Монгол ноолуурын онцлогийг дэлхийд таниулна
"Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал
2022.10.06

Монгол ноолуурын онцлогийг дэлхийд таниулна

Монголын цагаан алт болох ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн уламжлалт бизнест инновац шингээж, шинэ уур амьсгалыг нэвтрүүлж буй “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Ариунжаргал ноолуурын хэрэглээ болон мөн чанарын талаар өөрийн бодлоос хуваалцав.

Дашрамд, тэрээр Дэлхийн эмэгтэй захирлуудын холбооны (WCD) гишүүн, “Forbes Mongolia” сэтгүүлээс гаргадаг “30 хүртэлх насны 30 шилдэг залуу” жагсаалтад багтаж байсан билээ.

“Anna Cashmere” брэнд нь Дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд ноолууран бүтээгдэхүүн экспортолж, Монгол ноолуурын дахин давтагдашгүй үнэ цэнэ, эдэлгээ болон хэрэглээний бат бөх чанарыг таниулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. 

Миний хувьд бага байхаасаа л аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Үлэмж кашимер” компанийн үйл ажиллагаанд оролцон ажиллаж ирсэн. Ноолуурын анхан шатны боловсруулалтыг хийж дотоод болоод гаднын компаниудад нийлүүлдэг тус компанийн үйл ажиллагаанд оролцож байх үеэсээ л нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргах зорилго тээж явсаар 2018 онд “Anna Cashmere” брэндийнхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байдаг. 

МОНГОЛЫН НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙГ НЭВТРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН НООЛУУРЫН ТЭРГҮҮЛЭХ БРЭНДҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨХ АЛСЫН ХАРААГАА ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД АЖИЛ ХЭРЭГ БОЛГОН, АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА. 

Хамгийн сайн түүхий эдээр чанартай, загварлаг бүтээгдэхүүн урлах нь “Anna Cashmere” брэндийн үйлдвэрлэлийн гол зарчим. Маш бага хэмжээгээр гардаг нарийн ширхэгт ноолуурыг тусгайлан бэлтгэн боловсруулж, ноолуур хэмээх тансаг ширхэгтийн үндсэн шинж чанарыг тодотгосон загвар, өнгө будгийн оновчтой шийдлээр баяжуулан урлагийн бүтээл төрүүлдэг нь манай брэндийн үнэ цэнэ, тансаг гэх зэрэглэлийг илүү тодотгох болов уу.    

Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 орчим хувийг Монгол улс дангаараа бүрдүүлэхийн сацуу ноос, ноолуураа боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн арвин их туршлага, арга барилтай үндэстэн юм.

Үүнийгээ ч дагаад “Anna Cashmere” брэндийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт процесс, арга ажиллагаа зуун хувь дотооддоо хийгддэг. Бид үйлдвэрлэлийн уламжлалт процесст инновац шингээснээр монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болно хэмээн харж байна. 

“ӨДӨР БҮР ӨМС” УРИАТАЙ “ANNA CASHMERE” ЭДЭЛГЭЭ ДААХ, ОРГАНИК ЧАНАРААР ЯЛГАРНА

Халууцна, бөөсөрнө, агшина, сунана гэх нийтлэг ойлголтууд жинхэнэцэвэр ноолууран бүтээгдэхүүнд байдаггүй юм. Эсрэгээрээ хэрэглээ болон эдэлгээ даах гайхалтай, бат бөх чанартай байдаг. Тийм ч учраас манай брэнд Дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын зах зээлд хүч үзэн, “ӨДӨР БОЛГОН ӨМС” хэмээн ам бардам уриалсаар ирсэн. 

Дашрамд ноолууран хувцас нь цусан дахь сахрыг хэвийн хэмжээнд байлгаж, эд эсийг энергээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг “Инсулин”-тай адилтган үзэх шинжлэх ухаанч ойлголт хүртэл бий. Энэ утгаараа хүний бие, организмд ээлтэй байдлаараа онцгойрон, ялгарах тусгай бүтээгдэхүүн гэж хэлмээр санагддаг. 

Царай төрх, бие галбирынхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгох нь чухал ч өнгийг орхигдуулж болохгүй. Өнгө нь дулаан ба хүйтэн гэж ангилагдана. Тухайн бүтээгдэхүүний хээ хуар, загвараас шалтгаалаад нүүртэйгээ хамгийн ойрхон өнгөөр зохимжоо харж болно. Ноолууран хувцас хэрэглэлд өнгөний тоглолтыг зөв хийж чадвал байгаагаас тань илүү залуулаг, эрч хүчтэй, эрүүл харагдуулдаг шидтэй.    

Тансаг зэрэглэлийн “Anna Cashmere” брэндийн бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг үйлчлүүлэгчдэдээ зориулан “Central Tower”-т шинэ салбар нээснээ дуулгахад таатай байна. Бид өмнө нь “VIP Show Room” хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг байсан.

Бараа бүтээгдэхүүн худалдан авах эсвэл бүтээгдэхүүнтэй танилцах хүсэлтэй үйлчлүүлэгчид маань урьдчилж цаг авснаар ирдэг байсныг дэлгүүрийн горимд ийн орууллаа. Ингэснээр үйлчлүүлэгчид маань илүү тав тухтай, цагийн хязгаарлалтад санаа зоволгүйгээр үйлчлүүлэх юм. Шинэ салбар нээхийн зорилго нь борлуулалтаа өсгөж бүтээгдэхүүнээ зарахад голчлох бус үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бодсон хэрэг.