөөлсөн үр дүн хүрэхгүй байхыг хэлнэ. Түүнчлэн мэдээллийн эрсдэл буюу үнэт цаасны зах зээлд оролцогчдод үнэт цаасны үнэ ханшинд нөлөөлөх мэдээллийн ил тод байдал хангагдаагүйгээс болж, мэдээллийн тэнцвэргүй байдал, хомсдол, хоцрогдол үүсч болно. Түргэн хөрвөх чадварын эрсдэл буюу хүссэн цагтаа хүссэн үнээрээ худалдан авах, худалдах боломж бас нөлөөлдөг. Зах зээлийн эрсдэлүүдийг бууруулахын тулд мэдээллийг цаг хугацаанд нь цуглуулах, шинжилгээ хийх, мэдээллийн системтэй байх, хөрөнгө оруулалтын сагсыг олон төрлийн үнэт цаасаар бүрдүүлэх, хеджинг хийх, түргэн хөрвөх чадвартай үнэт цаас, санхүүгийн хэрэгсэлд оновчтой байршуулах хэрэгтэй болдог. Бусад эрсдэлийг бууруулахад үнэт цаасны зах зээлд оролцогчдоос эрсдэлийн санамж өгөх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтын талаар мэдлэгийг олгох нь зүйтэй.

Эрсдэл их байх тусам үр өгөөж бага байдаг. Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцохын тулд хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа нь бага салбарт хөрөнгө оруулалтаа хийнэ.Хөрөнгө оруулалтын нөхөгдөх хугацаа хэдий чинээ их байна эрсдэл нь төдий чинээ их байдаг. Хөрөнгө оруулалтын нөхөгдөх хугацааг тооцохын тулд үйлдвэрлэлийн функцийг тодорхойлон гаргасан байх шаардлагатай. Үйлдвэрлэл үйлчилгээний үр ашгийг дээшлүүлж, хүнд хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх замаар ашиг орлогыг өсгөх зорилгоор урьдчилан оруулж байгаа хөрөнгө/капитал/-ийг хөрөнгө оруулалт гэнэ.

Энэ нь зөвхөн мөнгөн хөрөнгө төдийгүй хувь оролцоо, хувьцаа ба бусад үнэт цаас, шинэ технологи, машин тоног төхөөрөмж, лиценз, зээл, бусад эд хөрөнгө, түүнчлэн эд хөрөнгө эзэмших эрх, оюуны үнэт зүйлс байж болно. Хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад зайлшгүй шаардагдах мөнгөн хөрөнгийг олж авах,зарцуулахыг хөрөнгө оруулалтын санхүүжилт гэдэг. Хөрөнгө оруулалтын санхүүжилтын арга хэрэгсэл нь юуны өмнө түүний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Макро эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төрийн өмчийн ба хувийн секторын хамтарсан хөрөнгө байдаг. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрийн болон гадны хөрөнгө оруулалт гэж хуваадаг. Өөрийн хөрөнгө нь 60% байвал зохистой буюу бие даасан гэж үздэг.

Макро түвшний хөрөнгө оруулалтын бодлого:

Макро түвшин дэх хөрөнгө оруулалтын бодлого нь улс орны дэд бүтэц, аж ахуй нэгжийн орчин нөхцлийг сайжруулах, тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэх ёстой.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүрэг:

Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж Засгийн газраас улс орны дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн мэдлийн компаниудыг дэмжих, нийгмийн салбар, хүний хөгжилд зарцуулж байгаа хөрөнгийн дүнг хэлдэг.

Гадаадын хөрөнгө оруулалт:

Гадаадын хөрөнгө оруулалт нь хүлээн авагч улсын нутаг дэвсгэр дээр дангаар буюу хамтарсан компани байгуулах замаар тухайн улсын ажиллах хүч, түүхий эдийн баазыг ашиглан удаан хугацааны туршид тогтвортой үйл ажиллагааг явуулж ашиг орлого олох зорилготой байдаг. Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Ж. Стиглиц үзэхдээ “Үндэсний эдийн засагт үзүүлэх гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах таатай орчныг бүрдүүлэх явдал” гэж тодорхойлсон байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлст хөрөнгө оруулалтын үр ашиг, зах зээлийн багтаамж, дэд бүтцийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, хууль эрх зүйн орчин, хөрөнгийн хамгаалалт зэрэг ордог. Ихэнх судалгааны ажлуудад гадаадын хөрөнгө оруулалт ашигтай байх эсэх нь тухайн орны хөрөнгө оруулалтын шингээх чадвараас ихээхэн хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг байна.

Хувь хүмүүс нь шингээх чадвараа дээшлүүлж чадсан улс орны шингээх чадвар өснө гэж үздэг. Шингээх чадварт нөлөөлдөг хүчин зүйлст технологийн ялгаа, ажиллах хүчний боловсролын түвшин, санхүүгийн хөгжил, институцийн хөгжил, маркетингийн чадамж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх арга барил зэрэг үзүүлэлт ордог.

Гадаадын хөрөнгө орж ирж байгаа хэдий ч үр дүн муу байвал энэ нь шингээх чадвартай холбоотой юм. Олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч буй орны санхүүгийн зах зээлийн хөгжил тодорхой хөгжлийн түвшинд хүрсэн байгаа тохиолдолд улс орны хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг баталсан байдаг байна.

Хөрөнгө оруулалтын шингээх чадвар гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн улсын бүтээмж нэмэгдэж, ихээхэн мэдлэг туршлагыг хуримтлуулах процессыг хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь урт хугацааны үйл явц. Олон улсын практикт улс орны санхүүгийн салбарыг санхүүгийн салбарын хөгжил сайн, санхүүгийн салбарын хөгжил сул гэж ангилж үздэг байна.

Манай орны хувьд санхүүгийн салбарын хөгжил султай орон бөгөөд банкин дээр суурилсан санхүүгийн тогтолцоотой орны бүлэгт хамаарагддаг. Энэ нь санхүүгийн зах зээл дээрх банкны хөгжил нь бусад санхүүгийн зах зээлийн салбаруудаас илүү хөгжсөн бөгөөд бусад салбарууд нь хөгжиж эхэлж байгаа гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцохдоо үйлдвэрлэлийн функцийн хамгийн энгийн хэлбэр болох Кобб Дугласын функцийг ашиглан тооцож болох бөгөөд үүнийг тодорхойлохын тулд ДНБ (ҮО), капитал (К), хөдөлмөрийн нөөц (L) зэрэг үзүүлэлтүүд хэрэгтэй болдог.

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татварын бодлого, зээлийн хүүгийн бодлогоор болон дэд бүтцийг сайжруулах замаар урамшуулах гь чухал ач холбогдолтой.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн болон хөдөлмөрийн зах зээл дээрх өрсөлдөөнийг дэмжихийн тулд хөдөлмөрийн зах зээлийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, түүнчлэн нарийн мэргэжлийн сургалтад залуучуудыг олноор хамруулах шаардлагатай. Гэхдээ манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байх үед улс ардын аж ахуй буюу макро түвшинд хөрөнгө оруулалт хийх явдал илүү байсан бол зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш микро түвшин буюу пүүс компанид хийх хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна.

Гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байгаа гэж хэлж болно. Гэтэл улс орны хөгжилд нэн тэргүүнд тавигдах хэд хэдэн салбар бий. Тиймээс хөрөнгө оруулалт хамгийн их шаардлагатай байгаа, хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлийн түвшин бага зэрэг ач холбогдлын түвшинг нь үнэлэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх нь ашиг өндөртэй боловч эргээд байгаль экологийн асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдоно. Тиймээс дан ганц нэг салбарт биш бусад салбаруудад ижил хөрөнгө оруулж салбаруудыг ижил хөгжүүлэх шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох тэгшитгэлийг өгөгдөл байгаа тохиолдолд тооцон олох боломжтой бөгөөд макро эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалтын нөхөгдөх хугацаа эрсдэлийн хамаарлыг дараах байдлаар үнэлж болдог байна.

Оруулсан хөрөнгөө 2-3 жилд нөхөн төлж чадах бол эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж үзэж болно. Харин хөрөнгө оруулалт нөхөн төлөгдөх хугацаа нь 3-5 жил бол эрсдэлтэй гэж үзнэ.

Хөрөнгө оруулалт нөхөн төлөгдөх хугацаа нь 5-6 жил бол өндөр эрсдэлтэйд тооцогдоно. Оруулсан хөрөнгөө нөхөн төлж чадах хугацаа 7-оос дээш жил бол маш өндөр эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулах саналаа эргэн харах хэрэгтэй болно гэсэн үг.

Эндээс үзвэл хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа уртсах тусам эрсдэл өндөр байна гэсэн үг. Тиймээс хөрөнгө оруулалт хийхдээ нөхөгдөх хугацаа богино тохиолдолд хийнэ. Монгол улсын хувьд хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэлийг нарийн тооцон, хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацааг нарийн гаргах тал дээр дутуу ажиллаж байгаа бөгөөд макро эдийн засгийн түвшинд үүнийг нарийн тооцон салбар тус бүр дээр хийх шаардлагатай….

Үргэлжлэл бий...