МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.11.22

Г.Шийлэгдамба: Манай нам МАН-тай нэгдэхгүй

Энэ сарын 24-нд МАХН-ын бага хурал болохоор зарлагдсан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Та өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр МАН-тай нэгдэх тухай асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Энэ зөвхөн таны байр суурь уу, эсвэл намын гүйцэтгэх товчооны болон танай намын байр суурь уу?

-МАН-тай нэгдэх эсвэл өөр аль нэг намтай нэгдэх тухай асуудал хэн нэг хүний хувийн байр суурьнаас үл шалтгаална. Энэ утгаар нь авч үзвэл аливаа намтай нэгдэх үү, эсвэл хамтарч ажиллах уу гэдэг асуудлыг дүрмийн хүрээнд явагддаг зохих хурлуудаараа хэлэлцэж шийдвэрлэдэг. МАХН-ын хувьд удахгүй болох аравдугаар чуулганаар дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн асуудлыг авч хэлэлцэхгүй юм. Ийм учраас  аль нэг намын цаашдын хамтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа бид зохих түвшиндээ ярилцаж, шийдвэрлэх энэ зарчмаараа авч хэлэлцэнэ.

-Танай намын дэд дарга Д.Тэрбишдагва МАН-ын XXVII их хурлын төлөөлөгчид хандаж ил захидал илгээж, хоёр намыг нэгтгэх тал дээр анхаарлаа хандуулахыг уриалсан шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ? Ер нь гишүүдийнхээ санаа оноог тандаж үзсэн үү?

Хоёр нам хоорондоо нэгдэх, нийлэх тухай асуудалд ач холбогдол өгч байгаа хүмүүс бий.

-XXVII их хуралд илгээсэн илгээлтийг Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд миний бие өөрөө очиж уншсан. Уг илгээлтийн агуулгад хоёр нам хоорондоо нэгдэнэ гэсэн ойлголт агуулга байгаагүй. Харин бид цаашдаа Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллая, Монгол Улсад шударга ёсыг тогтоох зорилго биднийг нэгтгэнэ гэсэн агуулга байсан. Хоёр нам хоорондоо нэгдэх, нийлэх тухай асуудалд ач холбогдол өгч байгаа хүмүүс бий. Бидний хувьд цаашдын хамтын ажиллагаа маань энэ улс эх орны хөгжил дэвшлийн төлөө байгаасай гэсэн ийм л зорилго чиглэлийг агуулж байгаа юм.

-Яг энэ асуудлаар МАН-аас гаргасан тодорхой санал, санаачилга байгаа юу?

-МАН-ын нөхдүүд маань хувийн байр сууриа гишүүнийхээ үүднээс илэрхийлж байж болох юм. Албан ёсны хамтын ажиллагааны талаар, бүр цаашлаад нэгдэх тухай бидэнтэй санал бодлоо хуваалцсан асуудал байхгүй.

-Ер нь угшил нэгтэй энэ хоёр намыг буцаагаад нэг малгайн дор нэгтгэх тал дээр танай намын жирийн гишүүний хандлага ямар байгаа вэ?

-Манай намын гишүүд дэмжигчдийн чин сэтгэлээсээ илэрхийлж байгаа нэг бодол санаа бол хоёр нам түүхэн нэг замналтай. Өнгөрсөн цаг хугацааны жаргал зовлонг хамтдаа туулж ирсэн. Ийм л түүхэн уламжлалтай намууд. Тиймээс 90 жилийн түүхтэй намын хувьд бидний өнгөрсөн амьдралын туршид туулж өнгөрүүлсэн энэ түүхэн замналаасаа илүү ирээдүйд чиглэсэн намынхаа үйл ажиллагааг илүү анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь, санал бодол нь төвлөрч байгаа.

Тодруулбал, Монголын улс төрийн намуудын хамтын ажиллагаа их чухал байна. Иймээс зөвхөн нэг намыг хоёр хуваах, эсвэл хоёр нам нийлээд нэг болох тухай асуудлыг тойрч ярихаасаа илүүтэй өнөөдөр улс төрийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд маань зөв зүйтэй ямар үйл ажиллагаагаараа нэгдэж, хамтарч ажиллах бололцоотой вэ гэдгээ эрэлхийлж ажиллах нь зүйтэй.

Түүнээс биш аль нэг намынх нь хуралдаан болох бүрт энэ хуралдааны утга агуулгыг алдагдуулах гэсэн байдлаар хүмүүст эргэлзээ төрүүлэхүйц асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мушгиж явуулах нь ач холбогдолтой зүйл биш шүү гэдгийг намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Тун саяхан МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын удирдлагыг хүлээн авч уулзалт хийсэн. Уулзалтынхаа үеэр үндэсний зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Энэ уриалга дээр та бүхэн ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Улс төрийн намууд тойроод суух нь буруу зүйл биш. Тэр тусмаа улс орны тулгамдаж буй асуудлуудын талаар улс төрийн намууд нэгдмэл нэг ойлголттой болох нь зүйтэй. Энэ утгаараа парламентад суудалтай намууд парламентынхаа түвшинд, парламентад суудалгүй намуудтайгаа дээрх зохион байгуулалтын хүрээнд уулзалтууд хийж, үндэсний зөвшилцөл гэж нэрлэнэ үү, намуудын хоорондын ойлголцлын асуудал гэж авч үзнэ үү ямар ч байсан хамтдаа асуудлаа ярьдаг байх нь туйлын чухал байна.

Тиймээс бид өнгөрсөн алдаанаасаа суралцаж, цаашдаа улс төрийн намууд шинэ шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд уг уулзалтыг зохион байгуулах санаачилга гарсан болов уу хэмээн ойлгож байгаа. Ийм санаачилгад буруу зүйл байхгүй.

-Улс төрийн тойм сонины саяхны нэгэн дугаарт МАХН-ын зарим гишүүд намын дарга Н.Энхбаяртаа захидал илгээж, намын даргынхаа суудлаас татгалзахыг хүссэн гэсэн агуулгатай мэдээлэл нийтэлсэн. Харин өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг үгүйсгэсэн. Ийм захидал бичигдээгүй гэдгийг та яаж баталж байна вэ?

-Хэрэв тийм захидал өөрөө бичигдсэн бол тухайн захидлыг бид олж харах ёстой. Тэгэхээр өнөөдөр би өөрийн нүдээр, мөн манай намын нөхдүүд дээрх утга агуулга бүхий ил захидлыг юм уу, санал бодлыг авч үзээгүй байна. Энэ нь өөрөө баталгаа. Байхгүй байгаа зүйлийг бид байхгүйгээр нь л хэлэх ёстой. Үүнд өөр ямар баталгаа хэрэгтэй гэж.