Ж.Батсуурь: Булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна
2011.09.23

Ж.Батсуурь: Булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна


"Тогтолцоог нь өөрчилсөн ч булхайгүй сонгууль болно гэж бодохгүй байна"
“Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг урилаа.

-Сайншандад өнгөрсөн хавар шинэ төмөр замын шав тавьсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэр тул танд нэлээд хамаатай болов уу гэж бодож  байна. Энэ ажлын явц ямархуу байгааг та очиж харсан уу?
-Салбарын сайд нь са­наачлан тийм арга хэмжээ зохион байгуулсан гэж тухайн үед сонсож байсан. Юу хийх гэж байгаагаа тэр үед  надад мэдэгдээгүй. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар эхний ээлжинд ерөнхийд нь төмөр замаа өргөтгөх, үндсэн төмөр замынхаа өргөтгөлийг хийхээр болсон. Сайншандаас Зүүнбаянгаар дайран өнгөрч Оюутолгой, Тавантолгойн чиг­лэлд төмөр зам барих, мөн Сайн­шандаас Дорнодын чиглэл рүү Хэнтий, Сүх­баатарын нутгаар дамжуулж төмөр замыг нэ­мэг­дүүлэх гэх мэт ажлууд эх­ний ээлжинд хийхээр бол­сон. Үүний дагуу Засгийн газар ажлаа зохион байгуулж бай­гаа. Гэхдээ бодит байдал үр дүнгүй байна. Хийсэн ажил нь өнгөрсөн хавар төмөр замын үйл ажиллагаа үзүүлдэг хэдэн байгууллагын техникийг аваа­чин шоу маягийн юм зохиосон болж таарчээ. Түүнээс хойш газар дээр нь айхтар ажил яваад байгаа юм харагдаагүй. Байнгийн хорооны хуралдаанд Засгийн газар энэ төмөр замын тал дээр төрөөс баримтлах бодлогын гол санаанууд, төмөр зам барьж байгуулах цаг хугацаа заасан график энэ тэртэй тодорхой материал оруулж ирсэн. Түүн дээр нь үндсэндээ 2012 онд 1100 км төмөр замыг барьж, байгуулаад дууссан байна гэж заасан байсан. Одоо ч надад тэр график нь байгаа. Би энэ талаар яамны удирдлагуудаас асууж байгаа. Амлалт нэхнэ гэдэг шиг л энэ нөхдийн “Та нар дандаа ингэж худлаа бичиг баримт гаргахаа болиоч ээ”  гэж амлалтыг асуусан.
-Төмөр замын ажил ийм байна. Тэгвэл таны тойрогт нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьсан байх аа. Тэр ёслол бас шоу болоод хоцорч байгаа юм биш биз?
-Ер нь олон хүн эргэлзэж байгаа. Миний хувьд үүнийг биелээсэй, боловсруулах үйлдвэр байгуулаасай гэж хүсэж байна. Ингэж найдахаас өөр арга зам үлдсэнгүй. Гэхдээ энэ ажилд гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөлөл байгаа болов уу. Үнэхээр бодит хөрөнгийн эх үүсвэр байгаа юу, үгүй юү гээд бодох зүйл их. Зарим талаар сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн шоу хийх, тууз хайчлах, шав тавих, нээлтийн ёслолууд олширдог. Гэтэл дийлэнх нь сонгуульд  зориулсан шоу болоод л төгсөнө. Би нэг жишээг  сайн санаж байна. Дээхнэ дээ, Налайхад нэгэн нэр дэвшигч сонгуулийн өмнөхөн бас л боловсруулах үйлдвэр байгуулна гэж том хашаа хатгаад, хэдэн мянган ажлын байр бий болгох ухааны юм яриад байсан. Тухайн бүс нутгийнхнийг үнэндээ залуусын ярьдгаар хошгируулж байсан л хэрэг. Түүнээс хойш арван жил өнгөрчихлөө. Ер нь нефть боловсруулах үйлдвэрийн тухайд зайлшгүй стратегийн гол түүхий эд болох шатахуунаа дотооддоо боловсруулж хэрэглэх шаардлага бий. Мэргэжлийн хүмүүсийн ярианаас сонсоход долоон байгууллага боловсруулах үйлдвэр барих зөвшөөрлөө авчихсан гэсэн. Үнэхээр боловсруулах үйлдвэр босгох нь гэсэн зүйл харагдахгүй л байна. Зарим нь дуулиан шуугиантайгаар шав тавьж, нээлт хийж л байгаа харагдах юм. Гэхдээ боловсруулах үйлдвэрийн асуудалд Засгийн газар бодлогын шинж чанартай ажил зохион байгуулахгүй бол тийм амар хялбар бүтэх ажил биш.
