Б.СЭМЖИДМАА:

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР НЬ ХҮН БАЙДАГ


16 минут уншина
Б.СЭМЖИДМАА: УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР НЬ ХҮН БАЙДАГ
Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн ИТХ-ын дарга

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Баяртулгын Сэмжидмаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын цөөхөн эмэгтэй удирдагчдын нэг. Тэр тусмаа Баянгол дүүрэг хэмээх их айлын ИТХ-ыг тэргүүлж буй.  Хийж хэрэгжүүлж байгаа ажил нь ч олны нүднээ ил, нээлттэй улс төрч, зоримог, эрч хүчтэй түүнтэй  ярилцахад яалт ч үгүй боловсролын салбар, хүний хөгжил гэсэн маш чухал хэрнээ шийдэл, хөгжлөө хүлээж  буй сэдвийг тойрсон амьд бөгөөд эрчтэй яриа өрнөсөн. Өөрөө багш хүн болохоор яалт ч үгүй энэ сэдвийн талаар ярихад дуусашгүй басхүү хийсэн ажил нь ч чамгүй их билээ. 

Ярих зүйл их учраас энэ удаад амттай яриаг бага зэрэг товчлон  хүргэж байна.  Түүний дараа дараагийн ажил, шинэ мэдээлэлтэй уншигч та бид үргэлжлүүлэн танилцах боломж олдох буй за.    

 -Та бол орон нутгийн удирдлагын цөөхөн эмэгтэй удирдагчдын нэг, улс төрчийн хувьд ч харьцангуй олонд танигдсан. Хийж, хэрэгжүүлж буй ажил тань олонд ил, ойлгомжтой байдаг. Тийм учраас  энэ удаад хүний хөгжлийн асуудлаар голчлон ярилцъя гэж бодлоо. Тэр тусмаа та саяхан ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ  ОНЦЛОХ ХҮН-ээр өргөмжлөгдсөн шүү дээ.  

-Баярлалаа. Анх ийм шагнал олгоход бага зэрэг гайхаж сандарсан. Тэгээд эргээд бодохоор багш мэргэжилтэйн хувьд, эмэгтэй хүн, ээж хүн, улс төр нийгмийн чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд яалт ч үгүй хүний хөгжлийн чиглэлд илүү анхаардаг, зүрх сэтгэлээ зориулдаг учраас их урам авсан.  Манай ИТХ-ээс энэ жилийг Хүний хөгжлийг дэмжих жил болгосон нь цагаа олсон чухал шийдвэр болсон. Сүүлийн 30 жилд академик боловсролд түлхүү анхаарч хүний хөгжлийн чиглэлийн ажлыг орхигдуулсанд хувьдаа эмзэглэж явдаг. Академик боловсрол мэдээж чухал ч хүн мянга сайхан боловсролтой эзэмшээд хувь хүнийх нь хөгжил, хүмүүжил, төлөвшил доголдолтой бол тэр боловсролыг зөв зүйтэй ашиглаж чадах уу? Үгүй юу? гэдэг эргэлзээтэй.

Улс орны хөгжил хувь хүний хөгжлөөс эхлэлтэй. Аливаа улс орон өндөр шилэн барилга, байшин сүндэрлүүлснээр хөгжлийг илтгэдэггүй харин хүнээ хөгжүүлснээр улс хөгждөг. Улс орны хөгжлийн түлхүүр нь хүн байдаг.

  -Нэг хэсэг охидын боловсролд илүү анхаараад хөвгүүдээ орхигдуулчихаж гэсэн шүүмж хүчтэй байсан. Түүнээс өмнө ч монголчууд боловсрол эзэмшсэн байдал, бичиг үсэгт танигдсан хувь гэх мэт академик боловсролын талдаа дажгүй үзүүлэлттэй байсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар бол ямархуу дүр зураг танд харагдаж байна вэ? 

Монголчуудын бичиг үсэг тайлагдалт дэлхийд 11, IQ үзүүлэлтээр 12-т жагсаж байгаа ч боловсролын чанараар 101-т байдаг.  Ихэнх хүмүүс нь дор хаяж нэг дээд сургууль төгссөн, стандарт боловсрол эзэмшсэн байдаг. Охидын боловсролд ч их анхаардаг байсан нь үнэн. Өөр дээрээ жишээлээд хэлэхэд намайг ч гэсэн хоёр ахаас минь илүү боловсролын тал дээр анхаарч хүмүүжүүлсэн санагддаг.  Энэхүү судалгаанаас харахад хувь хүний хөгжилд чиглэхдээ  СӨБ, ЕБС-ийн хүүхдүүдийнхээ төлөвшилд анхаарч ажиллах цаг ирсэн.

