Төв аймгийнхан тусламжийн бараагаа хүлээн авлаа
2010.04.12

Төв аймгийнхан тусламжийн бараагаа хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгсөн барааг Төв аймаг хүлээн авлаа. УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд 2010 оны  4 дүгээр сарын 10-ны өдөр тусламжийн барааг хүлээлгэн өгсөн байна.


Төв аймагт ноогдож байгаа 195 тонн барааг богино хугацаанд сумдадаа хүргэхийг орон нутгийн удирдлагад Шадар сайд даалгалаа.

Төв аймгийн 8 сум гамшгийн байдалд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган мал хорогдоод байна. 1000 гаруй малаас ердөө 20-иодхонтой үлдсэн айл ч цөөнгүй байгаа гэнэ. 

Цас их орж, эрс хүйтэрснээс эх мал тарга хүч алдан, жилбэ муутай төллөж байна.  Төв аймгийнхан гарсан төлийн 60 хувийг 10 хоног тэжээхэд хүрэлцэх сүү, тэжээлийн нөөц бүрдүүлж, өвс, тэжээлийн фонд байгуулан, улсын нөөцөөс хямдралтай үнээр өвс, тэжээл авчээ.

Мөн өдөр Шадар сайд М.Энхболд, Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар Төв аймгийн Сэргэлэн сумын малчдын гэрээр орж амьдрал ахуйтай нь танилцан тусламжийн бараа өгсөн байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд өмнө нь тойрогтоо ажиллаж байхад Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг сум хүн эмнэлгийн машинтай болох хүсэлт тавьж байсан. М.Энхболд энэ асуудлыг шийдвэрлэж мөн өдөр дээрх сумдын хүн эмнэлгийн эрхлэгч нарт автомашиныг нь хүлээлгэн өгчээ.
Цаашид малчдын эрүүл мэндэд анхаарах, малгүй болсныг нь малжуулах, банкны зээлийн асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх зэрэг чиглэлээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг ирэх гурван 7 долоо хоногт багтан саналаа Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.