-Сайншандын аж үйлдвэрийн парк ч бас үүнтэй адил байх даа?
-Ер нь газар сайгүй, нийслэлийн алслагдсан жижиг дүүрэг хүртэл ойгоо тэмдэглэж байна. Тэр зуураа “Манайх том аж үйлдвэрийн парк байгуулна” гэж ярих нь сонсогдож л байгаа. Гэхдээ ажиллах хүч багатай, цөөн хүн амтай улс оронд аймаг, дүүрэг болгон өөрийн гэсэн парктай болчихно гэж юу байхав. Уул уурхайн бүтээгдэхүүн олборлох, боловсруулах боломжтой бүс нутагт нь аж үйлдвэрийн парк барьж байгуулах ёстой. Дорноговь аймгийн төвөөс  холгүй газарт цементийн томоохон үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тооцож байгаа. Энэ бол аж үйлдвэрийн паркын нэг  хэсэг л дээ. Бүтээн байгуулалтын том төслүүд дээр анхаарах нь зөв. Харин энгийн нэг төрийн байгууллагын байр барих гэж баахан зардал гаргаад байхыг нэг их дэмжихгүй байна. Өнөөх том байрууд нь наад зах нь цахилгаан, дулааны зардал өндөртэй эд байна шүү дээ. Гэхдээ аж үйлдвэрийн парк байгуулна гээд байгаа энэ олон санаануудаас яг ажил болох нь ховор байгаа. Тийм учраас “Үүнийг барьж байгуулна” гээд худлаа шоу хийж, ард түмнийг хошгируулаад байх шаардлагагүй л дээ. Ер нь Дорноговийн бүс нутагт бүтээн байгуулалт хийх хэрэгтэй. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, төмөр замын барилга байгууламжууд гээд хийх ажил их байгаа. Тэр ч утгаараа ажлын байр нэмэгдэнэ.
-Хошгируулах гэснээс саяхан нэгэн хэвлэлээс таны болон танай намын хөтөлбөр хошгируулалт байсан гэсэн утгатай нийтлэл олж уншлаа?
-Тийм байна билээ. Сайхан гарчиг тавиад нийтэлсэн байсан. “Монгол Ардын нам, УИХ-ын зургаадугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон Ж.Батсуурь гишүүний мөрийн хөтөлбөр хэрэгжсэнгүй” гэж бичсэнийг харсан. Тэгэхээр УИХ-ын 2008 оны сонгуулийн нэг онцлог бол нэр дэвшигч өөрийн бие даасан мөрийн хөтөлбөртэй байгаагүй. Бие дааж нэр дэвшигчдэд л энэ илүү хамаатай байх. Түүнээс аль нэг намаас нэр дэвшсэн хүнд өөрийн мөрийн хөтөлбөр гэж байгаагүй. Яагаад гэвэл тэртээ тэргүй ганц хүн нэр дэвшсэн бүс нутгийг бие даагаад хөгжүүлчихнэ гэдэг түвэгтэй шүү дээ. Манай нам тухайн үед МАХН нэртэй байсан. Намын хөтөлбөр одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод хэрэгжиж байна.
-Засгийн газрын хийсэн ажлыг та “Би хийсэн” гэж хэлдэг тухай бас бичсэн байсан?
