Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна
Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Батсүхийн Болдбаатар, түүний гэргий Базарсадын Золзаяа нарт Монгол Улсын аварга малчны цол тэмдэг, Засгийн газрын өргөмжлөл, цомыг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймгийн Засаг дарга М.Батжаргал нар гардуулж, баяр хүргэлээ.
Б.Болдбаатар З дугаар ангийн сурагч байхаасаа аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1998 онд эхнэртэйгээ гэр бүл болж, эцэг, эхээс тасалж өгсөн 100 гаруй толгой малтай ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Өнөө жил тэднийх дөрвөн төрлийн 2400 гаруй толгой малтай, хангай, говь хосолсон нутагтаа тарган тавтай сайхан хаваржиж байна.
2008 онд аймгийн алдарт уяач, 2019 онд Алтан төлийн эзэн болж байсан Б.Болдбаатар “Мал дагасан хүн ам тосдоно гэдэг үнэн юм аа. Энэ сайхан цол, шагналыг хүртэж байгаадаа туйлаас баяртай байна. Ийм сайхан нутаг усыг өвлүүлэн үлдээж, мал маллах арга ухааныг зааж өгсөн аав, ээждээ, нутгийн зон олондоо баярлалаа. Залуу малчид минь мал маллахаас шантралгүй, тууштай маллах хэрэгтэй юм байна” хэмээн ярьж байна.
Гэргий Б.Золзаяа нь мөн л малч удамтай бөгөөд хүүхэд байхдаа нэгдлийн мал маллаж, аав, ээжээсээ мал маллах арга ухааныг сурсан ажээ. Бүсгүй хүний хувьд нялх төлийн дуу цангинасан хаврын улиралд илүү дуртай, ер нь малчин хүн жилийн дөрвөн улиралдаа жаргалтай байдаг гэж тэрбээр ярьсан юм.
Аварга Б.Болдбаатарынх сүүлийн жилүүдэд тооноос илүү чанарт анхаарч, Дорнод, Сүхбаатараас азарга, махны чиглэлийн бух, хониндоо Дорнодоос барга хуц авчирч тавьсан гэлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn