Сансрын холбоог орон зай үл харгалзан орон даяар хүргэнэ


4 минут уншина
Сансрын холбоог орон зай үл харгалзан орон даяар хүргэнэ

Мэдээллийн эрин зуун гэж нэрлэгдэж буй энэ цаг үед Монгол улсад хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлэн эх орныхоо өнцөг булан бүрд мэдээллийн технологийн шинэ хэрэглээг үзүүлж буй “Монголсат Нэтворкс” ХХК-ийн Ерөнхий захирал Намширын Бумчинтай ярилцлаа. 

-Технологийн хурдтай хувьсгалын цаг үед “Монголсат Нэтворкс” компанийн ард иргэдэд хүргэж буй үйлчилгээ болон компанийн үүсэл хөгжлийн талаар ярилцлагаа эхлүүлье. 

Сансрын холбоо “сансарт” байхаа больсон. Учир нь “Монголсат нэтворкс” ХХК нь сансрын холбооны бүх үйлчилгээг Монголчууддаа үзүүлэх боломжтой болсон. Дэлхий дээр харилцаа холбооны хөгжлийн үр шимийг хүртэж, дэвшингүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа мянга түмэн хүн байгаа ч, шилэн кабель татаагүй, шонгийн мод эгнүүлээгүй газар нутагт оршин буй олон мянган өрх байна. Монгол улсад ч утас, интернетийн сүлжээ хүрэхгүй газар нутаг бий.

Иймд өргөн уудам нутагтай, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2012 онд анх “Исатком” компанийг үүсгэн байгуулж байлаа. Бизнес эрхлэх, шинэ үйлчилгээ хөгжүүлэх, иргэддээ хялбар хэрэглээг хүргэх гэж олон шат дамжлага, бэрхшээлийг даван туулсаар 2018 онд телевизийн олон суваг дамжуулах зорилго бүхий “Монголсат Нэтворкс” ХХК-ийг эзэмшиж, “Исатком” компанитайгаа хоршуулсан.

Ингээд сүлжээгүй газар интернет, телевиз, суурин утасны үйлчилгээг нэгтгэн үзүүлэх ажлаа эхлүүлсэн юм. Энэ хугацаанд сансрын холбооны интернетийн үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн 1000 гаруй албан байгууллага, үүрэн холбооны 3G, 4G үйлчилгээг 700 гаруй хэрэглэгчдэд үзүүлсэн.

-Үйл ажиллагаа нь хэр өргөжин тэлж байна вэ? Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудаас танай компани юугаараа онцлог вэ? 

Манай компани Засгийн газрын шийдвэрийн дагуу эх орны өнцөг булаг бүрд амьдарч байгаа, бүх айл өрхөд өргөн нэвтрүүлгийн 23, радиогийн 5 сувгийг үнэ төлбөргүйгээр үзүүлэх үүргийг дангаараа хүлээн ажилладаг. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээний хэрэглэгчдэдээ дотоодын болон гадаадын 100 гаруй телевиз, радиогийн сувгийг хамгийн хямд өртгөөр, чанартай хүртээмжтэй, хариуцлагатай хүргэж байна. Үүнээс гадна хэрэглэгчдэдээ зориулж кино багцын үйлчилгээ бүхий төлбөртэй кино сувгуудыг нээн хүргэж байгаа юм.

Нийслэл хот руу сургуульд явсан хүүхэдтэйгээ сард нэг удаа сумын төв орж дүрст дуудлага хийдэг аав ээж нартай олон удаа таарч байлаа. E-Mongolia төрийн үйлчилгээнээс бичиг баримт, тодорхойлолт авах гэж сүлжээтэй газрын үзүүрт мотоциклтойгоо ирэн, интернет ордог иргэдтэй ч олон таардаг. Иргэд маань өөрсдөө нарийн тооцоо хийхгүй, зайлшгүй шаардлагатай учраас ингэж явдаг болохоос яг үнэндээ суурин газарт авч байгаа хүний хэрэглээг тэд илүү зардал гаргаж хүртэж байгаа нь харамсалтай санагддаг.

Тиймээс тэдэнд зориулж НҮҮДЭЛ” үйлчилгээг гаргасан. Уг үйчилгээгээр хиймэл дагуулын антенаа гаднаа тавиад, өндөр хурдны интернетээ хэрэглээд, зурагтаараа 100 гаруй сувгаа үзээд, утсаараа ярих боломжийг Монголын бүх айл өрхөд олгож буй. Мэдээж хиймэл дагуулын үйлчилгээ учир зардал өндөр гарч байгаа ч хэрэглэгчийнхээ хүртээмжийг улам сайжруулж, хямд өртөгтэй болгохоор хичээн ажиллаж байна.

Монгол Улс цахим үндэстэн болох алсын хараа тавин, дэлхий нийттэй хөл нийлэн алхахаар зорьж буй энэ цаг үед манай компани харилцаа холбооны салбар дахь хот хөдөөгийн ялгааг арилгах, алс хязгаар нутагт амьдран сууж буй иргэдийг төв суурин газрын иргэдтэй адил төрийн болон бусад бүх үйлчилгээг шууд авах боломжоор хангаж өгөхөөр хичээн ажиллаж байгаа нь дэвшил юм.

Түүнчлэн бид  Монголчуудыгаа эх орондоо болон дэлхийн  хаана ч явсан дотоодынхоо телевизийн сувгуудыг чөлөөтэй үзэх, шинээр гарч байгаа кино контентуудыг эх орондоо байгаа юм шиг хүлээн авч үзэх боломжийг олгохын тулд “МОТВ”аппликейшнийг хэрэглэгчдэдээ хүргээд байна. “МОТВ”интернет дэмждэг бүх төхөөрөмжөөс хандах боломжтой.

Өөрөөр хэлбэл утас, таблет, ухаалаг зурагт болон компьютерээс вэбээр дамжин орох боломжтой гэсэн үг.  Энэхүү аппликейшн нь Монголсатад байдаг бүх ТВ сувгуудыг болон кино багц, видео сангийн үйлчилгээ үзүүлдэг Монголын хамгийн хямд төлбөртэй аппликейшн юм.

-Аль ч салбарт өрсөлдөөний үндсэнд үйл ажиллагаа явуулдаг. Зах зээл, бараа бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн өрсөлдөөн зэргийг хэрхэн даван туулж ажилладаг вэ? 

Монгол улс хиймэл дагуулгүй учраас гадаадаас сансрын хиймэл дагуул түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл хиймэл дагуулын компанийн тогтоосон тарифаар үйлчилгээ авдаг гэсэн үг. Ингэхдээ төлбөрөө АМ.ДОЛЛАРААР төлдөг учраас ханшийн зөрүүнээс шалтгаалж үнийн хувьд үүрэн холбоотой харьцуулахад өндөр байдаг.

Гэхдээ нууцлал сайтай, алс холоос гаргадаг зардлыг давсан үйлчилгээг үзүүлдэг учир Монгол орон даяар бүх хүмүүстээ хүргэх үүднээс техник, технологио жил бүр өөрчлөн сайжруулж 2020 онд ХАБ-аа шинэчилсэн. Ингэснээр нэг хэрэглэгч дээр өндөр хурд гарах бололцоотой болсон юм.

Хуучин 1.2-1.8 см том антентай байсан бол одоо 65, 75 см-ын антеныг 12 вольтоор ажиллуулж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангаж болно. Сүлжээгүй газар үйл ажиллагаа явуулдаг аялал жуучлал, уул уурхайн компаниуд ч манай компанитай хамтран ажиллаж харилцаа, холбоо, мэдээллийн асуудлаа шийдэж, олон үйлчилгээг авахад нээлттэй.

Хиймэл дагуулын төлбөрийг ам.доллараар төлдөг учраас ханшийн зөрүүнээс шалтгаалж үнэ маш их хөдөлж, өөрчлөгдөж, эрсдэл үүрч ажилладаг.

-Танай компанийн цаашдын алсын хараа юунд оршиж байгаа вэ?

Одоогийн байдлаар манай компани нийт 50 гаруй ажилтантай. Бүх аймаг, сумдад борлуулагчтай. Чадварлаг бүрэлдэхүүнээр мэдээлэл, технологийн салбарт сансрын холбооны бүх үйлчилгээг суурьшуулан мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн “MoТв” контентын үйлчилгээгээр кино урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийгээд явж буй.

Цаашид дөрвөн төлбөрт сувгийн үйлчилгээ болон арилжааны телевизийн суваг нээх зорилготой байгаа билээ. Харилцаа холбоо, интернет нь хүний анхдагч хэрэгцээний нэг болсон энэ цаг үед малчны хотноос дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг “Монголсат Нэтворкс ХХК” олгож байгаадаа бахархаж байна.