Хүн ер нь БИ гэсэн үзэл хандлагаа орхих хэрэгтэй. Монголчууд спортод ганцаарчилсан төрөлд илүү амжилт гаргадаг. Тиймээс олуулаа, хамтаараа, багаараа ажиллах соёлд төлөвшлийг анхаарах цаг болсон. Хүүхдийн хүмүүжилд ч багш, эцэг эх, сургуулийн удирдлага хамтаараа анхаарч байж сая үр дүнд хүрнэ.

Бид эрх гэж ярьж байгаа ч үүрэг гэдгээ анхаардаггүй. Үр хүүхдээ зөвхөн багшид даатгах бус, яаж ЗӨВ ХҮН болох, яаж БИД гэсэн хандлагыг төлөвшүүлэх вэ? гэдэгт онцгой анхаарах ёстой болсон байна. Нэг үеэ бодвол сурах боловсрох орчин нөхцөл сайжирсан байна. Ганцаарчилсан эрдэм боловсролд хүн болгон суралцаж байна, хичээж байна, академик боловсрол ч сайжирч байна.  

Глобалчлагдаж буй энэ нийгэмд үр хүүхэд, ирээдүйгээ хүн байх ухаанд сургах, эх оронч, бусдын сайн сайханд анхаардаг, баг, хамтаараа байх зарчимд сургахад л анхаарах цаг яалт ч үгүй тулгараад байна.

-Баянгол дүүргийн хувьд сургууль, цэцэрлэг дутагдалтай, хүрэлцээ муутай гэх мэт саяхныг хүртэл шүдний өвчин байсан асуудал харьцангуй шийдэгдсэн, өөрөөр хэлбэл, “ахуй”-н асуудал харьцангуй дээрдсэн гэж ойлгож байгаа. Одоо тулгамдаж буй гол бэрхшээл юу байна? 

-Баянгол дүүрэг төдийгүй улсын хэмжээнд цэцэрлэгийн гадаа оочирлодог, хүүхдүүд гурван ээлжээр хичээллэдэг, сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй байсан асуудал харьцангуй шийдэгдсэн. Чамлахааргүй ахиц дэвшил гарч байгаа үүнийг дагаад хувь хүний хөгжил, төлөвшилд анхаарч ажиллах цаг ирсэн. Багш нарынхаа хөгжил, нийгмийн асуудлыг дэмжиж,  олон улсын стандартад нийцсэн чанартай боловсролыг эзэмшүүлэхийн зэрэгцээ, хүүхдэд эерэг хандлага, харилцааг төлөвшүүлэх нь амин чухал асуудал болоод байна. 

Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол Хүүхдийг маань загнаж уу?, хоолыг нь өгч байна уу? Гэдгээс илүү юу сурч мэдсэн, хэрхэн яаж амьдралд хэрэгжүүлэх талаар ярилцах нь чухал. Хүүхдийг зөв төлөвшүүлэхэд эцэг, эх, багш, сургуулийн удирдлагуудтай нягт уялдаа холбоотой ажиллах нь чухал байдаг. Багш нар маань өнөөдөр ар гэр, ахуй амьдралаа орхиод чадлаараа шахуу программаар хичээллэж байгаа нь хүүхдүүдтэйгээ тулж ажиллах  боломж дутагдалтай  байдаг.

Удахгүй шинэ боловсролын хөтөлбөр батлагдах гэж байна.  Хүүхэд болгон математикч, физикч болох албагүй. Ерөнхий суурь мэдлэгийг тэгш хүртээмжтэй олгоод, тухайн хүүхдийн хүсэл сонирхол, ур чадварт нь үндэслэн сургахаас гадна  хүний хөгжилд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах нь чухал юм. Энэ мэтчилэн боловсролын салбарт хийх зүйл их байна. Цаашилбал татварын тодорхой хувийг зөвхөн боловсролын салбарт хуульчилж өгөх нь зүйтэй юм. Солонгост нийт татвар төвлөрүүлэлтийн 21 хувийг боловсролын салбарт зарцуулдаг юм байна. 

