2022.04.19
УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа Алтанбулаг суманд ажиллалаа
Алтанбулаг сумынхан маань хаврын их цэвэрлэгээгээ хийж, сумын сургуулийн 80 жилийн ойдоо бэлдэж өрнүүн их ажилтай байна. Ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзалт хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан тэдэнд тулгарч буй бэрхшээл, цаашид хамтран ажиллах асуудлуудыг ярилцлаа.
Өндөр настан Галсан, Должин, Цэндбаатар, Лхагвасүрэн, Амарбат гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, Соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс, сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Туул голын ай сав газар дахь лаг шаврыг цэвэрлэх, улмаар олон жил даамжирсан уг асуудлыг шийдвэрлүүлэх, өвөл зуны хүлэмжийн аж ахуй эрхлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг уулзалтад оролцогсод хэлж байв. Мөн сумын төв төдийгүй сумын дийлэнх газар нутгаар цөлжилт нэмэгдэж байгааг орон нутгийн удирдлагууд, иргэд онцлон хэлж сумандаа 25 мянган мод тарих санаачлага гарган ажиллаж байгаагаа хэллээ. Миний бие уг санаачлагыг нь дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн. Уулзалтад оролцогсод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдлын талаар санал сэтгэгдлээ хэлж, төр засгаас энэ асуудлуудаар бодлого шийдвэр даруй гаргахыг хүсч байв.
Цаг зав гарган уулзалтад оролцон, нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгсөн Алтанбулаг сумын иргэд сонгогчид, хариуцлагатай алба хашиж буй салбарын ажилтнууд, малчид Та бүхэндээ баярлалаа. Төв сайхан нутгаа хөгжлийн төв цэг болгохын төлөө хамтран ажиллая.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn