УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд гүйцэтгэсэн ажлаа тавдугаар сард дахин тайлагнана
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагуудын иргэдтэй уулзах уулзалт дөрөв дэх өдрөө боллоо.
Өнөөдрийн уулзалт 29, 37-р хорооны иргэд сонгогчидтой хийснээр эхэлсэн. Уулзалтын үеэр иргэдийн санал бодлыг сонсож, тодорхой хариултуудыг өглөө.
Бид бүтээн байгуулалтын талаар болон хороо тус бүрд нийтлэг тулгамдаж буй асуудлуудын санал, хүсэлтийг аман болон бичгийн хэлбэрээр иргэдээс хүлээн авч нэг бүрчлэн хариуг албан ёсоор буцаан өгч байна.
Өнөөдрийн уулзалт 18, 38, 32 дугаар хорооны иргэдтэй уулзсанаар өндөрлөх юм.
Хороо тус бүрийн амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалж дэд бүтэц, нийтийн байрны гадна фасад, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай талаарх олон талт байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд уулзалтын хүрээнд хөндөгдсөн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, нэгж бүр дээр засаж залруулах, шинэчлэн бүтээн байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан ажил хэрэг болгон иргэдэд тавдугаар сард дахин тайлагнахаар болов.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд нэг баг болон хамтарч ажилласны хүчинд 2016 оноос хойш хөрөнгө оруулалтын маш олон ажлыг СХД-т хийж буй.
Үүний үр дүнд дүүргийн маань 90 гаруй хувь бүтэн гэрэлтүүлэгтэй болж, сургууль цэцэрлэгийн хүртээмж мөн адил 90 гаруй хувьтай шийдэгдээд байна. Одоогийн байдлаар хороодод шинэ автозам, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Толгойт дэд төв, Толгойт бүсэд шинэ эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөсөн.