Г.Алтанзаяа: Хоёр хуулийг шинэчилсэнээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид таатай болно
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУИС-ийн профессор Г.Алтанзаяа
2014.10.20

Г.Алтанзаяа: Хоёр хуулийг шинэчилсэнээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид таатай болно

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУИС-ийн профессор Г.Алтанзаяатай Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
Тэрээр энэ оны 9 сарын 26-нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ” олон улсын форумд  “Нягтлан бодох бүртгэл, Татварын зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм.  

-Нягтлан бодох бүртгэлийн/НББ/ болон Аудитын хуулийг шинэчлэх асуудал яагаад яригдах болов. Өөрчилсөнөөр ямар ач холбогдолтой юм бэ?

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1994 онд батлагдсан ба 2001 онд өөрчлөлт орсон. Аудитын тухай хууль 1997 онд батлагдсан байгаа. 20 жилийн өмнөх зохицуулалтыг боловсронгуй болгох, бас зохицуулалтгүй харилцааг зохицуулах шаардлага байгаа нь өнөөгийн байдлаас тодорхой харагдаж байна.

Манай улсад НББ-ийн болон аудитын стандарт, дүрэм, журмын хэрэгжилт ямар байгааг Дэлхийн банк, ОУВС-ийн хамтарсан судалгаагаар 2008 онд судлан зохих дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байдаг. Түүнээс үзэхэд манайхан санхүүгийн тайлангийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлан тэнцэл бэлтгэхийн ач холбогдлыг олон хэрэглэгч ойлгодоггүй, Санхүүгийн тайлангаа татварт зориулан гаргадаг, санхүүгийн тайлан чанаргүй, санхүүгийн тайланд итгэх итгэл сул, хоёр тайлан гаргадаг, орлогын татвар–хойшлогдсон татвар хэмээх шинэ ойлголтыг практикт ашигладаггүй зэргээр бодит байдлыг дүгнээд зургаан жил өнгөрчээ.

Тэд бидэнд олон зөвлөмжийг өгсөн. Тухайлбал юун түрүүнд НББ-ийн болон Аудитын тухай хуулийг шинэчлэх асуудал. Мөн Аудитын болон аудитын бус үйлчилгээг ойлгомжтойгоор тодорхойлоод НББ, аудит, санхүүгийн тайлагналын хууль тогтоомжуудыг татварын зохицуулалттай үр дүнтэй уялдуулах хэрэгтэй байгаа. Энэхүү хоёр хуулийн шинэчлэлийг хийснээр бизнес эрхлэгч–хөрөнгө оруулагчид мэдээллийн зөв тогтолцоог бий болгох юм.

-Санхүүгийн тайланг зохиож гаргадаг гэж үнэн үү. Уг нь ямар байх ёстой вэ, татварт биш юунд зориулж гаргах ёстой вэ?

Монгол улсад Нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн тогтолцоо 1993 оноос эхэлсэн. Санхүүгийн тайланг гаргах, түүнд аудит хийлгэх нь татварын албаны шахалт, шаардлагаар хийгдэж эхэлсэн, энэ нь бизнесийн зориулалттай санхүүгийн тайлан нь татварын албанд гаргадаг санхүүгийн тайлан, аудит нь татварын асуудалд тулгуурладаг гэсэн практикийг бий болгосон. Өөрөөр хэлбэл татварын зориулалтаар л санхүүгийн тайлан, аудитын хөгжил эхэлсэн практик нь Дэлхийн банкны 2008 оны Стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд өгсөн үнэлгээний тайлан (РОSC)[1]-д дахь дүгнэлт гарахад хүргэсэн гэж үзэж болно.

Үйл ажиллагаа явуулсан хирнээ явуулаагүй гэх Х тайлан өгөх, тайлангаа гаргаж өгөхгүй байх, гаргасан ч татвар төлөхгүй талаас нь гаргах, эсвэл алдагдалтай гэж тайлагнах, бага татвар төлөх тайлан үйлдэх хандлага байсаар л ирсэн. Нийт тайлан гаргаж байгаа аж ахуйн нэгжийн 50-аас дээш хувь нь Х, алдагдалтай тайлан гаргадаг, эсвэл тайлангаа ирүүлдэггүй практик байна.

