“Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд 22 сум, тосгон, 89 багийн 14 мянга гаруй иргэдтэй уулзлаа
2022.09.25

“Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтын хүрээнд 22 сум, тосгон, 89 багийн 14 мянга гаруй иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УИХ-ын гишүүдээ төлөөлөн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Жаргалтхаан сумын Гичгэнэ, Баянцогт, Баян-Эрдэнэ, Чулуут багуудад Эргэх холбоо-52 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж, иргэдээ сонслоо.

Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн “Эргэх холбоо-52” иргэдээ сонсох уулзалтыг 8 сарын хугацаанд зохион байгуулж, аймгийн 22 сум, тосгон 89 багт ажиллаж, нийтдээ 14 мянга шахам иргэдтэй уулзалт хийж давхардсан тоогоор 736 санал хүсэлт, асуултад хариулж, иргэд сонгогчдоо сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг УИХ-д уламжлан ажиллаж байна. Уулзалтаар нийт багийн иргэддээ 2021 оны УИХ-ын намрын чуулган, 2022 оны хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, үйл ажиллагаа, Засгийн газрын онцлог шийдвэр, аймаг орон нутгийн төсөв, нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэн ажиллалаа.

Жаргалтхаан сумын уулзалтад сумын ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг дарга Л.Цэнгэл нар,  4 багийн 200 шахам иргэн оролцлоо. Багийн иргэдээ төлөөлж 12 иргэн төлөөлөн санал хүсэлтээ илэрхийлж, асуулт асуулаа. Онцолбол төв магистрал замд ойролцоо буусан малчдын мал авто машинд дайрагдан үрэгдэж байна. Хуулиндаа малаа дайруулсан малчид хариуцлага хүлээх болсон. Энэ асуудлыг судалж, тэмдэг тэмдэглэгээ тавихад анхаарч өгөхийг хүслээ. Мөн үүрэн холбооны сүлжээ тавихад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Тус суманд 320 суудалтай сургуулийн барилга, 50 ортой цэцэрлэгийн өргөтгөл, Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн хатуу хучилттай авто зам, шинэ суурьшлын бүсийг цахилгаан эрчим хүчинд холбох томоохон ажлууд хийж байна.