Их гарын авлигачид ёс зүйн тойрогт ажиллахгүй нь мэдээж
Бурхангүй газар бумба галзуурна гэдэг үгийг одоо цагт хуульгүй газар хүн галзуурна хэмээн дүйцүүлж ойлгож болохоор. Ийм байдлыг хамгийн тодоо р харуулдаг нь Монголын Парламент өөрөө. Хууль тогтоож, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих нь УИХ-ын үндсэн үүрэг ч хуульгүй орчинд юу дуртайгаа хийхийг эрхээ гэж гишүүд нь боддог байхыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын бүтцийн байгууллагуудын нэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй Ёс зүйн дэд хороо.
Бүр Ёс зүйн байнгын хороо байгуулах асуудлыг олон жилийн өмнөөс ярьж байсан ч манай улстөрч, үе үеийн УИХ-ын гишүүд элдэв саад тээг хийсээр тэр санаачилгыг замхруулсан юм. Манай улстөрчид хуруугаа ч хөдөлгөхгүй болохоор нь Монголын төрийн хувь заяаны төлөө хаа холын Америкийн Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийнхэн сэтгэл гаргаж УИХ-ын гишүүдэд ёс зүйн асуудлаар зөвлөж, Ёс зүйг сахиулах бүтцийн байгууллага хэрэгтэйг ойлгуулахын тулд олон ч арга хэмжээ зохион байгуулж, чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг. Манай улстөрчид илжигнээс ялгаагүй болсон учраас тэд одоо ёс зүйг сахиулах талаар юм хийхээ больсон ч байж мэднэ. Сүүлийн үед ер чимээгүй болчихоод байгаа юм.
Тухайн үеийн гишүүдээс Ёс зүйн дүрэм, түүнийг сахиулдаг бүтцийн байгууллага байх ёстойг хамгийн их дэмжиж ажилласан нь гишүүн Д.Дэмбэрэл. Одоо тэрбээр УИХ-ын дарга. Энэ албанд ирснээсээ хойш ямартай ч Ёс зүйн дэд хороог түүний чармайлтаар байгуулсан юм билээ. Харин дүрэм нь байдаггүй. Тэгэхээр Ёс зүйн дэд хороог бэлгэдлийн төдий гэж ойлгож болно. Дэмбэрэл дарга увайгүй гишүүдийнхээ өмнө хүчин мөхөсдөв. Эс бөгөөс өндөр албан тушаалд суунгуут ёс зүйн тойргоос гадуурх хүн болж таарч байгаа юм... Г.Баярсайхан: Заримдаг энэ хороогоо татан буулгачихЭнэ хорооны даргаар гишүүн Г.Баярсайхан ажилладаг. 10 хүний бүрэлдэхүүнтэй ч дөрвөн гишүүнийг нь одоо хүртэл томилоогүй байгаа. Залуу болоод ч тэр үү Г.Баярсайхан их л идэвх зүтгэл гаргаж буй харагддаг.
Байр сууриа ч олон удаа тодорхой илэрхийлсэн. Барьж ажиллах дүрэм нэхэж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр удаа дараа шаардлага тавьж, сүүлдээ залхах байдалд хүрснийг нь Парламентын сурвалжлагчид мэдэх байх. Нэгэнтээ тэрбээр, дүрмээ баталж өгөхгүй бол энэ хороогоо татан буулгачих. Музей шиг, заримдаг дэд хороо байснаас байгаагүй нь дээр гэж хүртэл бухимдаж байв. Залуу гишүүний ааг, хүсэл эрмэлзлээр тэрбээр “үзэж тараад” л байгаа юм билээ. Гэвч олонх гишүүдэд ёс зүйн тойрогт ажиллах хүсэл зориг даанч алга. Уг нь батлахаа хүрвэл УИХ-ын гишүүд хууль, дүрэм, тогтоолыг машин шиг л үйлдвэрлэдэг улс. Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Нутгийн удирдлагын дэд хороо гэж байдаг юм билээ. Дарга нь Д.Загджав. Саяхан эдний хорооны дүрмийг гишүүд гялалзтал батлаад өгнө билээ. Ямар хорооных нь дүрмийг тэгж гялс хийтэл, чин хүсэл зоригоороо баталдаг юм, бүү мэд. Харин өөрсдийнх нь ёс зүйг зохицуулах гэхээр таг гэдрэгээ хараад хэвтчихдэг нь дэндүү сэжигтэй. Ингээд үзэхээр УИХ-ын гишүүд ёс зүй гэдэг зарчмаас үхтлээ бэргэдэг болж таараад байгаа юм. Тунгалаг төр, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлага энэ тэр гээд УИХ-ынхан яриад байгаа юм. Тэд тангараг өргөдөг. Түүнээсээ няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн андгайлдаг. Тангарагтаа үнэнч эсэхийг нь Ёс зүйн дэд хороо хянах үүрэг хүлээнэ. Харин хүлээсэн үүргээ биелүүлэх эрхийг нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх Дэд хорооныхонд өгөхөөс яагаад цааргалаад буй нь сонирхолтой. Өргөсөн тангарагаа бодвол Ёс зүйн дүрмийг хамгийн түрүүнд баталж өгөөд ёс зүйгээрээ тэд бүхний түрүүнд үлгэрлэмээр.
Саяхан Су.Батболд Г.Баярсайхантай ярихдаа, “Загджав дүрмээ батлуулчихсан гэнэ ээ. Хоёулаа яах вэ” гэж байгаа байсан. Арга ядсан хэрэг шүү. Ц.Нямдорж Ж.Сүхбаатар гишүүнийг боогоод унагачихаж. Ойрын хэдэн өдрийн сенсаац энэ. Чөлөөт, жүдогоор чамгүй амжилттай барилдаж байсан, бодибилдингийн холбооны ерөнхийлөгч хүн Нямдоржийн гарын шүүс болохгүй нь мэдээж. Гэхдээ ёс зүйгүй юм болж. Архаг гишүүн нэг намын залуугаа биеийн биш хүчээр дарамталсан нь үнэн гэдгийг Сүхбаатар гишүүн сурвалжлагчдад бараг хэлчихсэн байна лээ. Сүүлийн үеийн дуулиант хэргийн баатар нь энэ хоёр болохоос бус улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө энэ байтугай юм болдог тухай хаа сайгүй л ярьцгаадаг юм.
Саяхан авлигад өртөмхий төрийн байгууллагуудыг нэрлэсэн судалгааны дүн гарахад “grand” буюу их гарын авлигчдыг УИХ тэргүүлсэн байна лээ. Судалгаа бодит байдлаас хол зөрдөггүй, олны яриа ортой зэргээр тунгаавал Монголын Парламентын гишүүд ёс зүйн тойрогт ажиллахаас бэргэх нь аргагүй бөгөөд арчаагүй хэрэг. Бэлгэдлийн агуулгатай Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханы арга ядсан үгийг дахин иш татъя. Ор нэр төдий музей шиг юмтай байсанд орвол түүнийгээ татан буулгачихсан нь дээр.