2022.08.19
Ногоочид түрээсийн төлбөр, нэмэлт хураамж өгөхгүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцож байна
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр тариаланчаас хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ.
Энэ жилийн хувьд нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 7 дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна.
Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.
Уг арга хэмжээнд жил бүр Булган аймгаас ногоочин, тариаланчид ирж оролцдог уламжлалтай. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй болсон нь үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдын хүрээ тэлэх боломжтой болж байна.