2022.03.01

Архангай аймгаас “Улсын аварга саальчин” тодорлоо

Энэ жил улсын хэмжээнд “Улсын аварга саальчин” цолоор зургаан эмэгтэй шалгарсны нэг нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн саальчин Цэвэлдоржийн Дулмаа юм.

Ц.Дулмаа гуайн шагналыг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар гардуулж, баяр хүргэлээ.

1975 онд наймдугаар анги төгссөн цагаасаа хойш мал аж ахуйн салбарт 47 жил ажиллаж буй Ц.Дулмаа гуай анх 18 үнээнээс 19 тугал бойжуулж,1982 онд анх сумын аварга төлчин, дараа нь 19 үнээнээс 21 тугал бойжуулж сумын хошой аварга төлчин болж байжээ. Улмаар 2020 онд аймгийн аварга саальчин болсон хүн юм.

 

 “Манайд нэг бор халзан үнээ байсан. 10 жил ихэр тугал гаргаж өгсөн, үнэхээр буянтай сайхан мал шүү. Үхэр ихэрлэнэ гэдэг богтой харьцуулахад ховор тохиолдол. Хуучин нийгмийн үед үхэрчин хүн үхрээ өдөр тутам хариулдаг байсан учраас төлийн хорогдол бага байсан. Тэр үеэс их зүйлд суралцсан. Дээр үед бол зун, намрын нормт хугацаанд сарлагийн нэг үнээнээс 450 литр сүү саадаг байсан. Энэ бол миний сумын аварга болсон амжилт. Түүнээс хойш яг 40 жилийн дараа Улсын аварга боллоо. Үнэхээр баяртай байна” хэмээн Ц.Дулмаа гуай ярилаа.