Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн хуй салхи өрнөж байна
2011.02.28

Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн хуй салхи өрнөж байна

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ДЭЭР УИХ-ЫН НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА,УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д. ОЧИРБАТЫН ХЭЛСЭН ҮГ

Эрүүл мэндийн сайд,

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд,

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ээ та бүхний  энэ өдрийн амрыг эрье.

Монгол улсын иргэдэд үндсэн хуулиараа олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хангахын төлөө цаг үргэлж хичээн зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдад энэ өдрийн амгаланг айлтгаж байна.

 Өнөөдөр эрүүл мэндийн салбарт шинэчлэлийн хуй салхи өрнөж байна. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  чанар хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалахад амин чухал хэсэг бол эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх асуудал юм. Энэ асуудлын хүрээнд олон чухал хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлтүүд УИХ-аар хэлэлцэгдээд байна. Эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдал, оршин тогтнохын үндэс, хөгжил дэвшлийн суурь тул УИХ-ын гишүүд энэхүү асуудалд онцгой ач холбогдол өгөн ажиллаж байгаа билээ. Тухайлбал 2010 онд:

-       “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга,

-       “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,

-       “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиуд нь  УИХ-аар батлагдаад байна.

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга нь хүн амд үзүүлэх эм хангамжийн үйлчилгээний тогтолцоо, эмийн чанар, аюулгүй байдал, хяналт, зохистой хэрэглээ, зар сурталчилгаа, хариуцлагыг асуудлыг бүрэн хамруулсан нэлээд чамбай хууль батлагдсан хэмээн үзэж байна. “Дархлаажуулалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлтөөр товлолын вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс олон улсын байгуулагаар дамжуулан худалдан авах, зарим вакциныг шинээр товлолд оруулах гэх, эхээс хүүхдэд В гепатитын халдвар дамжих нөхцлийг зогсоох чиглэлээр  олон чухал заалтууд ороод байна.

 - “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг 3 дахин нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна. Ингэснээр хүн амын өвчлөлийг бууруулах, улмаар өвчлөлөөс үүдсэн ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр болно гэж үзэж байна.

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл гэж үзэж байна. Бидний өмнө Эрүүл мэндийн салбарын үндсэн хууль хэмээн үзэж болох “Эрүүл мэндийн тухай хууль”,”Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иудыг УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа ба энэ хаврын чуулганаар батлуулах тал дээр чармайн ажиллах болно.

 “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, санхүүжилт, эмнэлгүүдийн удирдах зөвлөлийг бий болгох асуудлыг оруулаад байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцаа тогтоох,  эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин, урамшуулал, байр орон сууцаар хангах, эрүүл мэндийн байгууллагын хөгжихэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр зарчмын олон өөрчлөлтүүдийг оруулахаар тусгаад байна.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол улсын иргэн бүрийг Эрүүл мэндийн даатгалтай байх нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын бие даасан мэргэжлийн байгууллагыг бий болгох замаар иргэдэд чанартай эрүүл мэндийн туламж үйлчилгээг худалдан авах чадавхийг бий болгох, даатгуулагчид даатгалын үр өгөөжийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх, иргэдэд өвчин эмгэгээс үүдсэн санхүүгийн дарамтыг бууруулах  зарчмын томоохон асуудлуудыг тусгаад байна. Өнгөрсөн хугацаанд энэ олон удаагийн нэмэлт өөрчлөлтүүд орж байсан боловч тогтолцооны хувьд хараахан шинэчилж чадаагүй билээ. Харин энэ удаагийн шиэчилсэн найруулга нь хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалыг бие даалгах асуудлыг шийдвэрлэхээр тусгасан явдал юм. Ингэснээрээ хүн амын эрүүл мэндийг даасан шиг даах чадвартай, мэргэжил, ур чадвар, арга зүй, хяналтын тогтолцоо, даатгуулагчийн цахим дэвтэр, даатгалын байгууллага-эмнэлэгийг холбосон нэгдсэн мэдээллийн сүлжээ гэх мэт бүх талын чадавхийг бүрдүүлсэн жинхэнэ утгаараа “эрүүл мэндийн даатгал”-ын тогтолцоог бий болгоно гэж үзэж байна.

“Тамхины тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” нь  ДЭМБ-аас “Тамхины хяналтын суурь конвенци”-д манай улс нэгдэн орсноор тамхины хяналтын арга хэмжээг Монгол Улс  үндэснийхээ хэмжээнд дангаар төдийгүй бусад улс үндэстэн, олон улсын байгууллагатай хамтарч хэрэгжүүлэн ахиц дэвшил гаргах нэг нөхцөл бүрдсэн юм. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тамхины хяналт,  нийгмийн эрүүл мэндийн асуудлаар тамхины хяналтыг ил тод, хариуцлагатай, тодорхой болгох, тамхины үйлдвэрлэл, худалдаа эрхлэх хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэгтэй холбоотой олон чухал заалтуудыг оруулаад байна. Энэхүү хуулийн төсөл нь эрүүл мэнддээ санаа тавьдаг хамт олон иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудын дэмжлэгийг авч байгаа ба тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас барах явдлыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн үзэж энэ хаврын чуулганаар батлуулахаар бэлтгэж байна.

Түүнчлэн УИХ-д өргөн баригдахаар Засгийн газрын хуралдаанаар оруулсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”, “Донорын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дараагийн шатанд УИХ-д өргөн баригдахаар бэлтгэгдэж байгааг сонсоход таатай байна.

Хууль эрх зүйг шинэчлэн батлах нэг хэрэг, түүнийг хэрэгжүүлэх амаргүй үүрэг хариуцлага Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, ард иргэд, эрүүл мэндийн салбартай хамтран ажилладаг бүх төрийн болон төрийн бус байгууллагууд Та бидний өмнө хүлээж байна. Иймд цогц шинэчлэлийн зорилгыг ойлгож, ард иргэд, байгууллага хамт олондоо ойлгомжтой, нээлттэй байдлаар ойлгуулах, эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг дэмжин хамтран ажиллах нь нэн чухал гэж үзэж байна.

Та бидний хамтын хүчин чармайлт Эрүүл мэндийн салбарт түүхийн цоо шинэ хуудсыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.