Бид уучлахгүй хөдөлгөөнөөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.09.24) “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасныг үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно. Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,
Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,
Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.
Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.
Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.