Х.Өнөрсайхан 2013.02.15 | Сайт: Vip76.mn

Сүүний бизнест хуримтлуулсан туршлага

Сүүний бизнест хуримтлуулсан туршлага
Монголд нийт албан ёсоор бүртгэгдсэн 200 гаруй сүүний ферм байна
Сүүний салбарын хөгжлийн явц

Монголчууд өнө эртнээс мал аж ахуй эрхэлж, таван хошуу малынхаа сүү саалиар төрөл бүрийн цагаан идээ бэлтгэж, өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншсан уламжлалтай цөөн ард түмний нэг юм. Ардын хувьсгалын өмнөх Монгол оронд нийгмийн нөхөн үйлдвэрлэлд гол байр эзэлж байсан, материаллаг үйлдвэрлэлийн үндсэн салбар болох мал аж ахуй нь нүүдлийн, үйлдвэрлэл, хэрэглээ нь натурал шинжтэй байснаас мал аж ахуйн бүтээгдэхүүний үндсэн үйлдвэрлэгчид нь хувийн аж ахуйтан-малчин, худалдан авагчид нь гол төлөв гадаадын хувийн пүүс байлаа.

Хувьсгалын анхны жилүүдэд тус оронд улсын бэлтгэлийн бодлогыг мал аж ахуйн бүтээгдэхүүн, ангийн үс зэрэг түүхий эдийг улсын гарт төвлөрүүлэхээс эхэлсэн юм.

Монгол улсын хөгжпийн түүхэн үе шат, нийгэм эдийн засгийн бодлого, түүний дүнд бий болсон өөрчлөлтүүдтэй уялдаж тус улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэл, үүний дотор сүү, цагаан идээний үйлдвэрлэл нь хөгжлийнхөө хувьд 3 үе шатанд хуваагдаж байгаад, одоо зах зээлийн эдийн засгийн бодлоготой зохицон өөрийн жамаар хөгжиж байна.

Бизнесийн хуримтлуулсан туршлага

Нэгдүгээр үе шат (1921-1940 онууд)

Монгол ардын хувьсгалт намаас 1923 онд боловсруулсан "Эдийн засгийн үндсэн бодлого" хэмээх баримт бичигт "...газар тариалан хөгжүүлэх, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Ховд зэрэг газарт тариа будаа, хүнсний ногоо тариалах, малаас гарах мах, сүүг боловсруулах эх үүсвэр бий болгох..." тухай заажээ. Энэ баримт бичиг гарсны дараа орон нутгаас сүү, цагаан идээ авч хотын хүн амын хэрэгцээг улсын худалдаа болон Сүүн захаар дамжуулан хангаж байв. Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийг онцгой анхаарч, дулааны улиралд их хэмжээний цагаан идээг малчдаас гэрээлэн бэлтгэж, өвөл хаврын улиралд худалдаагаар дамжуулан борлуулдаг байв.

Хоёрдугаар үе шат (1941-1960 онууд)

Сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах нь хүнсний бусад салбараас хожуу эхэлсэн. 1941 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Мал аж ахуйн яамны харъяанд цөцгийн тос боловсруулах анхны 2 заводыг сүүний 300

Сүү боловсруулах үйлдвэр

тасгийн хамт байгуулж байсан түүхтэй. Манай орны сүү, тосны заводууд 1941 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, 1946 онд анх удаа 300 тонн цөцгийн тосыг гадаадад нийлүүлсэн байна. Цөцгийн тос үйлдвэрлэх нь улсын хэмжээнд гүйцэтгэх асар том ажил байсан юм. Цөцгийн тос үйлдвэрлэлийн оргил үе 1956 онд улсын хэмжээнд 5700 тонн цөцгийн тос үйлдвэрлэжээ. Энэ үеийн сүү тосны завод технологийн хувьд тэр үеийн нөхцөл бололцоонд захирагдсан, гар хөдөлмөр голлосон, бэлчээр, усны аясыг даган нүүдэллэдэг маш энгийн гар үйлдвэрлэл байлаа.

Харин анхны сүүний үйлдвэрийг Улаанбаатар хотод 1958 онд ашиглалтад оруулснаар Монгол улсын сүү боловсруулах үйлдвэрийн хөгжпийн шинэ үеийн эхлэлийг тавьсан байна.

Гуравдугаар үе шат (1961-1990 онууд)

1960 оноос хойш энэ үеийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэлийн бодлого нь бүхэлдээ улсын бэлтгэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгүй болгох, Хөдөө аж ахуйн нэгдлүүдийг бэхжүүлж, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн талаар урамшуулах, хөдөөгийн хөдөлмөрчдийн аж байдал соёлыг дээшлүүлэх, экспортын хэмжээг хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэгдэж байлаа.

1959 оны 12-р сард Ардын Их Хурлаас "Мал, ноос, сүүг улсад нийлүүлэх тухай" хууль баталж хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйд улсын бэлтгэлийн төлөвлөгөөт даалгавар өгөх болсон юм.

