Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшингийн хамтаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2023.06.15-16 өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.
Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж заасан. Жилд 1,5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий тус төслийн бүтээн байгуулалтын технологийн бус барилга байгууламжийн ажил EPC-1-ийн гэрээний хүрээнд эхэлсэн.
EPC-2 багц ажлын хүрээнд технологийн байгууламжууд баригдах бол EPC-3багц ажлын хүрээнд дулааны цахилгаан станц ашиглалтад орно. EPC-2 болон EPC-3 багц ажлын гэрээ 2022 онд байгуулагдсан.
Үйлдвэрийн газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation”компани 2022 оны сүүлчээс ажлаа эхлүүлсэн байна.
“ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тус үйлдвэрт хил гаалийн нөхцөл байдлаас үүдэж бараа материалын хомсдол, НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үүдсэн алдагдал, мөн ажиллах хүчний визийн асуудал зэрэг бэрхшээл гарсан. Монгол Улсын Ерөнхий сайд эдгээр асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх үүрэг өглөө.”
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарна, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно, гадаад худалдааны алдагдал буурах боломж бүрдэнэ. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байна. Мөн, Алтанширээт аж үйлдвэрлэлийн паркийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.