Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийв
2022.08.23

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийв

Тэрбээр мэдээлэлдээ, өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд 2021 онд 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн. Улсын хэмжээнд 2022 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 43 хоног, Аи-92 автобензин 28 хоног, Аи-95 автобензин 38 хоног, дизель түлш 30 хоног, ТС-1 онгоцны түлш 25 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэв.

“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 95.52 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 89.45 ам.доллар/баррель байгааг салбарын сайд тодотгохын зэрэгцээ өнгөрсөн 07 дугаар сар БНХАУ-ын эдийн засаг удааширч, газрын тос боловсруулах үйлдвэрийн гарц өдөрт 12.5 сая баррель болтлоо буурч, 2020 оны 03 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлттэй болсныг тус улсын Засгийн газрын мэдээлэлд нийтэлсэн. “ING” банк тус улсын 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг 4.4 хувь байсныг дөрвөн хувь болгон бууруулсан ба цаашид инфляцын өндөр байдал, удаан үргэлжилж буй “COVID-19” цар тахлын хязгаарлалт, ажилгүйдэл, экспорт зэргээс хамааран цаашид бууруулах боломжтойг тус банк анхааруулсан гэдгийг сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд 2022 оны 07 дугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллар, Аи-95 автобензин 1355 ам.доллар, Аи-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллароор тус тус нэмэгдсэн бол, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллароор нэмэгдэж 1230 ам.доллар болсныг онцолсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, 2022 оны 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензинийн хил үнийг тонн тутамд 840 ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрснээр 2022 оны 04 дүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан Аи-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнийг 2,390 төгрөг болгон тогтворжуулсан. 2022 оны 07 дугаар сард ОХУ-ын Роснефть компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензинийн үнийг тонн тутамд 830 ам.доллароор худалдан авах талаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан Аи-92 автобензинийн хил үнийг 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 хүртэл бууруулж, Аи-92 автобензинийн жижиглэнгийн үнийг литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломж бүрдээд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай” 160 дугаар тогтоолыг батлуулсныг Г.Ёндон сайд тодотгоод Засгийн газрын 2022 оны 160 дугаар тогтоолоор 2022 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр арилжааны банкнуудаас аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн үнийн дүнгийн 85 хүртэлх хувийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах, зээл олгуулах ажлыг Сангийн яам болон Монголбанк, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн.Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор дээр дурдсан 161 дүгээр тогтоолд заасан хугацааг сунгаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гэж өөрчилсөн гэв.

Дээр дурдсан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох ажлуудыг зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд өргөн хэрэглээний Аи-92 автобензинийн үнэ сүүлийн саруудад нэмэгдээгүй, тогтвортой байна гэж байлаа.

Салбарын сайдуудын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр Н.Наранбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс таван толгой” ХК-д Даланзадгадын дулааны цахилгааны станцын өвлийн хэрэгцээний 60 мянган тонн нүүрсний үнийг чөлөөлөх чиглэл өгүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ногоон эрчим хүчийг ашиглах зөв зорилготой эхлүүлсэн ажил буруу чиглэлрүү явж Монгол Оросын эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа бол асуудлыг өөрөөр авч үзэх ёстой. Энэ хүрээнд байгуулсан гэрээнүүдийг Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, салбарын яамтайгаа ярилцаж, энэ талын оролдлогоо зогсоохгүй байхыг хүсэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооноос чиглэл өгөхдөө Ашигт малтмалын тухай хуулийн талаарх төслөө яаравчлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хайгуулын лицензийг шилжүүлэх боломжийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад эрчим хүчний үнэ тарифт гар хүрэлгүй ирснээс болж энэ салбар хүнд байдалд ороод байна. Иймд УИХ үнэ, тарифын асуудалд тодорхой шийдэл гаргахгүй бол улсын төсвөөс эрчим хүчний алдагдлыг нөхөөд байвал энэ салбарын нөхцөл байдал цаашид улам амаргүй болно гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мэдээллийн хүрээнд тодорхой асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэгтгэж, Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай талаар Байнгын хорооны даргад танилцуулахаар тогтлоо

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn