Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна
2010 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт УИХ гаргасан билээ.
“Гишүүн бүрийн саналын дагуу, сонгогдсон тойргуудад нь хөрөнгө оруулалт хийх нэрээр мөнгө баталж байгаа энэ байдлыг цаашид дахин гаргуулахгүй байх талаар Та анхаараарай. Энэ байдал ирэх жил дахин давтагдаж болохгүй. Орон нутаг, аймаг нийслэлийн хурал дээр төсвийн ийм хуваарилалт хийхийг давтах яриа гарах ёсгүй. Энэ бол буруу жишиг. Бид цаашдаа төсвийн бодлогод шинэчлэл хийж, санхүүгийн эрх мэдлийг орон нутагт нь, ард иргэдэд нь өөрсдөд нь өгдөг тийм зам руу явах ёстой. Одооноос УИХ үүн дээр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна” гэж Ерөнхийлөгч, Их хурлын даргад хандаж хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэвээр үлдээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа халамжийн бодлогуудаас хамгийн зөв нь, хүүхдээр дамжиж олгогдож байгаа хамгийн шударга хуваарилалт, ирээдүйд хийж буй бодит хөрөнгө оруулалт юм. Ийм учраас УИХ энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, хүүхдийн мөнгийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэж тэрээр хэллээ.
Ерөнхийлөгч өнөөдөр мөн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарыг дуудаж уулзан хүүхдийн мөнгөний бодлогыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.