2009.07.23

Г.Баярсайхан: 20 жил хүлээсэн хуулиа баталлаа

УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхон хаврын чуулганаар амжуулсан ажлаа тайлагналаа. Байнгын хорооны дарга Батж.Батбаяр, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл сонсгов.

 

Тус байнгын хорооныхон 60.3 хувийн ирцтэйгээр 13 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцжээ, Байнгын хорооны гишүүдэд иргэдээс 199 өргөдөл, санал хүсэлт ирсэн байна. Өргөдөл, саналын ихэнх нь байгаль хамгаалал, агаарын бохирдолд санаа зовнисон иргэдийн хүсэлт байжээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцсэн хуулиудаас олны анхаарлын төвд байсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай", "Зарим нийлэг уутны хэрэглээг хориглох тухай", "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого" ээрэг хууль батлагджээ. Импортын гурилын татварын хувь хэмжээг өөрчлөх, Газар тариалангийн бүс нутаг тогтоох зэрэг хуулийн төслүүд олонхийн дэмжлэг авалгүй буцсан байна. Г.Баярсайхан гишүүн "20жил хүлээгдсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталснаа цохон тэмдэглэмээр байна. Энэ хууль монголчуудад үр ашгаа өгөх төдийгүй дэлхий дахины байгаль хамгаалалд хувь нэмрээ оруулна гэв. Чуулганы хугацаанд тус байнгын хорооныхны хийсэн дорвитой ажил нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд алт олборлож буй "Бороо гоулд" компанийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд хийсэн шалгалт юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалж, Г.Баярсайхан, Х.Наранхүү нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Тэдний удирдамжийн дагуу мэргэжлийн хяналтынхан, иргэний хөдөлгөөнийхөн оролцсон шалгалтынхан багагүй зөрчил илрүүлж, үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх 65 хуулийн төслөөс зургаа нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудал. Тэд Бэлчээрийн тухай, Бараа, түүхий эдийн биржийн тухай, Хүнсний тухай, Агаарын тухай, Агаарын төлбөрийн тухай хуулиудын төсөл, ус хөтөлбөр тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.