2022.03.22

Ц.Даваасүрэн: Залуу малчдын ахуй амьдралыг сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022.03.22/-ны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төслийг дэмжиж байна. Бид бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэхийг илүүд үзэх хэрэгтэй. Манай улсын ирээдүйн бизнесийн чиглэл нь органик хүнс байх болов уу гэж бодож байна. Органик бүтээгдэхүүн бол хамгийн үнэтэй хүнс. Тийм учраас манайх малаа эрүүл болгочихвол сүү, сүүн бүтээгдэхүүн, махаа гадны зах зээлд үнэтэй нийлүүлж болно. Нэг килограмм органик махны үнэ олон улсад дунджаар 100,000 төгрөг байна. Хүний уураг тархины гол тэжээл нь бэлчээрийн мал аж ахуйн өөх байдаг учраас  махны үнэ маш үнэтэй болж байгаа. Тиймээс бид бэлчээрийн чиглэлийн мал аж ахуйгаа л дагнаж хөгжүүлэх ёстой. Мөн малаа бодохоос гадна бас хүнээ бодох шаардлага тулгараад байна. Хөдөөгүүр залуу малчдын тоо нэлээн цөөрсөн. ХХААХҮЯ-наас залуу малчдыг урамшуулах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?

Малчид охин хүүхдүүдээ хот бараадуулж сургуульд сургахаар явуулж байна. Тохитой газар ирсэн хүүхдүүд хөдөө орон нутаг руугаа буцдаггүй. Нэг ёсондоо малчдын ахуйн соёлыг өөрчлөхөөс өөр аргагүй болж байна. Нөгөө талаар сумдын сургууль, цэцэрлэг, дотуур байрууд орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болчихсон. Тэгэхээр хүүхдүүд мөн л том болоод ариун цэврийн тийм л стандартыг шаардана. Үүнтэй холбогдуулан цаашид малчдын ахуйн орчинг өөрчлөх чиглэлд төлөвлөсөн ажлууд байгаа юу?

Энэ чиглэлээр малчдад зээл олгох, залуу малчдыг өвөлжөөн дээрээ орон сууцжуулах зэрэг дэмжлэг үзүүлэхгүй бол залуу малчдын тоо 10 жилийн дараа эрс цөөрнө.

Манай улс малаа вакцинжуулахад 100 сая доллар гаргаад, малын өвчлөлийг шийдчихэж болдоггүй юм уу? Малын өвчлөл хавтгайрахаар махаа гадаадын зах зээлд гаргах боломжгүйд хүрнэ. Вакцины үйлдвэр бариад малын цэцэг болон шүлхий өвчнүүдээс сэргийлэх бүтээгдэхүүнийг улс орондоо хийх боломжтой. Энэ чиглэлд танай яамны зүгээс ямар ажил төлөвлөж байгаа вэ?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.