Баянгол дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн шилдгүүд тодорлоо
Нийслэлийн хэмжээнд "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дүүрэгтээ авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шагналт байрт шалгарсан багууд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдог.
Тэгвэл Баянгол дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд зургаан цэцэрлэгийн 180 хүүхэд оролцож, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 157 дугаар цэцэрлэгийн баг Баянгол дүүргийн “АВАРГА”-аар шалгарлаа. Дэд байрыг 57 дугаар цэцэрлэг, гутгаар байрыг 13 дугаар цэцэрлэг эзэлж, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Энэхүү тэмцээнийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр дэмжиж оролцдог уламжлалтай. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирж, эхний гурван байрт шалгарсан бяцхан хүүхдүүдэд өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.
Тэрбээр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Та бүхэн бол дүүрэгтээ манлайлал болсон хамт олон. Хүүхдийнхээ бие бялдрын өв тэгш хөгжил, зөв төлөвшил, багаар ажиллах ур чадварыг эзэмшүүлэхийн төлөө хамтдаа нэгдэж, тэмцээнд оролцож байгаа зургаан цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, эцэг эхчүүдэд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн хүүхдүүддээ удахгүй болох Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргийнхээ нэрийг дуурсгаж, аварга болохыг ерөөе” гэв.