2008.12.10

Г.Баярсайхан: Намуудын, ашиг сонирхлын бүлгүүдэд баригдаад сөрөг хүчний дуу хоолой илт үгүйлэгдэж байна

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-д сонгогдон ажиллаад нэлээн хэдэн сар өнгөрлөө. Хууль тогтоох байгууллагын "гал тогоо"-гоо та хэрхэн үнэлж байна вэ?

-УИХ-д ороод ирэхээр ойлгомжгүй, засаж залруулах ёстой, жишиг бус зүйл цөөнгүй байна. Хамгийн наад зах нь парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл энэ үг бага сонсогдож, төрийн эрх барих дээд байгууллага гэж дээр, дооргүй их ярих юм. Тийм үг Үндсэн хуульд байдаг ч илүү тодотгол өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. УИХ төрийн дээд эрхийг барьдаг байгууллага байх учиргүй. Харин хууль тогтоодог дээд байгууллага шүү дээ. Дэлхий нийтийн жишиг нь энэ. Парламент бол нийтийн эрх ашгийн төлөө олон ургальч үзэл уралдаж байх ёстой газар гэж би ойлгодог. Гэтэл намуудын, ашиг сонирхлын бүлгүүдийн эрх ашигт баригдаад үнэндээ сөрөг хүчний дуу хоолой илт үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна. Сөрөг хүчингүй парламент хэзээ ч сайн хууль тогтоож, ард түмний жинхэнэ төлөөлөл болж чаддаггүй гэсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулж байна. Хүчтэй сөрөг хүчин гэдэг бол тухайн парламент эрүүл байх, ард түмний эрх ашгийг хамгаалах, төлөөлөх гол баталгаа байдаг гэдгийг л илүү мэдэрч байна гэх үү дээ.

-Танай нам МАХН-тай хамтарсан засаг байгуулсныг буруушаах, зөвшөөрөх хэсэг бий. Та эсэргүүцдэг юм аа даа?

-Тэгж ойлгож болно. Засгийн газар хамтарч байгуулахаар УИХ дахь намуудын бүлэг бас хамтраад биестээ найр тавиад эхэлсэн. Ингээд сөрөг хүчний үүрэг алга болсон. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашиг гэх үгээр халхлагдсан хэсэг, бүлэг нөхөд иргэдийн сонголтыг үл ойшоон сөрөг хүчний үүргээ сандал ширээгээр сольсон. Цөөнх байна гэдэг бол муухай зүйл биш. Парламентат ёсны жишигт нэг нь олонхи болж, нөгөө нь цөөнх болох ардчилсан зарчимтай. Тийм учраас цөөнхийн эрх ашгийг хэрхэн хамгаалж, сонсож байгаагаар тухайн орны ардчиллыг хэмжих нэг шалгуур болгодог. Сөрөг хүчингүй парламент бол социализмын үеийн хуурамч парламентын нэг өрөөсөн дугуй л гэсэн үг. Энэ бол Монголын шинэ парламентын түүхэн дэх эмгэнэл болж байна. Эрх мэдлийн төлөө нэгдсэн хүмүүст үзэл бодлын ялгаа гэж алга болдог юм байна. Жишээ нь, улс орныг донсолгосон үйл явдал долдугаар сарын 1-ний хэрэг явдалд улс төрийн дүгнэлт өгөхөөс аль, аль нь айж байна.

Одоо хамтарч Засгийн газар байгуулж албан тушаал авчхаад, ард түмнийхээ эрх ашгаас урваж, энгийн иргэдийг хэлмэгдүүлэн шийтгэж байгааг харахад үнэхээр харамсаад барахгүй. Зүй нь парламентад суудалтай улс төрийн намууд энэ үйл явдалд улс төрийн дүгнэлт гаргаж, УИХ ард түмний төлөөлөгчдийн дээд байгууллагын хувьд албан ёсоор хэлэлцэж, улс төрийн дүгнэлт өгөх ёстой. Одоо энэ талаар хэн ч дуугарахгүй хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн мэтээр улс төрийн хувьд харалган атгаг бодол өвөрлөж, улс орны өмнө бугшин тунарч байгаа бухимдал эгдүүцлийг даамжруулж байна. Энэ бол 1989 онд БНХАУ-д болсон үйл явдлын монгол хувилбар мөн шүү. Гэхдээ Монгол бол өөр орон гэдгийг мартаж болохгүй. Энэ нь гэмт явдлын талаар сөрөг хүчний дуу хоолойг зориуд хаах гэсэн МАХН-ын башир аргад албан тушаалд дуртай хэдхэн хүн автсанаас болсон гутамшигт хэрэг, Монголын ардчилал, Ардчилсан намд нүүрлэсэн эмгэнэлт үзэгдэл болж байна.

-Одоо тэгээд яах ёстой гэж та бодож байна вэ?

-Асуудал ойлгомжтой. Алдаагаа засах ёстой. Улс төрийн намууд долдугаар сарын 1-ний талаар өөр өөрийн дүгнэлтээ гаргаж олон нийтэд байр сууриа илэрхийлэх ёстой. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг хараг. УИХ энэ үйл явдлыг хэлэлцэж, улс төрийн дүгнэлт гаргах ёстой. Одоо засгийн эрхийг хууль бусаар авсан гэдгийг эсэргүүцэн тэмцсэн хориод мянган иргэдээс 250-иад нь ял зэм хүртээд өнгөрөх гэж байна. Чөлөөт нийгмийн гол ноён нуруу болсон үзэл бодлоо илэрхийлж эрхээ эдэлсэн иргэдийг цус урсган нухчин дарсан улс төрчид улс төрийн хариуцлага хүлээхгүй үлдэх гэж байна. Энэ бол туйлын шударга бус төдийгүй асар их үр дагавартай хэрэг явдал болно.

Хичнээн хүний зүрх сэтгэлд далд хорсол занал бий болгож байгааг хэн ч мэдэхгүй байна. Энэ бол нийгмийг хувьсгалд дуудсан үйлдэл мөн. Нөгөө талаас Ардчилсан нам МАХН-ын өврөөс гарч, сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлж, алдагдсан нэр хүндээ сэргээх хэрэгтэй. Ардчилсан нам хүндээ хөнгөнөөс өгөхөө болих хэрэгтэй. Ардчилал, ард түмэндээ үнэнч явбал сандал ширээ аяндаа ирнэ. Ер нь ний нуугүй хэлэхэд манай нам МАХН-ыг олон жил өөрийн алдаа, арчаагүй байдлаараа амин тариа хийж, түүхийн тавцанд залж ирснээ ойлгох цаг болсон. ЗХУКН ямар том, хүчтэй нам байсныг Монголын ард түмэн мартаагүй. МАХН түүний дэргэд юу ч биш байсан. Гэтэл ЗХУКН бараг алга болчхоод байхад МАХН бэхжээд бараг сонгууль болгонд ялаад байгаа нь түүний сайных ч биш, манай намын алдаа түүнийг тэжээгээд байгаа юм. Ингээд бодвол өнөөгийн Монголын ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, албан тушаалын наймаа, ардчиллаас ухарсан зэрэг Монголын нийгмийн хөгжлийг хойш татсан олон сөрөг үзэгдэлд манай нам бас буруутай. АН-д бас шинэчлэл хийхээс өөр аргагүй болж байна.

-Ёс зүйн дэд хороог ахалж байгаагийн хувьд УИХ-ын гишүүдийн ёсзүйн асуудлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Сонгогчид УИХ-ын гишүүдийн ёсзүйд сэтгэл дундуур байдаг санагддаг. Тиймээс гишүүдийн ёс зүйг өндөржүүлэхэд энэ хорооны үүргийг дээшлүүлье гэж бодож байна. Энэ ажил ёс зүйн дүрэмтэй болохоос эхлэх ёстой. Одоогоор ёс зүйн дүрмийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудал намайг Ёс зүйн дэд хорооны дарга болохоос өмнө аль 2002 оноос эхлэн яригдаж ээлж дараалсан гурван ч УИХ-ын нүүр үзэж байгаа юм билээ. Гадаад, дотоодын олон ч байгууллага хүчин чармайлт тавьж зарим үед манай гишүүдийг нутаг орондоо аваачиж туршлага судлуулсан байдаг. Мэргэжлийн ёсзүй манайд төлөвших шатандаа орж дүрмээр зохицуулагдаад олон жил болж байна. Тухайлбал багшийн ёс зүй, эмчийн ёс зүй, хуульчийн ёс зүй гэх мэт.

Гэтэл яагаад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм энэ олон жил хий хоосон яриа болж ажил хэрэгчээр батлагдахгүй байгаагийн учир шалтгаан нь манай гишүүдийн улс төрийн соёл, итгэл үнэмшил, цэвэр ариун ёс суртахууны төлөвшилтэй холбоотой болов уу. Энэ талаар өмнө нь УИХ-тай хамтарч ажиллаж байсан нэгэн байгууллагын төлөөлөгч надтай уулзаад "Та нар гишүүдийнхээ ёсзүйн дүрмийг хуульчлан батлуулж чадахгүй бол дүрэм журамгүй, хуульгүй нэр төдий ёсзүйн дэд хороогоо татан буулгаарай" гэж доромжлох, бухимдахын завсраар хэлж билээ. Тиймээс УИХ өөрийн ёсзүйн дүрмээ нэн даруй батлах шаардлагатай байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.