2025.02.11

М.Бадамсүрэн: Манай улсын ДНБ-ний 6-7%-ийг ЖДҮ бүрдүүлдэг. Иймд ЖДҮ дэмжих зээлийг 10-20 дахин нэмэгдүүлэх ёстой

Монгол Улсын дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжлийг дэмжих, нийгмийн тэгш байдлыг хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой.

Дэлхийн улс орнуудын жишээнээс харахад бүтээж буй баялаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг ЖДҮ эрхлэгчид эзэлдэг. Харин манай улсад 6-7 хувьтай байгаа нь энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж буйг илтгэнэ. Дундаж давхаргыг тэлнэ гэж хүн бүр ярьдаг. Тэгвэл үүнийг ажил хэрэг болгох бодлого нь ЖДҮ-ийг хөгжүүлэхэд оршино гэдгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн онцлов. 

ЖДҮ гэхээр хүн бүрийн бодолд хулгай, авлига хээл хахууль бодогдох. Аргагүй шүү дээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр олгодог зээл. Гэтэл бизнес эрхлэгчдээ дэмжих уг сангийн мөнгийг нэр нөлөө бүхий хүмүүс ашиглаж, нийгэмд хурцаар шүүмжлэгдэж байсан удаатай.

Гэхдээ бид энэ алдааг давтахгүйгээр зөв бодлогоор, хууль эрх зүйн орчноор ЖДҮ-ийг хөгжүүлж, улсын эдийн засгийг өсгөх бүрэн боломжтой. 

Тэгвэл УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн ахалж байгаа билээ.

Түүний хувьд чуулган завсарласнаас хойш зүүн бүсийн аймгуудад ажиллаж,  орон нутгийн ЖДҮ эрхлэгчид, өрхийн болон бичил бизнес эрхлэгчидтэй уулзан тэдний санаа бодлыг сонсон цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Тэрбээр хэлэхдээ “Бизнес эрхлэгчдийн хүсэж байгаа хөнгөлөлттэй зээлийн 20 хүсэлт байгаагаас зөвхөн нэгийг нь мэргэжилтнүүд шийдэж байгаа. Яагаад гэвэл 1 аймагт 1 тэрбум төгрөгийн зээл олгох эрх байдаг. Тэгэхээр одоо байгаа зээлийн эх үүсвэрийн хүртээмжийг хамгийн багадаа 10-20 дахин нэмэх шаардлагатай байна” гэдгийг хэлсэн юм. 

Хүн бүр барилгын эсвэл уул уурхайн бизнес эрхэлж чадахгүй. Харин чаддаг зүйлээ хөгжүүлээд орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд уул уурхайгаас олж буй орлогынхоо тодорхой хувийг санд төвлөрүүлээд үүнийгээ бичил бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн үзэж буй.

Тэрбээр өрхийн болон бичил бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд дараах арга замыг хэрэгжүүлэх ёстой гэв.

  • Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Газар олголтын бодлогоор дэмжих
  • Татварын таатай нөхцлөөр дэмжих 
  • Дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх 
  • Гарааны бизнесээ дөнгөж эхлүүлж байгаа бол бага түрээстэй байраар хангах 
  • Аж үйлдвэрийн парк байгуулах замаар олон төрлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийг нэгтгэх. Энэ нь бага зардлаар олон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих давуу талтай аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж байдаг. Тус сангаас 3 болон 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Нэг удаа дэмжлэг авсан бол дахиад санхүүжилт олгохгүй гэдэг юм байна. 

Уг асуудлыг М.Бадамсүрэн гишүүн халж, үүний оронд дараагийн шатны хөнгөлөлттэй бизнесийн зээлд хамруулж өгөх бодлого баримтлах ёстой гэх байр суурийг баримталж байна. Ардчилсан улс орнуудад төр бизнес эрхлэхгүй бодлогоор дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, борлуулалтыг нь төрөөс дэмжих нь чухал. Ингэхдээ импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг хөгжүүлэх ёстойг төр шийдэж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, улмаар өрх бүр орлоготой болох үүд нээгдэнэ гэдгийг М.Бадамсүрэн гишүүн хэлж, үүний төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn