Х.Баттулга: Хот байгуулах газруудыг хамгаалалтад авлаа
Засгийн газрын хуралдаанд оруулсан асуудлынх нь талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ярилцлаа.
-Тавантолгой төсөлтэй холбогдуулан тодорхой хэмжээний газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан байна. Асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Зөвхөн Тавантолгой биш. Ер нь Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх гэж байгаа ордуудын газрыг төр хамгаалалтад авч, ямар нэгэн байдлаар борлуулах, хэн нэгэнд өгөхгүй байх талаас нь шийдвэр гаргаж байгаа юм. Энэ саналыг манай яамнаас оруулсан. Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудын үйл ажиллагаа идэвхжих үед тэнд хүн амын төвлөрөл үүснэ. Үүнийг дагаад 50 жил, эсвэл түүнээс дээш хугацаанд хот босох асуудал гарч ирэх юм. Тэр хотжилттой холбоотойгоор газрыг нь төр одооноос баталгаажуулж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан газраа хүнд өгөх гээд байдаг. Газрыг нь авсан хүмүүс улстай наймаалцах гээд байдаг асуудлыг л болиулж байна. Жишээ нь Хөшигтийн хөндийд шинээр нисэх буудал барих гэж байгаа. Гэтэл тэр газарт нь орон нутгийн шинж чанартай байдлаар тодорхой хэмжээний газрыг нь хэн нэгэнд өгчихсөн байна. Энд Сайншанд, Тавантолгой, Оюутолгой, Цогтцэций, Хөшигтийн хөндий гэсэн газруудыг оруулж байгаа.
-Тусгай хамгаалалтад авах дээрх газруудад одоогоор хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжид олгосон газар байна уу. Тусгай хамгаалалтад авах газруудын нийт хэмжээ хэдэн га болж байгаа вэ?
-Яг одоогоор олгогдсон газар бага байна. Гэхдээ 2-3 аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал бий. Эдгээр компаниудтай нэг их зууралдалгүйгээр шийдээд явъя гэж байгаа. Газар зүйн хувьд нийлүүлээд яривал нэлээд том хэмжээний газар болно.
-Одоогоор 2-3 компанийн асуудал байгаа юм байна. Яг шийдвэр гараад газрын зөвшөөрлийг хураахад хүрвэл компаниудад ямар нэгэн нөхөн төлбөр олгох уу?
-Шийдвэр гарчихвал хэрэгжүүлээд л явна. Газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно. Өөр арга байхгүй.
-Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Гэтэл өнөө хир үндэсний компаниуд энэ төсөлд хэрхэн оролцох нь тодорхойгүй байна?
-Үндэсний компаниуд орох гээд саналаа өгөөд, мэдэгдэл гаргаад явж байгаа. Энэ бол зөв зүйл. Гэхдээ яг яаж орох вэ гэдэг асуудал. Өөр төрлийн бизнес хийж байгаад уурхай авах гээд байгаа юм уу, уурхайд нь орж байгаад өөр төрлийн бизнес рүү шилжих гэж байгаа юм уу зэрэг асуудал бий. Энэ мэт нарийн асуудлууд явцын дунд тодорхой болох байх.
-Хөрөнгө оруулалтын босго дөрвөн тэрбум ам.доллар гэж байгаа. Энэ босгыг үндэсний компаниудад хөнгөвчлөх боломж байгаа юу?
-Одоогоор энэ нэгдэлд 2000 орчим компани бүртгэгдсэн байна билээ. Эдгээрээс яг өчигдөр компаниа бүртгүүлсэн нь хэд юм. 20-иод жилийн өмнө бүртгэгдээд улсын нуруун дээрх ачааг үүрээд явж байсан нь хэд юм. Татвараа 20 жил төлсөн юм уу, 10 жил төлсөн юм уу зэрэг нарийн зүйлсийг тодруулах ёстой гэж бодож байна. Мэдээж хувийн хэвшлийг дэмжих нь зөв. Гэхдээ яг ямар хэлбэрээр төсөлд оролцох гэж байна гэдгийг тодорхой байлгах хэрэгтэй. Надад байгаа мэдээллээр бол үндэсний нэгдлийн ихэнх компани зүгээр л Тавантолгой руу орж, нүүрс зарах эрхийн төлөө л явж байна уу гэж үзэхээр байна. Тэгж явбал энд өөр асуудал ярих болов уу.
-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан. Албан ёсны хөрөнгө оруулагчийг хэзээ, яаж шалгаруулах вэ?
-Одоо дөнгөж Засгийн газраас УИХ-д өргөн бариад, бүлгүүд хэлэлцэж байна. Шат шатандаа яваад л шийдвэр гарах болов уу.