1979-1989 онд Ховд, Арвайхээр, Улаангом, Улиастай, Даланзадгад, Аптай, Сайншанд, Өндөрхаан, Мандалговь, Цэцэрлэг, Өлгий зэрэг ихэнх аймгийн төв, хотуудад ээлжиндээ 5 тонн сүү боловсруулах хүч чадалтай цех бүхий хүнсний комбинатуудыг барьж ашиглалтад оруулжээ. Анхны хуурай сүүний үйлдвэрийг 1977 онд Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн дэргэд ашиглалтад оруулж, хоногт 20 тонн сүү хүлээн авч, хатаах цоо шинэ технологийн чадамжтай болсон байна.

Сүү боловсруулах үйлдвэрийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад ЗХУ ихээхэн тусалж дэмжив. Дээд боловсролтой инженер технологич,

Бүрэн техникжсэн сүүний ферм

инженер механик олон арван хүн ЗХУ-ын Москва, Ленинград, Одесса, Краснодар, Воронеж зэрэг хотуудын дээд сургуулиудыг төгсчээ.

Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотуудын сүүний хангамжийн бүсэд тус бүртээ 400-800 үнээний дулаан байр бүхий саалийн фермийг ашиглалтад оруулжээ. Сүүний чиглэлийн өндөр ашиг шимтэй үхрийг ЗХУ, Зүүн Германаас импортоор оруулж ирж, 1990 он гэхэд 200-1200 үнээтэй нийт 20,0 гаруй мянган толгой үнээ бүхий 36 механикжсан фермийг том хотуудын ойролцоо ажиллуулж төв суурин газрын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж ирсэн байна.

Хоногт 200 тонн сүү боловсруулж, олон арван нэр терлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг 1985 оны 7 дугаар сард Улаанбаатарт ашиглалтад оруулав. 1951 онд Улаанбаатарт өдөрт 40-80 литр сүүгээр гурван төрлийн холимог бэлтгэдэг сүүний газар байгуулсан нь хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэлийн үндэс суурь болсон юм. Улмаар ЗХУ-аас Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр бэлэглэснийг 1971 оны 6 дугаар сард Хүүхдийн сүүн тэжээлийн цех нэртэйгээр ашиглалтад оруулжээ.

Хүнсний үйлдвэрлэл бүхэлдээ эрчимтэй хөгжсөн энэхүү хугацаанд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү нийт хөдөө аж ахуйгаар үйлдвэрлэсэн сүүний 20 орчим хувийг эзлэж байв.

Салбарын уналт

Зах зээлийн огцом шилжилтийн үед хөдөө аж ахуйн бусад салбарын адил сүүний салбар уналтад орж, сүү цагаан идээ, цөцгийн тосны үйлдвэрлэл

1992 оноос эрс багасч, 1993 онд 1990 оныхоос 4.7 дахин, 1995 онд 34 дахин буурч, цөцгийн тосыг 1995 оноос бараг үйлдвэрлэхээ больжээ. Цөцгийн тосны үйлдвэрлэл бүрэн зогссон нь 1993-1995 онд гадаадаас тусламж хэлбэрээр 5-6 мянган тонн цөцгийн тос ирж байсантай зарим талаар холбоотой. Саалийн механикжсан фермүүд зах зээлийн нөхцөлд зардлаа нөхөж бие даан ажиллах чадваргүй болсноос зарим нь фермерийн жижиг аж ахуй болон задарч, нэг хэсэг нь бүрмөсөн хаагдснаар төв, суурин газрын сүү боловсруулах үйлдвэр, цехүүд түүхий эдгүй болж зогсонги байдалд орсон. Үйлдвэрийн уналтаас шалтгаалан бодит орлого нь эрс буурсан инженер, техникийн ажилтнууд, мэргэжлийн ажилчид, саалийн фермийн ажилчид олноор үйлдвэрлэл, үйлчилгээний өөр салбарт шилжиж хувиараа хөдөлмөр, арилжаа наймаа эрхлэх болсон юм.

Салбарын сэргэлт

Засгийн газраас хүн амын сүү, цагаан идээний хангамжийг сайжруулах зорилгоор "Цагаан хувьсгал" үндэсний хөтөлбөрийг 1999 онд батлав. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын сүү, цагаан идээний хангамж дээшлэхийн зэрэгцээ малчин өрхийн орлого нэмэгдэж, сүү боловсруулах үйлдвэрлэл сэргэн хөгжих суурь тавигдан 2006 оны   байдлаар   сүүний  

үйлдвэр, цехийн   тоо   80   гаруйд   хүрч,   үйлдвэрийн   аргаар боловсруулсан сүүний хэмжээ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад 4.7 дахин нэмэгдсэн байна. Жижиг үйлдвэрүүдийн технологийн түвшин, ялангуяа бүтээгдэхүүний сав баглаа боодол сайжирч ариутгасан сүү, тараг, зөөхий, хатуу болон зөөлөн бяслаг, амтат зайрмаг зэрэг олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай болсон байна.

Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлсэн хэвээр байна. Үүний дотор сүү цагаан идээний үйлдвэрлэл өдөр тутам чанартай хүнсээр хангах, орлогын эх үүсвэрийг нэгмэгдүүлэх, ажлын байр бий болгох чухал салбар тул манай орны хувьд ядуурал, хоол хүнсний хомсдолыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтод хүрэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.

Ийм ч учраас Засгийн газрын "Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих" хөтөлбөр, "Сүү", "Хүнсний баталгаат байдал" зэрэг үндэсний хөтөлбөрүүд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, санхүүгийн зарим бодитой дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдэж байна. /ҮХААЯ/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.