-Харин Монголд хэдэн хувийг боловсролын салбарт зарцуулдаг юм бол? 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Харин Япон, Солонгос, Сингапур манайх шиг газрын баялаггүй атлаа хөгжиж чадсан. Тэдний баялаг нь хүн, хүний хөгжил  Монголд ч гэсэн  улсын баялаг хүн л байх ёстой. Хүүхдийн хүмүүжил боловсролд анхаарч ажиллаж буй багш нарын цалин хангамж нь хүрэлцээтэй, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэж, нийгмийн асуудлыг дэмжин ажиллах чухал юм. Манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбарыг авч яваа багш, эмч нарын нийгмийн асуудлыг орхигдуулснаар тухайн мэргэжлийн үнэлэмж буурч , ажлаа орхих , тус мэргэжлээр сурч, ажиллах хүсэл сонирхолгүй байгаагаас харахад цаашид бид бодлого, шийдвэр тодорхойлж, хуулийн төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Багшийн цалин хангамж, ажиллах нөхцөл бололцоо, нэр хүнд өндөр байхад боловсролын чанар аяндаа сайжирна. 

-Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр яг бодитой ямар ажил хийх шаардлагатай байна гэж та харж байна вэ, мэргэжлийн хүний хувьд. Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр нэлээд олон ажил хийсэн гэж сонссон учраас танаас илүү дэлгэрүүлж асуумаар байна л даа? 

Засгийн газрын бодлого хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд үүнд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийг хэрэгжүүлэх ажлууд шат дараатай явагдаж байгаа. Боловсролын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг чанаржуулах, залуу багш нарыг бодлогоор дэмжих, түрээсийн болон ипотекийн орон сууцанд хамруулах боломж бүрдүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд анхаарах, сурах бичгийн агуулга, уялдаа холбоог сайжруулах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 Энэ утгаараа багшийн хөгжлийг дэмжихэд нэлээд анхаарч ажилласан. Манай Баянгол дүүрэг 21 ЕБС, 2700 орчим багштай. Бүх сургуулийн сургалтын менежер, 100 гаруй багшаа гадаадад туршлага судлуулж, 500 багшид гадаадаас багш урин авчирч сургалт явуулж, ажлын байран дээрээ сурч хөгжих боломж олголоо. 

-ИТХ-ын дарга  болоод 104 багшийг Япон, Солонгост боловсролын салбарын чиглэлээр туршлага судлуулсан гэсэн. Зардал мэдээж өндөр байх? 

-Төсвийн нэг ч төгрөг зарцуулаагүй. Зөвхөн гэр бүл, найз нөхөд, хамтарч ажилладаг байгууллагууд, хамтын ажиллагааны дэмжлэгээр зохион байгуулсан ажил.  Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн  их үр дүнтэй ажил болсон гэж бодож байна.  Багш нар маань их мотиваци авсан, ийм туршлага хэрэгжүүлж болох юм байна гэсэн урам зориг авсан. 

Өнгөрсөн онд дүүргийнхээ 21-н сургуулийн, 21-н сургалтын менежерийг Өмнөд Солонгост туршлага судлуулсан. Стандарт боловсрол олгохын зэрэгцээ яаж зөв хүн болгож төлөвшүүлэх, хүүхдүүдийг өөрийг нь өөрөөр нь яаж хөгжүүлэх вэ, сүүлийн үеийн менежментийн туршлагууд хэрэгжүүлж байгаа зэргийг өөрсдөө биеээр очиж судалсан менежерүүдэд маш хэрэгтэй, нүдээ олсон сургалт болсон гэж бодож байна.   

Сургалтын менежерүүд маань ч маш их сэтгэл хангалуун “Багш нартаа ийм сургалт явуулах ёстой юм байна” гэсэн хүсэлтийн дагуу гадаадаас мэргэжилтэн багш нарыг урьж 500-аад багшид PPL хөтөлбөрийн сургалтыг явуулсан. Таван сургуульд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Миний дээр хэлсэн яаж зөв хүн болгон төлөвшүүлэх, хамтдаа хөгжих ямар боломж байгааг эрэлхийллээс үүдсэн нэлээд бодитой хийгдсэн ажлуудаа би энд танилцуулж байна. 

Энэхүү гадаадын өндөр хөгжилтэй улс орны боловсролын системтэй багш, сургуулийн мэргэжилтэнгүүдийг биечлэн очиж бодит нөхцөл байдалтай танилцах нь  багш нарыг бодитоор дэмжин, хөгжүүлэхэд маш үр дүнтэй ажил болсон гэж дүгнэж байна. Тийм ч учраас боловсролын салбарт иновацийн дэвшилийг авчрахын тулд энэхүү ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ. 

Б.Сэмжидмаа Баянгол дүүргийн ИТХ-ын дарга

-Баянгол дүүргийн ИТХ-ын даргын тань хувьд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаас тань сонирхмоор байна. Та нийслэлдээ бол ИТХ-ын ганц эмэгтэй дарга нь байх аа?

-Төвийн зургаан дүүрэгтээ бол ганц. Багахангай, Налайх дүүргийн ИТХ-ын дарга нар эмэгтэй. Есөн дүүргийн  ИТХ-ын гурав нь эмэгтэй даргатай. Баянгол дүүрэгтээ бол ИТХ-ын анхны эмэгтэй дарга. 

-Ер нь анзаарахад эмэгтэй удирдлагууд илүү нийгмийн мэдрэмжтэй, сэтгэлтэй ажилладаг шиг санагддаг? 

-Миний хичээж баримталдаг зарчим бол би дараа, дараагийнхаа эмэгтэйчүүдэд боломж олгохын тулд би зөв, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Хүний хөгжил, боловсрол, нийгмийн асуудалд түлхүү анхаарах ёстой гэсэн зарчим баримталдаг. Манай Баянгол дүүргийн 41 төлөөлөгчөөс 10 нь эмэгтэй. Бид Эмэгтэйчүүдийн зөвлөл анх удаагаа байгуулсан. Манай Эмэгтэйчүүдийн зөвлөл миний чиний, манай танай гэж улстөржих бус дүүргийнхээ төлөө яаж нэг зүгт харж, нэг зорилготой ажиллах вэ гэдгээ харуулахын төлөө ажиллаж чаддаг.

-Танай дүүргийн ИТХ маш сонирхолтой бүтэцтэй, МАН, АН, Хүн нам төлөөлөлтэй?

-Тийм ээ.  Эмэгтэйчүүдийн сэтгэл зүрх үргэлж хүний төлөө, бусдын сайн сайхны төлөө л байдаг. Тэр ч утгаараа гэр бүл, ажиллах нөхцөл, орчин тойрноо тав тухтай байлгах чиглэлийн олон ажлууд хийж, цаашид ч хийхээр төлөвлөж олон ажлууд байгаа. Дүүргийн ИТХ-ын дарга давхар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг ахалж ажилладаг. Анх ажлаа аваад зүрх зүсэм статистиктай тулгарч, үнэхээр сэтгэл эмзэглэж байсан учраас хамгийн анхны тогтоолоороо “Түр хамгаалах байр” бий болгож хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж эхлүүлсэн. Хэн нэгэн хүүхэд Түр хамгаалах байранд хоргодохоос өөр аргагүй болно гэдэг өөрөө сэтгэл эмзэглэх асуудал. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг манай цагдаагийнхан, Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийнхэн хүлээж авсан ч дүүрэг дээрээ асуудлыг шийдэх боломжгүй, тэднийг хамгаалах байр байхгүй, байцаагч, нийгмийн ажилтан нь хажуудаа байлгаж байгаад эргээд л нөгөө аюултай орчин руу нь буцаахаас өөр аргагүй болдог байсан. Одоо улсын жишигт нийцсэн, сайн байртай болсон. Өнөөдөр энэ байранд тогтмол хүн ирж байна. Гэхдээ энэ тоо багасаасай, бүр ирэх хүнгүй байгаасай гэж би эмэгтэй хүнийхээ хувьд хүсдэг.

-Гэснээс сая энэ нэгдүгээр давхарт хөөрхөн хүүхдийн өрөө харагдах шиг болсон? 

-Бид нийт ажилтан, албан хаагч нарынхаа хүүхдэд зориулсан 50 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг байгуулсан бөгөөд тун удахгүй хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болоод байна. 

-Ёстой сайхан санаа байна. Замын түгжрэл хэцүү энэ үед ажлаа тараад хүүхдээ авах гэж яаран сандран гүйх, түгжрэх, хүүхдээ аваад харьсаар байтал шөнө дөл болох, эсвэл ажил оройтож тарлаа гэхэд хүүхдээ хэрхэх вэ гэдэг маш том асуудал хэн бүхэнд тулгардаг асуудал шүү дээ? 

