В.Путин 20 гаруй орд харш, эдлэнтэй. Есийг нь Ерөнхийлөгч байхдаа бариулсан
2012.08.29

В.Путин 20 гаруй орд харш, эдлэнтэй. Есийг нь Ерөнхийлөгч байхдаа бариулсан

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцов, "Солидарность" хөдөлгөөний идэвхтэн гишүүн Леонид Мартынюктай хамтран Ерөнхийлөгч Владимир Путиний талаар нэгэн шинэ судалгаа хийснээ танилцуулжээ. Энэ талаар "Коммерсантъ"-д мэдээлсэн байна. Тэд уг судалгаагаараа ОХУ-ын Ерөнхийлөгчийг бодит байдал дээр хэр их хөрөнгөтэй, баян чинээлэг нэгэн болохыг олж тогтоосон гээд, "Владимир Путин дөрвөн сая хүрэхгүй рублийн орлоготой хэмээн мэдээлснээрээ сонгогчдыг хуурсан. Учир нь, бодит байдал дээр маш их баян тансаг амьдардаг" гэжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр тэд судалгаагаа "орд харш", "онгоц, нисдэг тэрэг", "усан онгоц", "машинууд", "цагнууд" гэсэн хэсгүүдэд хуваасан байна. Юуны өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийг 20 гаруй орд харш, эдлэн, зуслангийн байшинтай, түүнийхээ есийг нь Ерөнхийлөгч байх хугацаандаа бариулсан гэжээ. Ингэхдээ АНУ, Германы терийн тэргүүнүүд ердөө хоёрхон л орд харштай хэмээн харьцуулсан байна.

Үүнээс гадна 15 нисдэг тэрэг, хэд хэдэн онгоцтой "багахан агаарын хүчин"-тэй, энэ нь нэг тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэх бол тансаг зэрэглэлийн дөрвөн усан онгоцтой "мини усан флот" нь гурван тэрбум орчим рублийн үнэд хүрнэ гэжээ. Мөн цагны цуглуулгынх нь хувьд Путин өөрийн мэдүүлсэн орлогоор бол зургаан жил юу ч идэж, өмсөлгүй хөдөлмөрлөж байж худалдалдаж авахаар өндөр үнэтэй гэнэ.

Немцовын судалгааны тайланд багахан хэмжээний тексттэй, маш олон тооны зургаас бүрдэж байгаа бөгөөд бүрэн хэмжээний илтгэл тавьсныхаа дараа онлайнаар нийтлэхээр бэлтгэж байгаа аж. Мөн сэтгүүл хэлбэрээр таван мянган хувь хэвлэж гаргах талаар "Солидарность" хөдөлгөөний хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Харин Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хувьд тайлан мэдээллийг уншиж судалсныхаа дараа ямар нэгэн тайлбар өгнө гэсэн байна. Гэвч тэрээр Ерөнхийлөгчийн одоо хэрэглэж байгаа бүхэн төрийн өмч, олонхийг нь төрийн тэргүүн заавал эдэлж хэрэглэх ёстой байдаг бөгөөд тэдгээрийн талаархи мэдээлэл олон нийтэд ил байдаг хэмээн зориуд онцлон хэлжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.