Энэ нь татварын хяналт шалгалтаар л илрэхгүй бол хэзээ ч илрэхгүй, хариуцлага үгүй. 40 гаруй хувь нь татвар ногдуулах орлоготой тайлан гаргаж буй. Ер нь бизнес эрхлэнэ гэдэг ашиг олоход зорилго нь оршдог биз дээ. Гэтэл алдагдалтай бизнес эрхлээд байна гээд тайлагнаад байгаа бол тэр бизнес яаж оршин тогтноод байна гэдэг нь асуудал байгаа биз.  

Санхүүгийн тайлангийн зорилго бизнес эрхлэгч нарт оруулсан хөрөнгө оруулалт чинь ийм үр дүн үзүүллээ гэдгийг мэдээлэхэд оршино. Харин татварын тайлан бол ийм хэмжээний татварын төлбөр төлөх боллоо гэдгээ тодорхойлж тайлагнахад оршино. Энэ 2 тайлангийн зорилго, баримтлах эрх зүйн нь өөр байгаа. Гэтэл санхүүгийн тайланг татварт зориулан гаргаад байгаа нь НББ-ийн олон улсын стандартыг мөрдөнө гэсэн хуулийн заалтаа зөрчөөд байна гэсэн үг.

Санхүүгийн тайланг бизнесийн зорилгоор, татварын тайланг татварын зорилгоор гаргаж буй байдал (2014 оны хавар 12 удаа 1168 хүнд лекц уншсан)-ыг лекц бүрийн эхэнд асуухад цөөн хүн гар өргөнө, хөдөө орон нутагт бол гар өргөх хүн үгүй, нийгэмлэгийн сургалтад хамрагдаж буй хүмүүсээс асуухад цөөн хүн гар өргөнө, гэхдээ сургалт, лекц явсны дараа асуухад гараа өргөх хүн тун цөөн болдог. Энэ бол өнөөгийн байдал.

Энэ хоёр тайланг яаж уялдуулах уу гэдгийг НББОУС-аар зохицуулсан. Орлогын албан татварын нөлөөлөл, түүнийг бүртгэж, тайлагнах зохицуулалтыг НББОУС 12-д заасан байгаа. Иймээс Нягтлан бодох бүртгэлийн хуулийн шинэчлэлд энэ асуудлыг орхигдуулж болохгүй юм.

-Бизнесийн эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан аж ахуйн нэгжүүд ялгаатай санхүүгийн жилтэй байх нөхцлийг бүрдүүлэх, НББ, аудит, санхүүгийн тайлагналын хууль тогтоомжуудыг татварын зохицуулалттай үр дүнтэй уялдуулах гэж юу гэсэн үг вэ

Энэ нь Монгол улсад НББ-ийн болон аудитын стандарт, дүрэм, журмын хэрэгжилт ямар байгааг Дэлхийн банк, ОУВС-ийн хамтарсан судалгааны 2008 оны тайланд өгсөн зөвлөмжүүд юм. Бизнесийн эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан аж ахуйн нэгжүүд ялгаатай санхүүгийн жилтэй байх нөхцлийг бүрдүүлэх гэдэг нь тайлагналын хугацаатай холбоотой. Санхүүгийн болон татварын тайланг ямар хугацаанд гаргах вэ гэдгийг хуулинд зааж өгдөг.

Манай улс энэ 2 тайлагналын хугацаа хуанлийн жилээр байгаа. Өөрөөр хэлбэл 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ны дуустал. Бусад улсад санхүүгийн жил гэдгийг татварын зорилгоор хэрэглэдэг, бас татвараа тайлагнах хугацаагаа бизнесийн цикл үеэр сонгож, татварын албатайгаа тохирдог практик байдаг юм билээ.

Энэ нь бизнесийн үр дүнг нэг цикл үеэр тодорхойлж, түүнээсээ татвараа төлөх асуудал юм л даа. Тухайлбал: тариалангийн аж ахуй эрхэлдэг байгууллагад тариалалт эхлэх зардал гарах үеэс ургацаа хурааж аваад борлуулаад орлого олох үе бол нэг цикл болж байгаа. Хуанлийн жилээр бол 2 цикл үеийн үйл ажиллагааны талыг нь нийлүүлэн тайлагнах болдог. Тэгэхээр бодит үр дүнг хэмжигдэхгүй болдог.    

НББ, аудит, санхүүгийн тайлагналын хууль тогтоомжуудыг татварын зохицуулалттай үр дүнтэй уялдуулах гэдэг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн чиглэлийн үйлчилгээний хүрээ, зааглалттай холбоотой. Үүнийг 2008 онд залруул гэсэн зөвлөмжийг бид авсан гэсэн үг. Аудитын ба аудитын бус үйлчилгээг (татварын зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээ) үзүүлэх этгээд, үйл ажиллагааны чиглэлийн ойлголтоос гарна.

Энэ асуудлын талаар дэлхийд нилээд маргаан мэтгэлцээн өрнөсөн бөгөөд зарим улс оронд хууль тогтоомжоороо зохицуулсан байхад, заримд нь маргаан болсоор л байгаа нь судалгааны материалуудаас харагдаж байна. Энэ талаар би илтгэлдээ оруулсан байгаа, түүнийсээ өгье. Татварын зохицуулалттай үр дүнтэй уялдуулах гэдэг нь санхүүгийн тайланг бизнесийн зорилгоороо гаргаад, татварын тооцоогоо хийхдээ түүний үр дүн дээрээ татварын хуулийн нөлөөллөөр үүсч буй зөрүүг нэмэх, хасах байдлаар зохицуулалтыг хийж татвар ногдуулах орлогоо тодорхойлж, бүртгэхийг л хэлж байгаа.

-Нягтлан бодох бүртгэлийн хүрээнд өнөөгийн шийдвэрлэх ямар асуудал байна вэ?

Хуулиудын шинэчлэлд НББ-ийн мэргэжлийн үйлчилгээний хүрээг цогцоор авч үзэх, түүний хүрээнд байгаа асуудлуудыг зохицуулах шаардлагатай юм. Асуудалд дараах зүйлүүдийг дурьдая. Үүнд:

Жижиг, дунд аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа татварын зорилгоор гаргадаг. Яах аргагүй хэрэгцээ нь татварын албанд тайлагнахад байгаа. Энэ талаар хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийг ангилалтыг оруулсан байгаа.

Жижиг, дунд аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа татварын зорилгоор гаргадаг.

Бичил аж ахуйн нэгжид тусдаа журмаар зохицуулсан тайлагналын ажил явагдана. Хамгийн гол нь их хялбар тогтолцоог бий болгож болно. Тогтсон тогтолцоогоо эвдэх аюул гарахыг бид мэдэхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр бичил бизнес рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх, түүгээрээ бизнесээ томруулах сонирхолгүй болох руу түлхэх бий.  

Төрийн албад тайлан үнэн зөв байх нь чухал бус, ирц хангах-тайлан ирүүлсэн байхад үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа нь өнөөгийн байдал. Хуульд бол үнэн зөв гээд л үгүүд бий. Үүнийг хэн ч хайхардаггүй, тэгэхээр хэн дуртай нь л тайлан гаргадаг, энэ нь хариуцлагагүй үгүй бизнес болсон(зар сурталчилгаа их байгаа).

Төрийн албаны цалин аваад сууж байгаа мөртлөө тайлан гаргаад л сууж байдаг. Бүр ил байсан, одоо зарим нэг нь больсон байх, зарим нь ч далд хэлбэрт орсон, түүнийг тогтоох, хянах механизм үгүй. Иймээс Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийг батласан нь хариуцлагатай тогтолцоог бий болгоход чиглэсэн.

Бизнесийн зорилгоор тайлан гаргах ажил бол ёс зүйтэй, мэргэжлийн эрх бүхий хүнээр гүйцэтгүүлж, хариуцлага хүлээлгэснээр хөрөнгөө оруулсан бизнесийн эздийн эрх ашгийг хамгаалахад оршиж байгаа юм л даа.  
НББОУС-аар шинэ харилцаанууд бүртгэлийн хүрээнд гарч байна. Түүнийг зохицуулах асуудлууд эдгээр хуулиудын шинэчлэлтэй холбоотой. Нэгдсэн санхүүгийн тайлан гаргах, санхүүгийн хөрөнгө, өр төлбөр, эрсдэл гээд олон зохицуулалт шаардсан зүйлүүд бий.

-Нийгэмд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний ойлголт төлөвшөөгүй гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээний хүрээнд аудит, татвар, дотоод хяналт, хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ, эрсдлийн удирдлага гээд санхүүгийн нарийн ойлголтууд зайлшгүй холбогдох ба үүнийг хэрхэн бүртгэх, тайлагнах вэ гэдэг нь оновчтой бодлого, зохицуулалтаас шууд хамаарна.

