2011.02.16

Бэлчээрийн тухай хуулийн төсөлд малчдаас санал авна

Намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос тайлагналаа.Мэдээллийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Н.Ганбямба нар хийлгэв. Чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд санаачлагчдаас өргөн баригдсан хууль, шийдвэрийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, батлагдсан хуулиудыг сурталчлах чиглэлээр тавигдсан зорилтоо ханган ажиллалаа гэдгээ Байнгын хорооны дарга П.Алтангэрэл онцлов.

Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, Ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамлын тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай гэх мэтчилэн томоохон хуулиудыг батлуулжээ.

Харин Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай,Бэлчээрийн тухай хуулийн төслүүдийг батлуулж чадалгүй чуулганыг завсарлуулсан байна. Эдгээр хуулийн төслүүдийг чамбай болгох зорилгоор намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллах үеэр малчдаас санал авах юм байна. Учир нь Бэлчээрийн тухай хуулийн төсөл нь УИХ-д таван удаа орж ирж байсан ч, буцсан удаатай. Мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд бичигддэг хэрнээ газар нутгийн 80 гаруй хувь нь доройтсон, тэр дундаа бэлчээрийн 90 гаруй хувь нь доройтолд орсноос мал аж ахуйг хөгжүүлэхэд бэрхшээлтэй болж байгаа тухай тэрбээр хэллээ.

Бэлчээрийг малчдад эзэмшүүлэх асуудал хурцаар тавигдах болсон тул амьдралд хэрэгжих, ирээдүйгээ бодолцсон урт удаан настай хууль батлахад малчдын санал чухал байна. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Бэлчээрийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн төслүүд, Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх аж. Мөн УИХ-ын тогтоолын төсөл болон хуулийн дагуу өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг УИХ-аас баталсан чиглэлийг баримтлан хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж ажиллах зорилготой байгаа ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.