Якуттай өвлийн аялал жуулчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо
2022.09.23

Якуттай өвлийн аялал жуулчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо

ОХУ-ын Бүгд найрамдах саха (якут) Улсын засгийн газрын төлөөлөгчидтэй өвлийн аялал жуулчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.

Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, хил орчмын аялал жуулчлал тэр дундаа байгаль, цаг уурын онцлогийг түшиглэсэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Тус улсад 12 дугаар сард "Өвөл Якутаас эхэлнэ" фестиваль жил бүр уламжлал болгон зохиогддог.

Энэхүү өвлийн улирлын арга хэмжээгээр дамжуулан Якутын ард түмний соёл, уламжлалыг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын гар урчууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг байна. “Өвөл Якутаас эхэлнэ” тус фестивалийн хувьд энэ жил 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа гэнэ.

Харин манай улсын хувьд, жил бүрийн гуравдугаар сард “Хөх сувд” мөсний баяр болдог. Энэхүү өвлийн улиралд зохион байгуулагддаг арга хэмжээгээр дамжуулан хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, харилцан сурталчлах нь бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэ шатанд гаргах боломж гэдгийг талууд уулзалтын үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023,2024 оныг зочлох жил болгон зарласан. Үүнтэй уялдуулан өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр шинэ бүтээгдэхүүн,үйлчилгээ, аяллын маршрут бий болгон хөгжүүлэх нь зуны аялал жуулчлалын чанарыг бэхжүүлэх, өндөр түвшинд хүргэх бодлогын дамжин өнгөрөх гүүр болох юм.

Хоёр орны байгаль, цаг уурын онцлогийг түшиглэсэн өвлийн аяллыг хөгжүүлснээр Монголын жуулчны улирлыг уртасгах, хүний нөөцийг барьж тогтоох, оролцогч ба хөгжүүлэгч талуудын ур чадварыг дээшлүүлэх, орон нутаг, иргэдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх улмаар олон улсын жуулчдын урсгалыг өвлийн улиралд Монголд татах, байршуулах, зочлох үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэх хэлбэрээр аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тиймээс цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бүс нутгийн хэмжээнд идэвхжүүлэх, хил орчмын хотуудад харилцан сурталчилгаа хийх, нислэгтэй болгох чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлж байлаа. Уулзалтад, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцлоо.

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ Улсын талаас

  • 1. Садовников Д.Д. БНСаха (Якут) Улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч, төлөөлөгчдийн тэргүүн
  • 2. Кириллин Г.В. БНСаха (Якут) Улсын Гадаад харилцаа, ард түмнүүдийн хэргийн сайд, төлөөлөгчдийн тэргүүний орлогч
  • 3. Сидорова В.И. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Якутск хот дахь төлөөлөгч
  • 4. Стручкова А.А. “Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Хөрөнгө оруулалтыг татах, экспортыг дэмжих агентлаг” Улсын төсвийн байгууллагын ерөнхий захирал
  • 5. Неустроев М.П. Якутскийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, FRC YaNC SB RAS, НПС Хоту-Бакт ХХК-ийн захирал, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор
  • 6. Бурнашев П.П. БНСаха (Якут) Улсын Гадаад харилцаа, ард түмнүүдийн хэргийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны газрын дарга
  • 7.Кириллов В.В. Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч даргын туслах
  • 8.Заболоцкий А.Е. Барилгын "АСКА Строй" ХХК-ийн ерөнхий захирал
  • 9.Сергеева В.П. “Якутск-Саха мэдээллийн агентлагийн сурвалжлагч нар оролцов.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,: Саха Якут Улсын нийслэл нь Якутск хот юм. Лена мөрний зүүн эрэг дээр байрладаг энэхүү хотыг анх 1632 оны 9-р сарын 25-ны өдөр Пётр Бекетов гэдэг хүн анх үүсгэн байгуулсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. 3103.2 мян.км² газар нутагтай Саха Якут Улс нь ОХУ-ын бүрэлдэхүүн дэх улсуудаас хамгийн том газар нутагтай бөгөөд 996 мянган хүн амтай ба Якут, Орос, Эвенк, Эвен, Украин, Татар, Буриад зэрэг үндэстнүүд зонхилон бүрдүүлдэг байна