Тухайлбал: Татвар бол нягтлан бодох бүртгэлд огт хамааралгүй гэх үгийг бодлого тодорхойлогч мэргэжилтнээс сонсож байлаа. Уг нь мэргэжлийн бус хэн нэгэнд тийм мэт харагдаж магадгүй, гэтэл татвараа авах төрийн бодлого нь татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх үүргийг, тайлагналын системээр холбож өгсөн нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн бүртгэлд суурьлах, түүнийгээ үндэслэн татвараа тооцож, төлж, тайлагнах харилцаанд татан оруулж байгаа. Зарим аудиторууд татвар ердөө л түүний төлбөрийг төлөх ажил гүйлгээ, тиймээс нягтлан бодох бүртгэлээс салгах аргагүй гэх буюу татварын зөвлөх үйлчилгээ бол аудитын үйлчилгээний нэг гэнэ.

Тэгэхээр энэ 2 ухагдахуун нь яаж холбогдох, түүнийг хэрхэн бүртгэх, тайлагнах харилцааны зохицуулалтыг нарийн зааглаж ойлгох нь тус тусын зорилгыг хангах, түүгээрээ НББ-ийн тогтолцооны оновчтой бүтцийг бүрдүүлэх буюу улс орны хувьд зөв бүртгэлд сууриласан мэдээллийн тогтолцоо бий болгох үндэс гэж үзэж болно.     

Нягтлан бодох бүртгэлийг ерөнхийд нь санхүүгийн болон удирдлагын гэж ангилдаг ойлголтод сүүлийн жилүүдэд татварын бүртгэл нэмэгдэж, санхүүгийн тайлан, татварын тайлангийн хоорондын уялдаа, түүнийг бүртгэх арга зүйн хандлагын судалгаа, хэлэлцүүлгэ өргөн хүрээг хамрах болжээ. Энэ талаар судлан илтгэлдээ оруулсан байгаа.

Хамгийн наад зах нь аудитын, аудитын бус үйлчилгээний хүрээг, зааглалтыг ялгаж зохицуулах нь мэдээлэл хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг түгээх, аудитын чанар, бие даасан байдлыг хангах түлхүүр гэдгийг л ойлгох асуудал чухал байна.

-Татварын зөвлөх үйлчилгээ олон оронд байдаг уу?

Татварын зөвлөх үйлчилгээ нь төрт ёсны засаглалтай улс бүрт ямар нэг хэлбэрээр оршин байгаа нь тодорхой. (манайх шиг татвараа өөрөө тодорхойлон төлөх зохицуулалттай улс бүрт) Гол зүйл нь ямар хэлбэрийн институтээр, яаж зохион байгуулагдсан, юу гэж нэрлэж байгааг таниж мэдэх асуудал юм. Зарим нэг хүн зөвхөн Япон, Солонгост байдаг, манайх шиг жижиг улсад хэрэггүй гэж шүүмжилдэг. Татварын зөвлөх үйлчилгээтэй холбоотой дараах олон улсын байгууллагуудад Европын санхүүгийн нэгдсэн холбоо, Ази номхон далайн орнуудын татварын зөвлөхүүдийн холбоо (AOTCA) Ази номхон далайн 20 орчим улс, .... The society of trust and estate practitioners (STEP)[4] дэлхийн 50 гаруй улсын гишүүнчлэлтэй байна.

Эдгээр байгууллагуудын гишүүнээр дэлхийн 100 гаруй улс орон байгаагаас харахад цөөхөн улс оронд байдаг гэж үзэх аргагүй юм. Мөн татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн адил чиг үүрэгтэй, өөрөө удирдах ёсны байгууллага улс орон бүрд байдаг байна. Тухайлбал:
Татварын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтэнг Герман, Австри зэрэг европын улсуудад “Тax advisеr”, Япон, Солонгос улсад Certified Public Tax Accountant, Англи улсад Chartered Tax Adviser, АНУ-д Registered Tax Return Preparers, Австральд Tax Accountants, Сингапурд Accredited Tax Professionals зэргээр нэрлэж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зохицуулалт Европ болон STEP-ын гишүүн орнуудад мэргэжлийн стандарт, Япон, Солонгос зэрэг азийн зарим орнуудад хуулиар зохицуулж байна.  

