Малын хулгай буурсан ч арга нь нарийсч, зохион байгуулалттай үйлдэх болсон талаар гишүүдэд дуулгалаа
2010.04.21

Малын хулгай буурсан ч арга нь нарийсч, зохион байгуулалттай үйлдэх болсон талаар гишүүдэд дуулгалаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн нар ЦЕГ-ын удирдлага болон Эрүүгийн цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Мөн Налайх, Сонгино хайрхан дүүрэг дахь малын гаралтай түүхий эд борлуулах цэгүүд болон Хүчит шонхор захын үйл ажиллагаатай танилцлаа.

Сүүлийн таван жилийн тоон судалгаанаас үзэхэд мал хулгайлах гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлттэй байгаа боловч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа арга нь улам нарийссан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өмчид учруулж байгаа хохирлын хэмжээ хэд дахин өссөн, гэмт этгээдүүд тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж, урьдчилан үгсэн тохиролцож нарийн зохион байгуулалттайгаар малын бэлчээрлэх цаг хугацаа, хариулга маллагаагүй үеийг судалж гэмт хэрэг үйлдэж байгаа нь илрүүлсэн хэргүүдээс харагдаж байгаа талаар ЭЦГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр гишүүдэд мэдээллээ. 2010 оны эхний улиралд бүртгэгдсэн малын хулгайн хэргийн гаралт болон сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээр Архангай, Дорнод, Төв, Увс, Хэнтий аймгууд, нийслэлд Сонгино хайрхан дүүрэг харьцангуй өндөр байгаа юм.

Гэмт хэргийг нөхцөл байдлаас харахад зохион байгуулалттай бүлэглэн үйлдэх нь давамгайлж байгаа боловч үйлдсэн хэргээ хүлээх болохоор ганцаар үйлдсэн гэдгээр хэрэг хүлээх тохиолдол элбэг байгаа нь ялын бодлоготой холбоотой гэнэ. Хэрэв бүлгээр үйлдсэн гэж тогтоогдвод доод тал нь 5 жилийн хорих ял эдэлдэг бөгөөд харин ганцаараа үйлдсэн гэж тогтоогдвол ял хөнгөрч 6 сар хүртэл хөөн хэлэлцэх хугацаатай болохоор хэрэг хийсэн этгээдүүд аль болох хэргээ ганцаараа хүлээх зорилго агуулдгаас зарим хэрэг шийдэгдэхгүй он дамнан хүлээгддэг талаар ч цагдаагийн удирдлагууд ний нуугүй ярьж байсан. Малыг хулгайлахдаа борлуулах, ашиг олох зорилгоос гадна өндөр үүлдрийн ашиг шимтэй, хурдны морьдыг зүүнээс баруун аймгуудад борлуулах сүлжээ эрс идэвхжиж байгаа гэнэ. Хүчит шонхор захад нийлүүлэгдэж байгаа мах гэхэд Архангай, Хэнтий аймгаас ихэнхи ирж байгаа судалгаа бий.Түүнчлэн мал хулгайлахдаа бэлчээрт байгаа малыг шөнийн цагаар гэрэл тусган галт зэвсэг хэрэглэн бууддаг талаар цагдаагийн ажилтан баримт түшин хэлсэн.

Урьд нь малыг бөөнөөр нь хулгайлдаг байсан бол өнөөдөр ганц нэгээр нь хулгайлах хандлага давамгайлж, нийслэл рүү ачиж орж ирэхдээ хүртэл том оврын машинд бус суудлын тэргээр зөөдөг болсон байна. Цагдаагийн байгууллагаас энэ гэмт хэргийг бууруулахын тулд малын гарал үүслийн гэрчилгээ болон шалган нэвтрэх товчоод, төвлөрсөн захуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг боловсронгуй болгох, малын хулгайтай тэмцэх цагдаагийн хэлтэс тасгуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, тус бүтцийг ЦЕГ-ын төв аппаратад бий болгох, алдуул болон хулгайлагдсан малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим лавлах бий болгох, үнэ төлбөргүй утасны тусгай дугаар бий болгох, мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал бий болгох журмыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байгааг Ө.Энхтөр дарга гишүүдэд уламжилсан.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Био дахь цагдаагийн тасаг малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр иргэдийн оролцоотой хэрхэн амжилттай ажиллаж байгаагаа танилцуулсан.Энэ хэсэг нь урдуураа Төв аймагтай, баруун талаараа Алтанбулаг сумтай хил залгаж, 722 өрхийн 32510 малтай. Мал тууврын гол зам дагуу байрладаг отрын зам газар. Мөн хурдан морь сонирхогчдын суурьшлын бүс нутаг юм. 2005 оноос мал бүхий иргэдийн санаачлагаар ‘’Иргэд-малчдын холбоо’’ байгуулан ажилласнаас хойш малын хулгай илт багасаж, жилд ийм төрлийн хэрэг 20 орчим гардаг байсан бол энэ тоо илт буурч 2 болсон мэдээг Био дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Баатарцогт УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Малчид цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, иргэд малаа хамтын хүчээр ээлжлэн хариулж, малын өнгө зүс, им тамганы нэгдсэн бүртгэлтэй болж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй сэжигтэй хүмүүсийн үйл хөдөлгөөн, хань хамсаатанг судалж, хяналтыг өндөржүүлснээс гадна хэний мал хаашаа бэлчиж, хэзээ ирдэг, нутаг орныг дайран өнгөрч байгаа болон орогнож байгаа хүмүүсийн үйл хөдөлгөөнийг ажиглаж мэдээлэх, морин эргүүлээр ажилласан зэрэг нь малын хулгайг таслан зогсоох гол хөшүүрэг болжээ.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дээрх хамт олонд талархал дэвшүүлээд дэмжин дэлгэрүүлмээр иймэрхүү хамтын ажиллагааг төрөөс хэрхэн дэмжиж байгааг тодруулахад ямар нэгэн урамшуулал байдаггүй. Урамшууллыг төсөвт тусгагддаг ч Сангийн яам хасдаг талаар тус тасгийн дарга хариулсан. Энэ мэтчилэн тулгамдсан асуудлаа Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, төсөв хэлэлцэх үед санал оруулж шийдвэрлэх бүрэн боломтжтой гэж Д.Тэрбишдагва гишүүн хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.