-Энэ нь эргээд миний ярьдаг хүний хөгжлийн асуудалтай холбогдоно. Өглөө ажилдаа ирэхдээ хүүхдээ дагуулж ирээд, орой тарахдаа хүүхдээ аваад харина гэхээр энд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ч амгалан тайван байна. Хүүхэд гэр бүлдээ гаргах цаг зав, боломжтой болно. 2022 онд бид Эцэг, эхчүүдийн чуулган зохион байгуулж, байгууллага бүр Эцэг эхчүүдийн зөвлөлтэй болох уриалга гаргасан. 

Дүүргийн зүгээс бүх байгууллагууд дэргэдээ Эцэг эхийн зөвлөлтэй болох, гэнэт хүүхдийнхээ сургууль цэцэрлэг дээр очих, эмнэлэгт үзүүлэх хэрэг гарлаа гэхэд Эцэг эхийн зөвлөл түүнд туслаад ажлыг нь зохицуулах, таны хэлсэнчлэн гэнэтийн ажил гарах үед юм уу, хүүхдээ сургууль цэцэрлэгээс нь авсан ч харах хүнгүй байх үед хүүхдээ байлгах Хүүхдийн өрөөтэй болгох ажлуудыг хийж байгаа. 

Сая манай ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Гэр бүлийн хөгжлийн төвийг байгуулсан. Цаашид нэмж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. 

-Нээрээ нэг хэсэг байгууллагууд дэргэдээ хүүхдээ байлгах Хүүхдийн өрөөтэй болгож байсан. Нэг хэсэг тасалдсан байх шүү?

-Уг нь 2018 онд өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгууллагууд дэргэдээ Хүүхдийн өрөөтэй болгох захирамж гаргаж байсан. Ковид 19 шалтгаанаас болж зарим талаар тасалдсан ч манай дүүргийн хувьд бол одоо байгууллагууд Хүүхдийн өрөөтэй болж байна. 

Мөн бид Сэтгэл зүйн өрөө байгуулан ажиллаж байна. Машин тань эвдэрсэн бол тэр дор нь засуулчихна. Гэтэл сэтгэл зүй нь гэмтэж бэртсэн байхад түүнийгээ мэддэггүй, эмчлүүлж чаддаггүй. Мэргэжлийн хоёр сэтгэл зүйч ажиллаж байгаа учраас хэн боловч энд ирж сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үнэгүй авах боломжтой. 

 \Ярилцлагын дараа бид хэрэг болгон Сэтгэл зүйн өрөө, хүүхдийн цэцэрлэгтэй танилцав. Удахгүй өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдээ хүлээн авах цэцэрлэгийн өрөөг ч жижигхэн хөөрхөн суултуураас эхлээд сэтгэл гарган тохижуулж байгаа аж. Сэтгэл  зүйн өрөөг өөрсдөө тохижуулж, цэцэг навчаар чимсэн байлаа. Мөн хурлын болон уулзалтын өрөөг ч өөрсдөө зураг хөргөө гарган зарим нь Нарантуул зах руу гүйж байж эрвийх дэрвийхээрээ тохижуулсан гэнэ. Хамгийн гол нь хэн боловч сэтгэл зүйн үнэгүй үйлчилгээ авах, хурал, уулзалтын өрөөг ч үнэ төлбөргүйгээр ашиглаж болно гэсэн шүү\

-Таны нэрийг хэлэхэд Тий-болл /Teeball/  хэмээх спортоор андахгүй болжээ. Энэ спорттой хэрхэн холбогдсон талаар сонирхмоор байна?

