2023.10.06

Б.Жаргалмаа: Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ажил яагаад удаашралтай яваад байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Энэ танхимд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй гишүүд байна. УИХ-д сууж байгаа нөхөд ч гэсэн иймэрхүү байдлаар л хүүхдийн асуудалд хандаж байна. Энэ бол шүүмж. Зөвхөн эмэгтэй гишүүд хүүхдийн асуудлыг мэдэх ёстой мэтээр хандаж буй нь нийгмийн алдаа. Эр, эм эс нийлж үр тогтдогийн адил, ээж аав, гэр бүл гээд бүгд л хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой. УИХ ажлаа хийгээгүй биш хийсэн!

Та бүхэнд 2023 оны тоо баримтаас хэлье.

  • 03 дугаар сарын 28-ний өдөр НББХ Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн.

  • 07 дугаар сарын 5-ний өдөр Хүүхдийн эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийж, үүрэг чиглэл өгсөн.

  • 09 дүгээр сарын 9-ний өдөр “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр бас нээлттэй сонсгол хийсэн.

Улмаар УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн. Ажил явахгүй байгаа. Хүүхдийн төлөөх 8 тэрбум төгрөгийг хасуулахгүй байж чадсан. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй л сууж байгаа. Яагаад төрийн ажил ийм удаан байна вэ. Хүүхдийн төлөө мөнгөө зарцуулж чадахгүй байна гэх. Энэ ажил мөнгөөр урагшилдаг ажил мөн юм уу. Сэтгэл зүрхээр явдаг ажил байлтай.

СХД-т хүүхдийн осол их гардаг. "Замын тэмдэг тэмдэглэгээ, гарц гаргаад өгөөч ээ, надаас хэдэн хүүхдийн амь надаас нэхэх гээд байгаа юм” гээд Зам, тээвэр хөгжлийн сайд дээр би орилоод орсон. Өнөөдрийн хүртэл гарц гаргалгаа гаргаагүй л байна. Байгууллага, ААН бүр нэгдүгээрт хүүхэд гээд уриагаа гаргая, ажиллая. Монголын төр хүүхдээ хүчирхийлэх ёсгүй!

Түүний асуултад, ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа хариулт өглөө.