Х.Баттулга: 1949 оны гэрээг энэ онд өөрчлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна
УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуралдааны дараа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцээд ямар ямар өөрчлөлт оруулахаар болов оо?
-Гишүүдийн зүгээс нэг их шүүмжлэлтэй хандсан зүйл байхгүй. Байнгын хороо, ажлын хэсэг дээр нэлээд санал уралдуулсан. Төмөр зам өөрөө том сэдэв, Монгол Улсад анх удаа яригдаж байгаа. Анх удаа яригдаж байгаа учраас танин мэдэхүйн тал дээр л гэхэд олон зүйл яригдсан. Засгийн газрын өргөн барьсан төслийн ганцхан заалтыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дэмжээгүй. Бусдыг нь дэмжлээ. Тодруулбал, Монгол Улсад хийгдэх анхны том төслийг УИХ-ын гишүүд дэмжлээ.
-Маршрутын хувьд зарим нэг өөрчлөлт орлоо. Тухайлбал, Улаанбаатар-Хархорин чиглэлд төмөр зам барихыг гишүүд дэмжлээ..?
-Засгийн газраас өргөн барьсан төсөлд төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг задгай орхисон байсан. Энэ чиглэлийн замыг гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний судалгаа, хүн амын нягтаршлыг судална. Хархорин нь манай түүхэн хот, аялал жуулчлал хөгжсөн газар.
-5000 гаруй км төмөр замыг барихад гарах зардал нь хэд болох вэ?
-Төмөр замыг тавих өртөг нь газар зүйн байрлалаас шалтгаалдаг. Нэг км төмөр зам 1-1.2 сая ам.доллараар босдог жишиг байдаг юм билээ. Тийм учраас 5570 орчим км төмөр зам барихад зургаан тэрбум орчим ам. доллартай тэнцэх хөрөнгө шаардагдана.
-Нарийн царигтай төмөр зам барих хөрөнгө нь өргөн царигтайгаас 60-100 сая ам.доллараар хямд байдаг гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байсан..?
-Өргөн цариг нь үнэтэй, нарийн цариг нь хямд гэсэн юм байхгүй. Харин улс орны хоорондын төмөр замын харилцааны асуудалтай холбоотой. Нарийн царигийг тавилаа гэж бодоход түүхий эд борлуулагчдын гаргасан алдааг давтана. Үүнийг УИХ-ын гишүүд ойлгоод Засгийн газрын саналыг дэмжлээ.
-Төмөр замын чиглэл нь ихэвчлэн уул уурхайн ордуудыг дагасан байгаа. Хүн амын тээврийн асуудлыг хэзээ тусгаж оруулах вэ?
-Тусгана. Эхлээд уул уурхайн холбоотой асуудлаа шийдвэрлэсний дараа иргэд рүүгээ хандсан асуудлыг шийдвэрлэнэ. Дэлхийн төмөр замын практикт төмөр замын иргэдийн тээврийн асуудал алдагдалтай байдаг нь нотлогдсон юм билээ. Тийм учраас бид алдагдалтай бус ашигтай салбар руугаа эхэлж ороод хөрөнгө мөнгөтэй болсны дараа буюу гуравдугаар шатанд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэнэ.
-Мөн Улаанбаатар төмөр замын хувчлалын асуудал сөхөгдлөө. Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх шаардлагатайг гишүүд тодруулж байсан...?
-Төмөр замын хувь харьцаа 50:50 байгаа нь шийдвэр гаргахад хүндрэлтэй байгаа. Үүнийг 1949 оны гэрээг өөрчилснөөр шийднэ. Энэ гэрээг 2010 онд багтааж өөрчилнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Төмөр зам Монгол Улсын газар нутаг дээр байгаа юм шиг манай улс 51 хувийг эзэмших давуу эрхтэй байж болно гэсэн саналыг гишүүд хэлж байна лээ. Тодорхой хугацааны дараа Монголын талын эзэмшлийг 51 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг Төмөр замын тухай хуульд тусгасан байгаа.