Д.Тэрбишдагва: Иргэдийн эрүүл мэндтэй харьцуулахад 3-5 тэрбум юу ч биш
0
2009.12.08

Д.Тэрбишдагва: Иргэдийн эрүүл мэндтэй харьцуулахад 3-5 тэрбум юу ч биш

УИХ дахь МАХН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хамтарсан Засгийн газарт "туслах" ажлын хэсгүүд байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Нэг ажлын хэсгийн ахлагчаар нь та томилогджээ. Ямар асуудал хариуцан ажиллах вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар УИХ-ын 2007 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тогтоол гэж гарсан юм. Тэгээд сая УИХ-ын даргын захирамжаар дээрх тогтоолын биелэлтийг хянан шалгах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ тогтоол уг нь их мундаг тогтоол л доо. Одоо харин бид биелэлтийг нь шалгаж, цаашид юу хийх хэрэгтэй байна гэдэг дээр дорвитой ажил явуулах шаардлагатай байна. Утааны сэдэв бол зөвхөн Улаанбаатараас сонгогдсон миний хувьд ч бус хотын иргэн бүрийг эмзэглүүлж байгаа сэдэв юм. Уг асуудал дээр мэргэжлийн хүмүүсийг түлхүү оруулах бодолтой байгаа. УИХ-ын даргын захирамжийн дагуу ямар байгууллагууд хэрхэн ажиллаж, цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа зэрэгтэй нь эхэлж танилцана.

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэдэн гишүүн ажиллах вэ?

-УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн, Д.Очирбат, Я.Батсуурь, Д.Энхбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

-Уг нь төрөөс утааны эсрэг арга хэмжээнд бараг зургаан тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Гэтэл үр дүн нь ер мэдрэгдэхгүй байна.

-Ерөөсөө одоо нэгдсэн, системтэй бодлого явуулах хэрэгтэй байна. Жил бүр л бараг бүх яам утааны талаар ярьдаг. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд газар болгон л үүнийг ярьдаг. Гэвч утаанаас ангижрах талаар дорвитой, энэ бүхнийг зангидсан бодлого нь алга. Бусад улс орнуудад янз бүрийн арга хэмжээ явуулж, хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Тухайлбал, Мексикийн Мехико хот бол утаа ихтэй, хамгийн бохир хот байсан. Утаанаас хэрхэн ангижирсан тухай мэдээллийг нь сая олж авлаа. Тэгсэн тус хотын дарга томоохон хэмжээний ажил зохион байгуулж, хэрэгжүүлсэн юм байна.

-Мехико хотын утааны эх үүсвэр нь юу байсан юм бол?

-Машины утаа агаарыг нь бохирдуулж байсан юм билээ. Утаан дахь хорт бодисын хэмжээ нь их байсан байна. Харин үүнийгээ олон талт арга хэмжээ явуулсны дүнд өнөөдөр хамгийн цэвэр агаартай хотын тоонд оржээ. Тухайлбал, иргэд нь автобусаар их зорчдог болсон. Мөн унадаг дугуйны хэрэглээг ихэсгэж, замыг нь тавьж өгсөн. Бас явган хүний болон зугаалах зориулалттай замууд олноор нь тавьсан байх жишээний.

-Манай орны хувьд утааны гол эх үүсвэр нь гэр хорооллынхны түлдэг түлш гэж байгаа.

-Манай нийслэлийн хувьд агаар дахь хорт бодисын хэмжээ нь мөн л их байгаа. Агаарын болон утаа, шорооны тоосонцорын хэмжээ асар өндөр байна хэмээн Германы Техник хамтын ажиллагааны байгууллагаас хийсэн судалгаагаар гарсан. Бид ийм л агаараар амьсгалж байна. Үүнээс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Уушгины болон зүрх судасны өвчтэй болж байна. Дээр нь хүмүүс утааны асуудал дээр маш их бухимдаж байгаа болохоор сэтгэл санаагаараа хохирч байна. Бас элэг муудаж, төрөл бүрийн харшил үүсч байна. Иргэд тэр бүхнээ эмчлүүлэх гэж маш их хэмжээний мөнгө зарцуулж байна. Эмнэлэгт хэвтэнэ, гадагшаа явж эмчлүүлнэ гээд... Мөн сүүлийн үед хүүхдүүд хорт хавдартай төрж байна гээд сэтгэл эмзэглүүлсэн мэдээллүүд их ярих боллоо. Монгол хүний нас богиносож байгаагийн нэг шалтгаан нь энэхүү утаа болж байгаа тул иргэн бүрийн л санаа тавих хамгийн чухал асуудал болоод байна.