-Хамгийн сонирхолтой нь Засгийн газрын хийсэн ажлыг гишүүн “Би хийсэн” гэж яриад байна гэснийг гайхаж байлаа. Ерөөсөө тэр мөрийн хөтөлбөр гээчийг чинь нэр дэвшигч ганцаараа биш намаараа боловсруулдаг. Хэрэгжүүлэх арга зам нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болдог. Засгийн газар чинь бидний бүтцийг нь хэлж, ярьж байгуулдаг газар шүү дээ. Тэгээд гүйцэтгэх засаглал нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Засгийн газар тэр мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ямар хууль хэрэгтэй байгааг гишүүд бид өргөн барьж байна. Бид ч заримдаа санаачилж хууль гаргах, шинэчлэх, боловсронгуй болгох ажлыг хийдэг. Ерөөсөө зөвхөн нэр дэвшигч л хариуцах ажил гэж ойлгох нь буруу зүйл. Тэр битгий хэл ганцхан Засгийн газар гэлтгүй Засгийн газрын үргэлжлэл буюу хөдөө орон нутагт багийн Засаг даргаас л ажил  эхэлнэ шүү дээ. Жишээлбэл, мөрийн хөтөлбөрт тусгасан нэг зүйл бол сум бүрийг хөгжлийн сантай болгоно, жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн заалтыг 3-4 жил амжилттэй хэрэгжүүлж байна. Хэрэгжилтийг зохион байгуулж байгаа хүмүүс, орон нутгийн зарим удирдлагын алдаа дутагдлаас үүдэн шүүмжлэл дагуулсан жишээ байгаа. Түүнээс гадна Дорноговь аймагт өмнө огт хийгдэж байгаагүй ажлыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Энэ оны төсөвт Дорноговь аймагт гэхэд нэг тэрбум 27 сая төгрөгийг хуваарилсан. Мөнгөө зарцуулахдаа аймгийн удирдлагууд ярьж байгаад аль суманд ямар байшин барилга засах, ямар тоног төхөөмж шаардлагатай талаараа ярилцана. Нэг жилд тэрбум гаруй төгрөг төсөвлөхөд багагүй асуудал шийдэх нь ойлгомжтой. Монгол Улс бол АНУ шиг штатуудтай болчихоогүй. Нэгдсэн төсөвтэй. Тэр төсвөөс нь УИХ-ын гишүүн тасдаж аваад “Би тойрогтоо зарцуулна” гээд давхина гэж байхгүй биз дээ.
-Төсвийн тодотголын талаар эхнээсээ гишүүд ч, эдийн засагчид ч яриад эхэлжээ. “Сонгууль үнэртүүлсэн тодотгол хийх нь” гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байна?
-Төсөвт тодотгол хийхдээ ямар арга хэлбэрээр, ямар зардлуудыг тодотгож байна гэдгээсээ шалтгаалж шаардлагатай эсэхийг нь ярина. Миний ойлгож байгаагаар Засгийн газар энэ долоо хоногт Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих байх.  Тэр үед материалыг нь үзэж харж байж, “Энэ тодотгол хийх шаардлагтай зардал байна. Энд хэрэггүй” гэж ярина. Одоогоор хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор тодорхой тооны бонд гаргахыг зөвшөөрсөн.  Эдгээрийг зайлшгүй тодотгох шаардлагатай байх. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал дээр тодотгол хийх шаардлагатай болов уу гэж бодож байна.
-Харин ямард нь тодотгол хийх шаардлагагүй бол?
-Баахан хөрөнгө оруулалт ярьж, шав тавих ажил төдий зүйл хийх, мөнгө нь дорвитой батлагдахгүй байшингийн сууринаас хэтрэхгүй зардлуудыг тодотгох шаардлагагүй. Дээр нь жалга довны үзлээр сум болгонд нэг юм барих ёстой гэдэг ч юм уу хөрөнгө тарамдсан ажлуудыг дэмжихгүй. Ингэж тодотгол хийх юм бол утгагүй. Харин энэ жил эхэлсэн гүйцэтгэл өндөртэй яваа, зарим хөрөнгө оруулалт нь дутуу байгаа ажлуудыг гүйцээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын зарим зардлуудыг тодотгох шаардлагатай. Яагаад гэвэл барилгын материалын үнийн өсөлтөөс эхлээд жил ирэх тусам зарцуулах мөнгө нэмэгдэх барилга, байгууламжууд гэж байна шүү дээ.
-Чуулган эхлэх гэж буйтай холбоотой хэдэн асуулт байна. Сонгуулийн тогтолцооны тал дээр хэдэн сар дамжин ойлгомжгүй байдалтайгаар явлаа. Зөвшилцөх ажлын хэсэг ч ажлаа хийж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өнөөг хүрч байна. Тогтолцооны асуудал хэрхэн шийдэгдэх бол. Хуучин тогтолцоог нь авч үлдэх саналууд ч цухалцаж эхэллээ?
