2022.03.01

МУ-ын аварга малчид шагналаа гардан авлаа

Улиран одогч 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Архангай нийт мал сүргийн тоогоор улсдаа хоёрдугаарт орж, үхэр, адуу, хонин сүргийн тоогоор тэргүүлсэн сайхан мэдээтэй бар жилийг угтаж байна. Тус аймгийн олон мянган малчдын хөдөлмөр, зүтгэлээр энэхүү амжилтыг жил бүр хадгалж байгаа бөгөөд тэдний нэг Хайрхан сумын Могой багийн малчин Баянжаргалын Балдан, түүний гэргий Пүрэвсүрэнгийн Сэргэлэн нарт Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, цом, өргөмжлөл тэргүүтнийг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд гардууллаа.

Мөн аваргын хүү, охин хоёрт улаан халз бүхий таван ханатай өргөө цагаан гэрийн батламжийг олгов.Улсын Их Хурлын гишүүд нутгийн шинэ аварга Б.Балданг булган сүүлтэй байж, залуу үеийн малчдадаа үлгэр дуурайлал болж, амжилтаа ахиулахыг хүсэн ерөөлөө. Тэрбээр эрдэнэт сүргээ жил бүр өсгөн үржүүлсээр 2015 онд Мянгат малчны болзол хангаж, 2018 онд сумын аварга малчин, 2019 онд аймгийн аварга малчин, 2021 онд Алтан төлийн алтан унаганы эзэн болж байжээ.

Б.Балдан аваргынх өвөл, зундаа Жарантай багийн нутагт, хавар, намартаа Могой багт нутаглаж, бэлчээрээ зөв хуваарилж малаа малладаг аж. Жарантай бол адуунд их зохимжтой, ам бүхэн нь ус ундтай, ээлтэй сайхан нутаг байгаа юм. Би хүүхэд байхаасаа адуунд хайртай, морь унах дуртай байсан. Багаасаа чулуугаар гэр барьж, морь уралдуулж тоглож өссөн. Тэгээд хожим нь адуучин болсон. Сүүлийн жилүүдэд адуу, үхрээ түлхүү өсгөж байна. Энэ жил 150 гаруй гүү унагална гэж шинэхэн аварга Б.Балдан ярилаа.
2004 онд гэр бүл болж, саалийн таван үнээ, 100 гаруй богтой ажил, амьдралаа эхэлж байсан залуу хос эдүгээ 2000 гаруй толгой мал сүрэгтэй болж, сүүлийн 2 жилийн хугацаанд 6 айлыг малжуулсан ажээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn