Х. Баттулга: Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн замын ТЭЗҮ бараг бэлэн болсон
Төмөр замын бодлого батлагдсантай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГААС зарим зүйлийг тодрууллаа.
-Бодлогын баримт бичиг Засгийн газрын өргөн барьснаас нэг их өөрчлөлтгүй батлагдлаа. Бодлогын зарчмыг цөөн үгээр хэлэхгүй юу?
-Засгийн газраас барьсан бодлого бол Монгол Улсад аль болох удаан, хол явах төмөр замын үндсэн сүлжээтэй болох явдал. Өөрөөр хэлбэл, шууд хил сэтэлж түүхий эдээ зөөгөөд байгаагийн эсрэг бодлого юм л даа. Энэ ч утгаараа манайд улсад нэлээдгүй ажлын байр бий болохоос гадна боловсруулах үйлдвэртэй болохыг чухалчилсан. Нүүрсээ зарах биш коксжсон нүүрсийг дахин боловсруулна. Түүнийгээ нүүрсний их хэмжээний хэрэглээтэй Зүүн хойд Азийн үйлдвэржсэн, түүхий эдийн нөөцгүй орнууд болох Солонгос, Япон уруу гаргах юм. Оросын Владивосток буюу Солонгосын хойг дээр Австралийн нүүрстэй өрсөлдөх хэмжээний үнэд хүргэнэ гэсэн тооцооны үндсэн дээр төмөр замын бодлого гаргаж байна.
-Бодлого батлагдсаны дараа гишүүдэд дурсгалын зүйл гардууллаа. Засгийн газрын төсөл батлагдана гэдэгт тийм итгэлтэй байсан хэрэг үү?
-Уг нь энэ оноос өмнө баталчих боломж байсан ч нэлээн удаан хэлэлцлээ. Гэхдээ УИХ дахь хоёр намын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслийг ярилцаж ойлголцсоны дүнд ийнхүү батлагдлаа. Эл шийдвэр нь өөрөө түүхэн юм. Монгол Улсын төмөр зам үндсэндээ хоцрогдсон байсан. 1949 оны төмөр зам бол Монгол, Оросын 50:50 хувийн хамтарсан өмч. Харин энэ шинэ төмөр зам бол арай өөр хэлбэртэй. Бүтээн байгуулалтын ажилд олон улс оролцож болох ч суурь бүтэц нь улсынх байна. Гэхдээ хөдлөх бүрэлдэхүүн хувь, хувьсгалын аль алиных нь байх боломжтой. Өнөөдөр Монгол Улс өөрсдөө энэ түүхэн шийдвэрийг гаргаж байгаа учраас гишүүдэд түүхэн шийдвэр гаргасных нь хувьд төмөр замын рейс төмрийн дүрстэй дурсгалын зүйл хадгалуулсан юм. 1949 онд Москвад шийдвэр гаргадаг байж. Түүнээс хойш анх удаа монголчууд эл шийдвэрийг гаргаж байгаа гэдэг утгаараа дурсгалын зүйл гардуулсан юм.
-Бодлого нэгэнт тодорхой боллоо. Одоо ажил юунаас эхлэх вэ?
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого нэгэнт тодорхой болсон хойно одоо хөрөнгө гаргаж төмөр зам барих ажлыг эхлүүлнэ гэсэн үг. Бодлогын дагуу Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам барих үйл ажиллагаа эхэлнэ.
-Хэзээ эхлэх вэ?
-Энэхүү бүтээн байгуулалтад оролцох талуудыг сонгон шалгаруулах ажил энэ ондоо эхэлнэ. Урьдчилсан ТЭЗҮ үндсэндээ хийгдсэн. ТЭЗҮ-ийг 3-5 сарын хугацаанд харж ажиллахаар төлөвлөсөн. Бидний тооцоолсноор говьд уул, том нуруу, гол бага учраас төмөр замын бүтээн байгуулалтын ажил гайгүй болов уу гэж үзсэн. Гэхдээ говьд төмөр замын даланг маш сайн чигчиж өгөхгүй бол нуралт үүсэх эрсдэлтэй. Ер нь ажил нэлээн хийсэн. Зарлаагүй л болохоос биш. Жишээ нь, усны хайгуулын асуудлыг 1978-1980 онд тодорхойлсон байдаг. Үүнийг нь баталгаажуулсан өрмүүдийг тавьж эхэлсэн.
-Тэгвэл энэ их бүтээн байгуулалтын ажлын бодит, томоохон үр дүн хэдий хугацааны дараа харагдах бол?
-Бүтээн байгуулалтын аж-лыг хоёр жилээр харж байна.
Төмөр замыг 100 км тутамд нь холбоод явах юм. Төмөр замын рейс тавина гэдэг техникийн ажил болсон. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил 108 км төмөр замыг гурван сарын дотор л тавьсан шүү дээ.
-Урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн гэхээр төмөр замын бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой талууд санал илэрхийлсэн гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар бүтээн байгуулалтад оролцохоор Солонгос, Хятад, Орос, Монголын талаас санал илэрхийлээд байна.
-Нэгдсэн ойлголцолд шууд хүрчихээгүй царигийн тухайд юу хэлэх вэ?
-Эхний ээлжинд өргөн дараагийн үе шатны төмөр зам нарийн царигтай байна гэж
хатуу заагаагүй. Хилтэй ойр 40-50 км-т ашигт малтмалын орд газар байлаа гэж бодоход царигийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, УИХ-ын төвшинд дахин хэлэлцэнэ.