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа парламентын сонгууль болоход голдуу нэг мандаттай жижиг тойргийн мажоритар хувилбарыг хэрэглэж байсан. Пропорционал хувилбарыг ч бас хэрэглэж байсан. Энэ удаа сонгуулийн  эрхзүйн орчныг ши­нэчлэе, өөр арга механизмыг хэрэглье, холимог хувилбарыг сонгоё гэсэн яриа, хөөрөө бий. Энэ бүхнийг тэр тогтолцоогоо солилцсоноор сонгууль булхай луйваргүй болчихно гэж би бодохгүй байна. Ер нь аль ч тогтолцоо  дэлхийн улс орнууд хэрэглэж ирсэн боломжтой л сонголт. Гол нь үүнийгээ хаа хаанаа ёс зүйтэй, шударга үр дүнгээ өгнө гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ нэг их айхтар бачуураад байх зүйл биш. Бидний хэрэглэж ирсэн тогтолцоог муу гэж хаана ч хэлдэггүй шүү дээ. Харин ч тойргийн зарчмыг одоохондоо Монголд тохирох зүйл гэж би хувь хүнийхээ хувьд боддог. Яагаад гэвэл би тэртээ алслагдсан 1000 километрийн аймгийн төв, түүний цаана 200-300 километрийн зайд байгаа сумд төрийн хууль тогтоох байгууллагын бие төлөөлөгч тойргийн зарчмаар тэндээс сонгогдоод тэндхийн иргэдтэй уулзаад, чуулганы завсарлага болгоноор очиж ажиллана гэдэг чинь зөв. Хэрвээ цэвэр пропорционал гээд “Би Монгол Улсаас сонгогдсон болохоос тэр холоос сонгогдоогүй. Тийшээ очиж иргэдтэй уулзаад яах юм” гэх юм бол болохгүй л дээ. Улс орны онцлог, тархай бутархай байршил, энэ олон засаг захиргааны нэгж ийм байгаа нөхцөлд тойргийн зарчим нь оновчтой байх. Тойргийн зарчим байхгүй болсон гээд дөрвөн уулынхаа дунд бужигнаад, бүх юм Улаанбаатарт байх ёстой гэж яривал хот, хөдөөгийн ялгаа, алслагдсан бүс нутгуудын ард иргэдийн асуудал гээд нэлээд зүйл орхигдох байх. Гэхдээ холимог тогтолцоог ч бид дэмжиж байгаа. Бид ер нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж бодож байна.
-Яагаад тэр билээ?
-Тодорхой өөрчлөлт оруулъя гэж ярилцаж байгаа. Засгийн газрын гишүүдийн хэт олонх нь УИХ-аас сонгогдож байна. Үүнийг арилгамаар байна. Дор хаяж гуравны нэгийг нь УИХ-аас сонгож болох юм. Их хурал, Засгийн газар хоорондын ажлын уялдаа, зааг тодорхой байх ёстой. Хэт хоорондоо уусаад байх юм бол УИХ өөрөө Засгийн газартайгаа хариуцлага тооцох, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавих зарчим алдагдаж байна. Тиймээс Засгийн газрыг нэг талаас мэргэжлийн хүмүүс удирдах шаардлага бий. Мөн орон нутгийн удирдлага, засаг захиргааны нэгж гээд бодох зүйл их байна. Хот гэдэг статусыг үндсэн хуульд суулгаж өгөх, аймаг, сумын удирдлагыг ямар зарчмаар сонгох вэ гэдэг ч юм уу. Тогтолцооны гажигаас болоод орон нутгийн удирдлага хоорондын харилцаа их алдагдсан. Жишээ нь нэг нөхөр, “Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон. Надад Ерөнхий сайд ямар хамаатай юм” гэх хандлага гаргадаг шүү дээ. Тэрнээс гадна УИХ-ыг жаахан өргөтгөх шаардлагатай. Монгол Улс дэлхийн хэмжээний эдийн засгийн асуудалд яригддаг болсон ийм цаг үеийг 20 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй болсон байна. Одоо зөвхөн Оуютолгой, Тавантолгой л гэж яриад байна. Гэтэл цаана нь ураны болон нүүрсний маш олон ордуудын  асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна. Их хурал дээр одоо долоохон байнгын хороо ажилладаг. Ганцхан эдийн засгийн байнгын хороонд гэхэд үйлдвэр, худалдаа, дэд бүтэц гээд маш олон асуудлыг хэлэлцүүлэхээр чихчихдэг. Хэлэлцэж амжихгүй байх нь бий. Хэлэлцээд хангалтгүй байх тохиолдол ч гардаг. Тиймээс үүнийг өргөтгөж 100 гаруй УИХ-ыг гишүүнтэй болгох ч юм уу эсвэл байнгын хороодыг мэргэшүүлэх талаас нь анхаарвал зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.