-Танай ажлын хэсэг тодорхой ямар аргууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Нэгэнт утааны зонхилох хэмжээг гэр хорооллынхон "үйлдвэрлэж" байгаа болохоор хамгийн түрүүнд түлшиндээ өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Жил бүр л үүний талаар ярьдаг л даа. Гэхдээ утаа бага гаргадаг түлшийг амьдралд өргөн нэвтрүүлэх боломжууд байсаар л байна. Хагас коксжсон түлшээр гэр хороолол болон станцуудыг хангаж чадвал утааны хэмжээ 50-70 хувиар буурна гэсэн тооцоо бий. Цахилгаан станцуудын хувьд зуухыг нь солиход л шийдэгдэж болох жишээтэй. Ухаа худаг, Гашуун сухайт зэрэг орд газруудад хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх гэж байна.

-Утаа бага гаргадаг ч өндөр үнэтэй болохоор хүмүүс өргөнөөр хэрэглэж чадахгүй байгаа шүү дээ. Үүнийг зохицуулах санаа танд бий юу?

-Бид өнөөдөр эрүүл мэндээрээ, сэтгэл санаагаараа, эмэнд зарцуулж байгаа мөнгөөрөө үүнээс ч илүү хохирч байгаа шүү дээ. Тооцохын аргагүй хохирол амсаж байгаа. Гэхдээ утаа бага гаргадаг түлш хэрэглэж байгаа өрхөд төрөөс дэмжлэг үзүүлэх маягаар зохицуулж болох юм билээ. Жилд дунджаар 3-5 тэрбум төгрөг орно гэсэн тооцоо бий. Ард, иргэдийн эрүүл мэндийн дэргэд энэ бол юу ч биш.

Дараагийн нэг зүйл нь дулааны алдагдлыг багасгах арга юм. Дулаан алдагдлыг 20-50 хувиар бууруулж чадвал жилд сая тонн нүүрс түлдэг гэж үзвэл 500-600 мянган тонн нүүрс ашиглах нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, айл өрхийн түлэх нүүрсний хэмжээ багассанаар, төдий хэмжээгээр утаа багасах юм. Хагас коксжсон түлшийг өргөнөөр нэвтрүүлэх, дулааны алдагдлыг багасгах дээрх аргууд дээр эрдэмтэд болон мэргэжлийн хүмүүс санал нэгтэй байдаг юм байна лээ.

Мөн гэр хорооллынхныг орон сууцжуулах асуудал чухалд тавигдана. Үүнийг дээрх аргуудтай зэрэг явуулах ёстой. Үүний зэрэгцээ оюутны хэд хэдэн хотхон барих шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр оюутнууд хэд хэдээрээ нийлээд гэр хороололд гэр хөлсөлж суугаад янз бүрийн болох, болохгүй зүйлээр түлшээ хийж байна.

Дээрх арга замуудыг эрчимтэй хэрэгжүүлж чадвал цаашид манай улс газан түлшинд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгол Улсын хөрсөн доор асар их газын нөөц бий. Энэ мэтээр бүхнийг төлөвлөгөөтэй хийж чадвал, ойролцоогоор таван жилийн дараа Улаанбаатар хотын утааны хэмжээг 50 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. Энэ асуудлыг бодит үр дүнд хүргэхийн тулд 5-10 жилийн хугацаатай ойрын, дунд, урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай.

-Бээжин хот утаанаас салж чадлаа гэж саяхан дэлхий нийтэд зарласан. Манай зарим инженерийн ярьж байгаагаар хятадууд хямд төсөр материал ашиглан хийсэн шүүлтүүрийг яндандаа байрлуулсан нь оновчтой арга гэж үзэж байгаа. Энэ аргын талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ аргын талаар мэдэхгүй ч гэр хорооллынхон энэ шүүлтүүрийг суулгаад утаанаас ангижрах нь юу л бол гэж бодож байна. Ер нь энэ асуудлыг жижиг төслийн хэмжээнд авч үзэх үү эсвэл томхон бодлого явуулах нь зөв үү гэдэг чинь л чухал юм. Тиймээс миний дээр дурьдсан арга замаар явах нь зөв болов уу.

-Утааны эсрэг үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж байгаа газар байна уу?

Саяхан би Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгээс манайд явуулж буй ажлуудтай танилцлаа. Нисэхийн цагаан хаалганы цаахна "Эко" хотхон байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн утаагүй түлшний зуух хийсэн байна. Түүнчлэн хотын дөрвөн цэгт агаарын бохирдлыг хэмждэг орчин үеийн лаборатори байгуулжээ. Агаар дахь нүүрс ус, хүхэр, тоосжилтын талаар судалгаа хийж байгаа гэсэн. Бидэнд олон төрлийн нөөц байна. Хамгийн гол нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бодлого боловсруулах хэрэгтэй юм байна. Ингэхгүй бол газар бүр нэг өөр юм яриад, хоорондоо авцалдаж өгөхгүй юм. Төсөвлөж өгсөн мөнгө үр өгөөжтэй зүйлд зарцуулагдахгүй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.