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн (аудит, татвар) зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа нь өөр өөрийн чиглэлээр нарийвчлагдан зэрэгцэн оршин, бүртгэлжүүлэх, мэргэшүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, ёс зүйн хяналт тавих зэрэг практик олон улсад адил төстэй байна. Тухайлбал, Малайз Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажилагаа явуулах тусгай зөвшөөрлийг Малайз Улсын Нягтлан Бодогчдын Институтээс олгодог, татварын агент буюу татвар төлөгчдийг төлөөлж ажиллах зөвлөх үйлчилгээний эрхийг Сангийн Яамны харъяа Орлогын Газраас олгодог байна.

Төр засаг, төрийн байгууллагын зүгээс мэргэжлийн байгууллагуудын санал бодол, зөвлөмжийг хүлээн авч, тодорхой сэдвээр судалгааны ажил гэрээний үндсэн дээр хийлгүүлж, нягтлан бодох бүртгэл, татварын бодлого, заавар журам боловсруулахдаа тэдний саналыг сонсч, гарсан хууль дүрэм, заавар журмыг тэднээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчилж түгээдэг байна.

Тухайлбал, Сингапур Улсын Татварын Итгэмжлэгдсэн Мэргэжилтнүүдийн Институт нь шууд ба шууд бус татварын асуудал хариуцсан мэргэжлийн 2 хороотой. Хороо тус бүр өөрийн хариуцсан чиглэлээр татвар төлөгчдийн санал бодол, тулгамдаж буй асуудлаар судалгаа хийж, үр дүнг татварын хууль тогтоомж, заавар журмын заалттай холбон онол, практикийг нэгтгэсэн үндэслэлтэй санал зөвлөмжийг Татварын алба, Сангийн яамандаа танилцуулдаг байна.

-Тэгэхээр цаашид нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?

Энэ илтгэлийг бичихдээ НББ-ийн мэргэжлийн хүрээний үйлчилгээний төлөв байдлыг судлах, цаашид бид юунд анхаарах вэ? гэдэг анхаарлаа хандуулсан ба дараах дүгнэлтүүдэд хүрсэн. Үүнд:

Монгол улсад НББ-ийн мэргэжлийн үйлчилгээний тогтолцооны ерөнхий төлөв тогтсон ч үр ашигтай бүртгэл, хяналтын тогтолцоо болж хараахан чадаагүй байна. Иймд мэргэжлийн үйлчилгээний хүрээ, зааг, ялгааг гаргах, хооронд нь уялдуулсан зүй зохистой бүртгэл, хяналтын орчинг хангах институтцүүдийг хөгжүүлэх нь улс орны тогтвортой хөгжих нэг тулгуур нь юм.
Олон улсын байгууллагын зөвлөмжүүдээс харахад Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйлчилгээг цогцоор харж, тэдгээрийн хоорондын ялгааг таниж мэдэх, уялдуулах бодлого – Нягтлан бодох бүртгэл, Аудитын хуулийн шинэчлэлд дутагдалтай байна.

НББ-ийн мэргэжлийн үйлчилгээний зохицуулалт олон улсад аудитын, аудитын бус гэж зааглаж буй туршлага болон уг концепцийг баримтлах нь аудитын үйлчилгээг чанаржуулах, аудиторын бие даасан байдлыг хангах үндэс юм.

Монгол улс НББОУС-ын мөрдөхөөр бодлогоо томъёолсон, мөн татвараа өөрөө тодорхойлон төлөхөөр зохицуулалттай байгаа нь хэдийгээр жижиг эдийн засагтай ч түүндээ нийцэх институтцийг хөгжүүлэх, орчинг нь бүрдүүлэх зохицуулалт шаардлагатайг илэрхийлж байна.

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд олон улсад эрчимтэй хөгжиж хэрэглээ нь нэмэгдэж байгаа нь татварын нийгмийн болон зохицуулалтын үүрэгтэй шууд холбоотой буюу ардчилсан төрд хүний эрхийг хангах мөн чанарын үндэс юм. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэлтэй хэнд ч энэ тогтолцоог үгүйсгэх бус харин төлөвшүүлэх замаар хөгжлийн гол хөшүүргэ болгох учиртай.

Хуулийн шинэчлэлийг бид нэг өнцгөөс нь бус цогцоор нь авч үзэж, зохих зохицуулалтуудыг хийвээс хуулиуд урт хугацаанд үйлчлэх буюу нягтлан бодох бүртгэлийн тогтолцоогоо боловсронгуй болгож, олон улсын түвшинд хөл нийлүүлэх боломжтой болно л гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.