-Намайг  “Тий-болл” спортыг Монголд хөгжүүлэх гэж хичээж байгааг хараад гайхах хүмүүс ч байдаг. 2023 оны 02.27-ноос 03.03-ны хооронд тухайн үеийн хотын Засаг дарга Д.Сумьяабазарын Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ажилласан байдаг. Тухайн үед Япон дахь Монгол Улсын өргөмжит консул Коочи Широ “Би 2019  оноос хойш энэ спортыг Монголд хөгжүүлэх гэж олон хүмүүстэй уулзаж ярилцаж байна. Энэ бол  Зөв Монгол хүнийг төлөвшүүлэхэд маш хэрэгтэй спорт шүү” гэж Тиболл / Teeball/-ийн талаар танилцуулсан. Багш хүн болоод ч тэр үү энэ “Зөв Монгол хүн болгон төлөвшүүлэхэд хэрэгтэй спорт” гэсэн үг маш соргогоор туссан. Ингээд энэ спортын тухай судлаад Азийн “Тий-болл” /Teeball/ спортын холбоотой хамтын ажиллагаа эхлүүлж, дүүргийнхээ хэмжээнд хөгжүүлэх санал тавьсан. Тэд ч маш хурдан, маш сайхнаар хүлээж авч, тавдугаар сарын 5-нд Баянгол дүүргийнхээ бүх сургуульдад тус спортыг хөгжүүлэх эхлэл тавигдсан.

-Гуравдугаар сарын 3-нд айлчлал хийсэн гэхээр хоёрхон сарын дараа... ийм хурдан уу? 

-Өө бүр үүнээс хоёрхон сарын дараа 7 дугаар сард сонирхлын журмаар Бүх Японы Tий болл /Teeball/ спортын тэмцээнд 10 багш, 13 хүүхэд, 3 эцэг эхийн төлөөлөлтэй баг оролцож, манай баг хүрэл медаль авсан. 

-Ийм богинохон хугацаанд уу гэж дахиад л асуумаар санагдчихлаа. Хэд хоног хичээллэсэн хүүхдүүд вэ? 

-21-хэн хоног. Бүр гайхалтай. 2019 оноос хойш хичээллэсэн хүүхдүүд Алтан медаль авсан. Япончууд бүр “Ийм богинохон хугацаанд хичээллээд ийм амжилт үзүүлнэ гэдэг Монгол хүний генд байна уу? Монгол хүүхдүүд юу иддэг болоод ийм хүчтэй байна вэ” гэж гайхаж байсан. Өмнө нь япончууд Монголчуудыг сүмогоор мэддэг байсан бол өнөөдөр Тий-болл /Teeball/ спортоор мэддэг болж, судалж эхэлж байна. Энэ бол үнэхээр бахархалтай. 

Тэгээд энэ тэмцээнээс хоёрхон сарын дараа буюу 2023 оны есдүгээр сард Азийн Тий-боллын холбоо хуралдаад Монголын Тий-болл /Teeball/ холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалыг надад хариуцуулан өгсөн. 

Улмаар дан ганц дүүрэгтээ төдийгүй Монгол улсын хэмжээнд хөгжүүлэхээр сэтгэл шулуудан 2023 оныхоо төгсөлд Азийн “Тий болл” / Teeball/ холбоонд нийслэлийн 6-н дүүрэг, орон нутагт 5-н аймагт энэ спортоор хичээллэж эхэлсэн гэсэн тайлангаа илгээсэн дээ. 

 Монгол Улсын Тий-болл” спортын Ерөнхийлөгчийн хувьд бүх улс даяараа энэ спортыг нэвтрүүлэхээр зорилт тавиад ажиллаж байна. Энэ богино хугацаанд чамгүй амжилт гаргалаа гэж урам өгөн намайг Азийн “Тий-болл”  холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, энэ жил 8-р сард Японд болох “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улс дөрвөн багтайгаар оролцох гэж байна.  Бүр 202 онд Азийн “Тий болл”ын  Аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах эрх авсан. Энэ тэмцээнд Азийн 16 улсын баг тамирчид нийт 5,000 хүн ирэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашилбал эдийн засаг, аялал жуулчлалд ч маш ач холбогдолтой тэмцээн болно гэж бодож байгаа. 

-Маш том тэмцээн болох нь ээ? 

-Тийм ээ. Ер нь өргөн утгаараа ч хүүхдийн төлөвшил, багшийн хөгжил, цаашилбал улс орны эдийн засагт ч чухал нөлөөтэй. Тийм учраас бид одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна. Бас маш сайхан мэдээллүүд бий. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга манай холбооны дэд ерөнхийлөгч болж, Тийбол спортоор хичээллэх талбай байгуулахаар 2024 оны төсөвтөө 1,7 тэрбум төгрөг суулгаж, талбай баригдах гэж байна. Азийн Тий-болл холбооны ерөнхийлөгч Монголд ирж, хотын даргатай уулзан, шаардлагатай газарт талбайгаар хангахаар ярилцсан. Ингээд л хүний хөгжлийн чиглэлээр бүхий л боломжтой салбарт ажиллахаар зорьж байна даа. 

