2010.06.15

ЗТБХБ-ын сайд Х. Баттулга: Төмөр замын бодлогыг гаргахад цаг хугацаа бага үлдлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдах байсан ч сүүлийн хоёр өдөр хуралдсангүй. Өчигдөр нээлттэй хуралдаж нэгдсэн шийдэлд хүрч байнгын хорооны хуралдаанаар оруулах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бас л хойшлолоо. Ирц бүрдэхгуй байгаад салбар хариуцсан сайд, нарийн царигтай төмөр зам тавих ёстой хэмээн эсрэг байр суурьтай байгаа гишүүд их л бухимдаж байлаа. Энэ үеэр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас цөөн асуултад хариулт авлаа.
 
-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг ажлын хэсгээр хэлэлцэж байна. Ямар шатандаа явна?
 

-Ажлын хэсэг өнөөдөртэй нийлээд зургаа дахь удаагаа хуралдах гээд чадсангүй. Ажлын хэсгийн 12 гишүүнээс зургаа нь ирснээр ирц бүрдэх ёстой. Засгийн газрын зүгээс Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогоо өргөн барьсан байгаа. Хэлэлцэх болохоор ажлын хэсгүүд дээр гацаа үүсээд байна.

 
-Ажлын хэсэг хуралдаж чадахгүй байна гэхээр гишүүдийи дунд ашиг сонирхлын зөрчил байна уу. Өргөн, нарийн царигтай төмөр зам тавих асуудлаар эсрэг тэсрэг байр суурь гараад байна?
 

- Энэ талаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа гишүүдээс асуух хэрэгтэй байх. Төмөр замын асуудал өнөөдрийн хамгийн чухал, ач холбогдолтой баймаар. Үүнээс илүү төсөв, өртөгтэй томоохон төсөл сүүлийн хэдэн жилд боловсруулж байгаагүй. Засгийн газраас өргөн барьсан дээр нь хэлэлцээд ажил хэрэг болгох шаардлагатай санагдаад байна. Тавантолгойн нүүрсийг шуудайд хийгээд машинаар зөөхгүйгээс хойш төмөр замынхаа бодлогыг зөв гаргах нь хаа хаанаа хэрэгтэй.

 
-Аль аль чиглэлд төмөр зам тавихыг тодорхой заасан төслийг гишүүд ерөнхийдөө дэмжээд байгаа. Гэхдээ тэд санал зөрчилдөж байгаа болохоор ажлын хэсэг хуралдаж чадахгүй байна уу?
 

-УИХ-аар төмөр замын төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх эсэхийг зөвшөөрсөн. Одоо намын бүлгүүд дээр ярилцаж байна. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргасан ч өнөөдөр ийм байдалтай байна. Ажлын хэсгээс дүгнэлт гарахгүй болохоор байнгын хороо нь хуралдаж чадахгүй урагшгүй байдалд хүрчихээд байна.

 
-Сүүлийн үед намын бүлгүүд шинээр барих төмөр замын эхний хэсэг өргөн царигтай байна гэдэгт санал нэгдсэн гэж байсан. Тийм үү?
 

-Засгийн газраас өргөн барьсан төсөлд өргөн царигтай төмөр зам барих саналтай байгаа. Түүхий эдээ эх орондоо боловсруулж Европ, Солонгос, Хятад руу гаргаж борлуулах хувилбарыг санал болгосон. Дэлхий дахинд Монгол Улс бол БНХАУ-ын нөөц склад гээд зарлачихсан. Тэгэхээр бид нөөц складнаасаа ашигт малтмалаа түүхийгээр нь зарах уу, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Улс орны хөгжлийн гол тулгуур болсон чухал асуудалд УИХ-ын гишүүд идэвхтэй хандмаар санагдах юм. Манай орон жилийн дөрвөн

 

улиралтай болохоор хүйтрэхээр газар шорооны ажил зогсоно. Удахгүй наадам болно. Наадмын дараа намар болж газар хөлдөнө. Тиймээс Засгийн газар, салбар хариуцсан яамны хувьд цаг хугацаа бага үлдсэн болохоор яарч байна.

 
-Нарийн царигаар барих бас нэг хувилбар байгаа гэх юм. Төмөр замын төслийн хоёр дахь хэсэгт нарийн царигаар тавих уу?
 

-Салбар хариуцсан сайдын хувьд Засгийн газраас өргөн барьсан хувилбарыг л барьж байгаа. Энэ нь нэгдсэн сүлжээтэй байж үүгээрээ хоёр дахь далайн боомт руу гаргая гэсэн хувилбар явж байгаа,

 
-Төмөр замын олон улсын стандартыг дагаж нарийн төмөр зам тавья гэсэн байр суурьтай гишүүд байна. Засгийн газраас хоёр хөршийнхөө стандартын дагуу төмөр зам барихаас өөр аргагүй гээд байгаа гэх юм?
 

-Засгийн газраас ийм тайлбар өгөөгүй. Одоо байгаа 1800 км төмөр зам маань өргөн царигтай болохоор нэг сүлжээтэй байя гэж байгаа. Ер нь хоцрогдсон гэж ярьж байна. Хоцрогдлыг технологийн шинэчлэлээр засч болно. Дэлхийд 56 цариг байдгаас ерөнхий 16 цариг бий гээд яривал их зүйлийг хэлж болно. Хөгжих ёстой юу гэвэл хөгжих ёстой. Гэхдээ бид Европтой өргөн царигтай төмөр замаар холбогдож байгаа. Тиймээс одоогийн царигаараа явъя гэсэн чиглэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.