Сумдын хилийн цэсийн маргааныг хуулиар цэгцэлж өгөхийг уламжлав
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд тойрогтоо ажиллаж байгаа билээ.
Тэрээр ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт Хэрлэн сумын нэгдүгээр /Хэрлэн/ багийн 90 гаруй иргэдтэй уулзаж, тэдэнд УИХ-ын үйл ажиллагаа, Засгийн газрын онцлог шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх гол бодлого, зорилтуудын талаар мэдээлэл хүргэв.
Уулзалтад оролцсон иргэд, малчдын төлөөлөл ХХААХҮ-ийн дэд сайдыг орон нутагт, багт ажиллаж байгаад талархаж, амжилт хүслээ. Нийт 10 хүн давхардсан тоогоор 26 асуулт асууж, санал уламжилснаас онцолбол:
-Малыг ээмэгжүүлэх зорилтот ажил хөрсөн дээрээ буудаггүй, орлого олох хэрэгсэл болсон, малчдыг өвөлжөөндөө худаг гаргахгүй гэсэн зохицуулалт яригдаад эхэллээ. Цагаан идээг экспортлох асуудлыг хэрхэх вэ, вакцинтай мах зах зээлд борлуулж байгаа асуудалд хэн хяналт тавих вэ, арьс шир, ноолуур, ноосонд урамшуулал өгснөөс дотоодын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хогон дээр хаягдаж байгаа дайвар бүтээгдэхүүн, арьс ширээ боловсруулах чиглэлээр салбарын яамнаас ямар ажил зохион байгуулж байгаа талаар тодрууллаа. Мөн махаа экспортонд оруулах, малын ясыг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Ясыг экспортод гаргаснаар наад зах нь товч болно бодлогоор анхаараарай хэмээж ХХААХҮ-ийн дэд сайдад саналаа уламжлав.
Үүнчлэн хууль тогтоомж, аймаг, орон нутгийн ажилтай холбогдуулан Газрын шинэчилсэн хуулийг хавар хэлэлцэнэ. Сумдын хилийн цэсийн маргааныг хуулиар цэгцэлж өгөөч. Тэтгэврийн хэмжээг өөрчлөх индекс /индексжүүлэн нэмэгдүүлэх/ уялдаагүй, нийгмийн даатгалын хууль хэлэлцэхэд эргэж хараарай. Инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх зохицуулалт хэрэгтэй. Эрүүгийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан албан тушаалтнуудын өмнө нь үйлдсэн, улсаа тонон дээрэмдсэн хэргүүдийг яах вэ зэрэг асуултуудыг асууж холбогдох саналаа хүргэв.