
2025.03.21
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 20 САЯ ГАРУЙ МОД ТАРЬЖ, УРГУУЛЖЭЭ
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх болон бусад холбогдох сайд нарын хамт өчигдөр /2025.03.20/ Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа. Энэ үеэр “Оюу Толгой” ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.
Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан. Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм. Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.
Мөн:
- Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,
- Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,
- Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,
- 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,
- 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,
- 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.