-Та бид хоёрын яриа дахиад л ХҮНИЙ ХӨГЖИЛ рүүгээ “гулсаад” орчихлоо? 

-Тиймээ, Хүний хөгжил, хүүхдийн төлөвшлийн асуудал руу энэ ажил ч маань чиглэж холбогдож байгаа. БИ гэдэг үзлийг халж, БИД гэдэг хандлага хөгжлүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Тэгээд ч Монголчууд спорт дээр ч гэсэн ганцаарчилсан төрөлд маш их амжилт гаргадаг боловч, багийн спортод тааруу. Ерөнхий боловсролын стандартад ялангуяа бага насныханд багийн спортын сургалт байхгүй. Дээр нь нөгөө л хүний хөгжил, хүүхдийн төлөвшил, багаараа ажиллах чадвар суулгах талаасаа үүнийг Монголдоо хөгжүүлэх ёстой юм гэсэн итгэл үнэмшил, эрмэлзэл төрсөн. Энэ спортоор хичээллэснээр багаараа ажиллах чадвар, богино хугацаанд шийдвэр гаргах чадварт суралцдаг, баруун зүүн хоёр тархи зэрэг ажилладаг, хөдөлгөөний эвсэлтэй болдог. Одоо бид хүүхдүүдээ цэцэрлэгээс эхлэн сургаж байгаа шүү дээ. Тэгэхээр багаасаа багийн зарчмаар хэрхэн ажиллах вэ?  гэдэгт суралцахаас гадна ялалт, ялагдлын амтыг мэдэрдэг болно. Хэтэрхий гар утас, интернэт орчинд илүү их цаг өнгөрөөж  байгаатай холбоотойгоор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хөрж, хүн хоорондын  амьд харилцаа багасаж байгаагийн эсрэг хүүхэд багачуудад багийн спортоор хичээллүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байна. Одоо хичээллэж байгаа хүүхдүүдийг харахад  утаснаас хөндийрч, хөдөлгөөний дутагдлаас ангижирч байна.  Нэг ёсондоо бидний багад тоглодог байсан гүйдэг маатка гэдэг тоглоом л гэсэн үг л дээ.  Одоо нэг үеэ бодвол амралтын өдрүүдэд аав ээж, найз нөхөдтэйгөө хамт цагийг үр дүнтэй, зугаатай өнгөрөөдөг болоод байна. Гэр бүлийн төлөвшил хүүхдийн хөгжилд маш ач холбогдолтой спорт юм. 

-Та нэлээд их ажил амжуулжээ. Зардал ч их шаардлагатай байх. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж байна. Ер нь таны баримталдаг зарчим?

-Ер нь аль нэг байгууллагын дарга асуудлыг шийдэх гэж томилогддог. Асуудлаас зугтаад, хууль журам яриад суух биш дотооддоо зохион байгуулалт хийгээд, нөөц бололцоо ашиглаад хийж болно.   Хуулийн хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийж болох олон ажлууд бий.  Хүн асуудлыг шийдье гэвэл гарц гаргалгаа байж л байдаг. Төсөв хөрөнгө байхгүй гээд би гараа хумхиад суугаад байж чадахгүй. 

Жишээлбэл өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ 34 өрхийн эмнэлэгт тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг шийдэж чадлаа. Зөвхөн хамтын ажиллагааны хүрээнд, төсвөөс мөнгө гаргалгүйгээр. Дээр мөн төсвөөс мөнгө гаргалгүйгээр багш нарынхаа сургалтын асуудлыг шийдэж байгаа гэж ярьсан шүү дээ. 

Аль нэг байгууллагын дарга, удирдагч хэн нэгэн дарга сайдад таалагдах гэж байгууллагыг удирдана гэж үгүй. Хүнийхээ төлөө л ажилладаг байх ёстой. Ямар нэгэн барилга байгууламж биш, хүний төлөө л ажиллаж байгаа. Үүний төлөө би энд ажиллаж байгаа.  

Дээр нь нэгэнт та тангараг өргөөд төрийн байгууллагад ажиллаж байгаа бол манай танай, хэн нэгэнд таалагдах гомдох асуудал ерөөсөө ч хэрэггүй. 

