Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар зодог тайллаа
2023.07.28

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар зодог тайллаа

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монголын үндэсний бөхийн Дархан аварга, төрийн их баяр наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн домогт бөх, Хөдөлмөрийн баатар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын үеэр зодог тайллаа.

Тэрбээр аймгийн 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө алдар цолоо дуудуулж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын залуу бөхийг амлан барилдаад тахимаа өглөө.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ баяр наадмын дэвжээнд сүүлчийн барилдаанаа хийснийхээ дараа

"Би анх 13 настай зодог шуудаг өмссөнөөс хойш 46 жил монгол бөх гэдэг их өв соёлын ертөнцөд хамгийн дээд цол Дархан аварга цолыг нь хүртэх хүртлээ явлаа.
Өнөөдөр монгол бөхийн уламжлалын дагуу зодогоо тайлж, Хан Хэнтий нутгийн "Аварга" дэвжээнд хадгалуулж байна. Хан Хэнтий нутгаас Монгол бөхийн олон сайхан аварга, арслан тэргүүтэй хүчит бөхчүүд төрөн гарсан. Цаашид ч энэ нутгаас олон сайн бөх, сайхан эрс төрөн гарах болтугай хэмээн ерөөж байна" гэсэн юм.

Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь 11 жилд 12 удаа /1990 онд тохиосон Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадмыг оролцуулан тооцдог/ түрүүлсэн өнөө цагийн монгол бөхийн хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн домогт бөх юм.