Г.Баярсайхан: Дархалсан газар дархан хэвээрээ үлдэг
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт явуулах шийдвэр гарсан гэдэг үнэн үү?
-Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дотоод, гадаад нөөц бололцоогоо бүрэн дайчилъя гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. УИХ-ын хаврын чуулган дээр эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг баталж байх явцад зарим гишүүд дархан цаазат газар дахь ордыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн саналыг гаргасан юм. Энэ саналыг Засгийн газар судалъя. боломжтой бол олборлоё гэсэн байр суурийг Ерөнхий С.Баяр илэрхийлсэн л дээ. Би тухайн үед Ерөнхий сайдын шүүмжилсэн. Ямар ч хамаагүй үнэ цэнээр эдийн засгийн хямралыг даван туулна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Заавал дархан цаазат газар руугаа дайран орох шаардлагагүй. Харин үүнийхээ оронд татвараа хураан авч чадахгүй байгаа болон эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байгаа "Цайрт минерал", "Бороо гоулд", Таван толгой", "Оюу толгой" гэсэн ордоо яаралтай ашиглая гэж сануулан хэлж байсан юм.
-Таныг чуулган дээр шүүмжлэлтэй үг хэлж байсныг чинь санаж байна. Гэтэл С.Баяр сайдын үг оргүй биш болох нь батлагдаж тусгай хамгаалалттай газарт олборлолт хийх шийдвэр гарчээ?
-Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Ерөнхий сайдын 26 дугаар тогтоол гарч ажлын хэсэг байгуулагдсан байна лээ. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх олборлолт явуулах эрх зүйн орчинг судлах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг. Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүч, байгаль орчны яам, Сангийн яам төрийн бүхий л төлөөлөл багтсан УИХ дахь байгаль орчин хамгаалах "ногоон бүлэг"-ийн гишүүд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайтай уулзаж тодруулахад "Засгийн газраас ийм ажлын хэсэг байгуулсан. Би байгаль орчны яамны ажилтны хувьд тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалах байр суурьтай байгаа" гэдгээ хэлж илэрхийлж байсан. Гуравдугаар сарын 31-ний өдрийн маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр яаран бас нэг тогтоол гаргасан байсан. Ерөнхий сайдын 86 дугаар тогтоолд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий газарт Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажилд хяналт тавьж ажилласугай гэж даалгажээ.
-Тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын олборлолт явуулахыг хуулиар хориглодог биз дээ?
-Уг нь тийм. Гэхдээ хуулийн цоорхойг ашиглахыг санаархаж байна гэж ойлгохоор байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон. Гэтэл 86 дугаар тогтоол дахь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол хайгуулын тусгай лицензийн зөвшөөрөл олгож болно гэсэн заалтыг иш үндэс болгож байна. Энэ нь утга нь бүрхэг заалт л даа. Улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуул явуулж байгаа байршил тогтоож 20 гаруй координат гаргасан нь зарим тусгай хамгаалалттай газар нутагтай давхцаж байгаа юм.
-Аль аймгийн ямар нэртэй тусгай хамгаалалттай газартай давхцаж байна?
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Алтай, Толбо сумын нутаг дахь 2070.1 га талбай бүхий Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Ховд, Говь-Алтай аймгийн Алтай, Цэцэг, Тонхил сумын нутаг дахь 2146.2 га талбай бүхий"Ээж хайрхан уулын дурсгалт газар", Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Тайшир сумын нутаг дахь 2126.8 га талбай бүхий Хасагт хайрхан уулын дархан цаазат газар, Өвөрхангай, Булган, Төв аймгийн Бүрд, Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Эрдэнэсант сумын нутаг дахь 2449.8 га талбай бүхий байгалийн цогцолборт газарт багтдаг "Батхаан уулын байгалийн нөөц газар" хамарч байна.
-Тусгай хамгаалалттай нэлээн олон газрыг хамарч байгаа юм байна. Тэгэхээр энэ бүх газарт олборлолт хийгдэхээр зэхэж байна гэсэн үг үү?
-"Ногоон бүлэг"-ийнхэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтой уулзаж тодруулсан. "Та нар яагаад тусгай газарт хайгуулын лиценз олгохоор заачихсан байгаа юм бэ" гэж асуусан. Үүний хариуд "Сонгон шалгаруулж лиценз олгохдоо тусгай хамгаалалттай газрыг нь ялгаад өгчихнө" гэсэн хариулт өгсөн. Тийм л юм бол яагаад тусгай хамгаалалттай газар нутгийг анхнаас нь координатад оруулж өгсөн бэ гэдэг нь өөрөө асуулт шүү.
