Ээжүүдийн өлсгөлөнг яагаад тоохгүй байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.01.21

Ээжүүдийн өлсгөлөнг яагаад тоохгүй байна вэ?

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Газрын багц хуулиуд болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлаар талаар ярилцлаа. Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл хэлэлцэх үеэр санал хэлэх гишүүд цөөнгүй байсан.
Тухайлбал, Я.Содбаатар гишүүн "Төр ард түмний өмчийг булааж авахыг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Төр иргэнийхээ өмчрүү халдаж байгаа нь маш буруу" хэмээн шүүмжлэлтэй хандсан бол Д.Арвин гишүүн хуулийн төслийн нэрийг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Тэрээр газрыг эзэмшүүлэхдээ маш оновчтой байдлаар, зөв хувилбарыг сонгох хэрэгтэй гээд газрыг хүмүүст бэлэглэх зэргээр улс төрд ашигладаг, сонгуульд газрыг гул барьж хэрэглэх болсон буруу зуршлыг үгүй хийх байтал хуулийн төсөлд үүнрүү чиглэж, хазайсан заалт байна гэдгийг
хэлсэн юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өгөв. Түүний мэдээлэл өгөх үетэй давхцан гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэнд болоод түүнийг эмчилгээнд оруулахыг хусч өлсгөлөн зарласан ээжүүдэд санаа зовниж буйгаа ярилаа.

Н.Энхболд:

-Д.Тэрбишдагва сайд аа, өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдийн биеийн байдал ямар байна вэ. Тэдний тавьж байгаа шаардлага биелүүлэхэд тийм ч төвөгтэй биш юм байна лээ шүү дээ. Ердөө Н.Энхбаяр даргаа эмчилгээ хийлгэх боломжийг олгооч гэж. Үүнийг яагаад Монголын төр анхаарч үзэхгүй байна вэ. Манай намын зүгээс асуудалд улс төрийнх нь талаас биш хүний эрх талд нь хандаж байна. Яах вэ, улс төрийн шалтгаан нөхцөл тодорхой хэмжээгээр байгаа байх. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байхад юу ч болоогүй мэт хайхрамжгүй хандаж болохгүй.

Д.Тэрбишдагва:

-"Шударга ёс" эвслийн гишүүд өлсгөлөн зарласан ээжүүдтэй очиж уулзаж байна. Одоогоор эрүүл мэнд нь муу байна. Найм нь хуурай өлсгөлөнд шилжсэн гэх мэдээллийг өгч байгаа. Н.Энхбаяр дарга болоод бидний зүгээс ээжүүдэд өлсгөлөнгөө зогсоохыг ятгаад ч дийлэхгүй байна. Эмэгтэй хүн болохоороо нэгнээ хурцлаад бууж өгөхгүй шинжтэй бололтой юм. Тэд "Төрийн шагналд арын хаалга, танил тал харалгүйгээр авдаг ганц шагнал бол алдарт эхийн одон. Бид олон сайхан хүүхэд төрүүлсэн эх хүн гэдэг утгаараа Н.Энхбаяр даргыг эмчилгээнд хамруулахыг шаардаж байна. Өвчин шаналалыг нь сонсоод суухад хүнд байгаа учраас ийм л арга сонголоо" гэдэг юм.

Ж.Батсуурь:

-Манай улс өмнө нь жагсаал цуглаан гэхээр л өндөр аваад сүртэй байдаг байсан. Аль болох зөвшилцөх ойлголиох замыг сонгодог байлаа. Энэ удаа ээжүүдийн өлсгөлөнг яагаад тоохгүй байгаа юм бэ. Үүнийг дээд төвшиндөө шийдэх ёстой.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Энэ талын мэдээллийг Шадар сайд Д.Тэрбишдагваас авч байгаа. Бид хоёр энэ асуудлаар ярилцаж байгааг хэлэх хэрэгтэй.

Д.Тэрбишдагва

-Өлсгөлөн зарласан ээжүүдтэй УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нар очиж уулзсан. Мөн МАН-ын дарга Ө.Энхтүвшин ч гэсэн уулзлаа. Хүний эрх талаасаа тэднийг хүндэтгэх ёстой. Асуудлыг шийдэх гарц байгаа. Гарцыг шийдэх улс төрийн хүсэл байгаа эсэх нь эргэлзээтэй байна.