Би Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга. Гэлээ гээд намын нэрээр, гишүүдийнхээ дэмжлэгээр ажил албанд томилогдож ажиллаж байж, хариуцлага алдах юм бол түүнийг нь хэлэх л ёстой. Манай нам гэж чимээгүй сууж болохгүй. Ингэж байж л өнөөдөр нийгэмд болохгүй байгаа бүхнийг бид өөрчлөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд өөрчлөлтийг хийхийг чармайж, мянга хичээгээд анхан, дунд шатанд алдаа завхрал гараад байвал яах вэ? Бид үүнийг хэрэгжүүлэх ёстой, өөрчлөлтийг хийх ёстой. Ингэхийн тулд би энд ажиллаж байгаа. Төрийн байгууллагын албан хаагч ёс зүйтэй, зөв байх ёстой, татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах ёстой. Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулж, боломжийг нь хангах ёстой. Тэгэхгүй тендер, концесс эсвэл хэн нэгэн даргад зориулагдсан мэт байвал төрд ажиллаад ч яах юм билээ? Иргэдийнхээ төлөө л байх ёстой. Тэр тусмаа иргэдээсээ сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, Их хурлын гишүүд. Аль нэгэн бүлэг, фракц бүү хуваагд  гэж хэлмээр байдаг юм. Ядаж эмэгтэйчүүд маань зөв байя, иргэддээ хэрэгтэй нэг  ч гэсэн ажлыг хийе гэж Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулсан. Энэ нь эргээд л хүний хөгжил рүү чиглэж байгаа юм л даа. Тийм ч учраас иргэдийн хөгжилд чиглэж ажилласандаа би өөртөө, бүсгүйчүүддээ баярлаж, бахархдаг. 

Эргээд харахад гишгэсэн мөр маань зөв байх юм бол, хүн болж төрсний хувь заяа гэж боддог. Хүн болгон л ингэж мэрийж чармайдаг байх. Ийм сэтгэлтэй хүн болгон нэгдэж, нийлж ажиллаж чадвал улс орон маань хөгжинө гэдэгт итгэдэг. Тиймээс улс эх орондоо хэрэгтэй нэг ч гэсэн зөв зүйлийг хийх сэн гэж хичээж явдаг даа. 

-Үнэхээр таны хэлсэнчлэн олон ийм зүрх сэтгэлтэй хүмүүс нэгдэж, ажиллаж чадвал Аз жаргалтай биднийг бий болгоход том алхам болно гэдэг итгэл төрж байна. Та бүхний бүтээх нөр их ажилд тань амжилт хүсье.  

-Баярлалаа. “Хурдан явъя гэвэл ганцаараа яв 

Хол явъя гэвэл олуулаа яв”, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Үг дааж сур” гэсэн ийм мундаг философиор ээж аав, эмээ өвөө маань намайг хүмүүжүүлсэн. Яаж намайг ийм сэтгэлтэй болгож хүмүүжүүлэв ээ гэж ээж аавдаа маш их баярладаг. “Олон сайхан найзтай байна гэдэг хол явна гэсэн үг. Хэзээ ч найз нөхдөө хуурч болохгүй, худлаа буруу зүйл хийж болохгүй” гэж аав маань байнга намайг сургадаг байсан. Бусдын төлөө яаж өөрөөсөө илүү илүүчилж, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулах гэсэн сэтгэлээр хүмүүжүүлсэн зан чанар маань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өнөөдрийн Сэмжидмааг энэ л хандлага бүтээсэн гэж би боддог. Үр хүүхдүүдээ ч ийм зан чанараар хүмүүжүүлэх гэж чармайдаг. Бүх юм зүрх сэтгэлээсээ байхад хүний амьдралыг хөглөж байдаг. Хүн ажлаа зүрх сэтгэлээсээ дурлаж хийх ёстой. Дургүйцэж хийсэн бүхэн ардаа асуудал дагуулдаг, дурлаж хийсэн болгон амжилт дагуулдаг гэдэгт би итгэдэг. Нэг хүнээс ч гэсэн талархлын үг сонсож байгаа нь миний амжилт. Олон хүнээс урмын үг сонсож хөглөгдөж явдаг шүү. Сэтгүүлч та бүхнийг ч гэсэн нийгэм, олон нийтийг эерэг гэгээлэг мэдээллээр түүчээлж, цэнэглэж яваарай гэж ерөөе. 

-Баярлалаа. Танд амжилт хүсье.