Одоо манай "Ногоон бүлэг"-ийн гишүүд маш гярхай ажиглаж байгаа. "Ногоон бүлэг" төр засгийн бодлогыг байгаль орчинд ээлтэй болгоход чиглэсэн, намын харьяалалгүй ийм бүлэг. Ашигт малтмалын олборлолт явуулахад бизнесийн олигархи бүлэглэлүүдийн сонирхол байнга дагалддаг. Олборлолт явууллаа гэхэд өнөөдрийн тогтолцоогоор Монголын ард түмний амьдралд үр өгөөжөө өгөх нь юу л бол. Эсвэл гадаадын компанид хэдхэн улстөрчдийн халаа-санд орох уу гэдэг асуудал юм. Дархалсан газар дархан хэвээрээ үлдэг.
-Тусгай хамгаалалттай газар лиценз олгосноор эдийн засгийн үр ашигтай гэж үзэж байгаа байх?
-Би "Ногоон бүлэг"-ийн гишүүний хувьд байгаль орчинтой хамааралтай асуудалд байнга анхаарлаа хандуулдаг. Гэтэл дээрх тогтоолыг чимээгүй гаргачихсан байгаа юм. Монгол Улс дэлхийд онгоноороо үлдсэн цөөн улсын нэг. Байгаль орчин хамгаалах бодлогыг хатуу чанд явуулах шаардлагатай. Нэг л буун дуу гарахад хавтгай, мазаалай гэх мэт ховордсон амьтад үргээд явчих аюултай. Гэтэл ийм эмзэг газарт тэсэлгээ хийж хүнд даацын машин хөлхөхөөр нөгөө ховор амьтад дайжиж, ургамал ус ширгэхээс аргагүй болно. Эдийн засгийн хямралыг гэтлэн туулах төлөвлөгөөг дэмжиж байгаа. Гэхдээ тусгай хамгаалалттай газар олборлолт явуулах төлөвлөгөөгөө мартах хэрэгтэй.
-Манай улс урьд өмнө нь тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт хийх болон хамгаалалтаас гаргасан түүх байдаг уу. Улс эх оронд хэр эерэг үр дагавар авчирсан байдаг юм бол?
-Хортой үр дагавар авчирч байгаагийн жишээ бол Богдхан уулын тусгай нутагт газар олголт маш их хийгдсэн. Ам болгонд хувийн эдлэн замбараагүй баригдаж байна. Мод огтлохоос эхлээд байгальд сөрөг үр дагавар нь түрүүчээсээ харагдаж байгаа Богдхан уулын тусгай газар . руу нэвтэрснээр улс эх оронд айхтар их ашиг авчирсан гэж би хэлж чадахгүй. Харин цөөн хэдэн хүн баяжсан байх. Тусгай хамгаалалттай газар нутаг бол ой, мод, гол, ус хосолсон сайхан газар, Харин энэ сайхан газар нут гаа хөрөнгө мөнгөтэй хү мүүст өндөр үнээр түрээслдэг Канадын жишиг бий Манайд энэ туршлагыг нэвтрүүлэхэд болохгүй гэх газаргүй. Харин тэр татвар төлсөн мөнгөөр уг газрыг хамгаалахад зарцуулж байх юм.
-Монгол Улсын байгалийн баялаг дэлхий, өв баялагт бүртгэгдсэн байдаг. Олон улсын байгаль хамгаалах сангийн өмнө хүлээсэн үүрэг байгаа юу?
-Монгол Улсын дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээдэг. Газар нутгийнхаа 30 хүртэлх хувийг тусгай хамгаалалтад авна гэсэн үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл14 хувьтай явж байгаа. Үүргээ ч бодсон Монгол Улсын Засгийн газар хамгаалалтын газар нутгийн хэмжээг ихэсгэх бодлого баримтална уу гэхээс биш олборлолт хийх алхам хийх ёсгүй юм. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөнө гээд заачихсан байгаа.
-Одоо цаашид "Ногоон бүлэг" ямар арга хэмжээ авах вэ?
-Холбогдох байгууллагууд нь тусгай хамгаалалттай уг газруудад лиценз олгохгүй байх гэж найдаж байна. Хэрэв олголт хийгдвэл "Ногоон бүлэг" дахин байр сууриа илэрхийлнэ.