Г.Баярсайхан: МАН-ын дарга аа, ёс зүйтэй нам гэдгээ харуулах цаг болж дээ
2011.12.07

Г.Баярсайхан: МАН-ын дарга аа, ёс зүйтэй нам гэдгээ харуулах цаг болж дээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа
-Говь-Алтай аймагт 270 гаруй чоно агнасан хэрэг гарсан тухай мэдээлэл цацагдаад байна. Экологи, амьтан тэр тусмаа талын саарал чоноо хамгаалъя хэмээн хуулийн төсөл өргөн барьж  байсан хүний  хувьд та үүнд юу хэлэх вэ?
-Үүнд асар их эмзэглэж байна. Өнөөдөр хүн бүр байгаль орчин, ан амьтдаа хамгаалах тухай ярьж байна. Сонгууль дөхөхөөр бүгд улс төржиж ялангуяа улс төрчид нь байгаль хамгаалах төрийн экологийн бодлогоосоо ухарч ан амьтдаа олон зуугаар нь устгаж зэрлэг улс төрийн пиар хийж байна.
Энэ бол нийгмийн эмгэнэл.
Гэтэл миний нэг ангид тохой нийлүүлэн суудаг хоёр гишүүн маань оролцож 273 чоно агнажээ. Тэдний хийж байгаа үйлдэл нь "Бид чоно агнаж, малчид га бүхэндээ тус боллоо. Дараагийн сонгуульд сонгоорой" гэсэн л үг шүү дээ. Энэ бол маш буруу үйлдэл. Хэн боловч өнөөгийн нийгэм өөр сэтгэхүйтэй болсон гэдгийг мэдрэх хэрэгтэй болов уу, олон бодгалийн амийг тасална гэдгийг нийгэм яавч эерэгээр хүлээж авахгүй ээ.
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг гишүүний нэг тэрбумаасаа чонын авд хөрөнгө оруулсан гэх юм?
-Гишүүдийн гэх тэрбум төгрөг бол зөвхөн хөрөнгө оруулалтад л зориулагдах ёстой.
-Та дээрх хоёр гишүүнийг байнгын хороонд байх эрхгүй гэж хэлсэн юм уу?
-Энэ тохиолдолд би ёс зүйн асуудлыг яримаар байгаа юм. Ж.Энхбаяр гишүүн бид хоёр улс төрөө илэн далангүй ярьдаг. Гэхдээ энэ удаа маш ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Байнгын хорооны хуралдаан дээр чоно хамгаалах асуудлыг ярихад дэмжиж байсан. Гэтэл тэр гишүүн маань өнөөдөр тэс өөр үйлдэл хийсэнд харамсч байна. Тиймээс 273 чоно агнасан гишүүн Байгаль орчны байнгын хороонд байх нь ёс зүйд харшилж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Нөгөө талаас Монголын улс төрийг нэр цэвэр байлгана гэдэг бол ёс зүйн хэм хэмжээ. МАН-ынхан сая ёс зүйн өндөр хэмжээг тусгасан дүрмээ баталсан гэсэн. Тэгвэл МАН-ын нөхдөө, Ерөнхий сайд С.Батболд оо, танай хоёр гишүүн чинь ёс зүйн том алдаа гаргалаа. Сая та бүхэн бага хурлаараа баталсан ёс зүйн дүрэм чинь тунхаг маягаар байх уу, үнэхээр цэвэршихэд чинь тус болох уу гэдгийг одоо л харах цаг болж дээ гэдгийг хэлмээр байна.
-Энэ байдлыг эерэг талаас нь яривал гишүүд малчдадаа тусалсан үйлдэл биш үү?
-Үгүй. Энэ бол арга ядсан пиар. Алгуур малчдад дэм биш хор болох зүйл хийж байна.
- Таны өргөн барьсан чоно хамгаалах хуулийн төслийг Засгийн газраас буцаачихсан гэл үү?
-Тэгсэн. Малчдын амьдралд чонон сүргийн бүтэц нягт холбоотой байдаг. Чонын тоо толгой цөөрөх тусам малчин хүний амьдрал доройтдог. Чоно гэдэг амьтан хээр талд явж байгаа зээрийн сүргийг шүлхийгээс сэргийлдэг. Зээрийн сүрэг эрүүл байх нь мал эрүүл байна гэсэн үг. Агнуурын амьтдын жагсаалтад чоныг оруулах хэрэгтэй. Шинжлэх ухааны байгууллагын   судалгаан дээр үндэслэж агнуурын тоо толгойг тогтоож байх хэрэгтэй. Түүнээс нэг аймгийн албан тушаалтны дур зоргоор хяналтгүй агнаж болохгүй. Энэ үүднээсээ миний барьсан хуулийн төсөл бол маш чухал ач холбогдолтой байсан. Харамсалтай нь Засгийн газраас дэмжээгүй.
- Х.Баттулга гишүүн архи, тамхины бизнес эрхэлдэг хүн сонгуульд орж болохгүй гэдэг саналыг Сонгуулийн хуульд оруулахаар өгөөд байгаа. Энэ нь нэг талаас гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал уу?
-Архи, тамхины өндөр хэрэглээтэй оронд хавдрын өвчлөл өндөр байдаг. Тэдний нэг нь манай улс. Манайд ялангуяа элэгний хавдрын өвчлөл маш өндөр байгаа. Ингэж ард түмнээ хордуулж байгаа улстөрчид УИХ-д суух ёс зүйд нийцэхгүй. Японд парламентын гишүүн өөрийгөө ёс зүйтэй гэдгийг харуулахын тулд архи тамхины үйлдвэрлэл гэх мэт эрхэлж байсан бизнесээ зараад тэр мөнгөө нийгмийн сайн сайхны тусын тулд зарцуулж байсан жишээ байдаг юм байна. Ард түмэн ч түүнийг хүндлэн дэмжсэн. Ингэж өөрийгөө золиосолж  чадах өндөр ёс суртахуунтай байгаа байхгүй юу.
Гэтэл манайд өдөр бамбар асаагаад явсан ч тийм гишүүн олдохгүй байх аа.

Түүнчлэн уул уурхайн өв залгамжлагчид байна. Зах зээлийн нийгэмд бизнесийн гараа бүгд ижилхэн эхлэх ёстой. Түүнтэй адил улс төрийн гараа мөн ижил байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд энэ байдал эсрэгээрээ байна. Жирийн нэг сэхээтэн залуу улс төрд хүч үзэх гээд орж ирэхэд нь тэрбум долларын хөрөнгөтэй өв залгамжлагч бут цохиод гараад ирнэ. Энэ бол шударга бус. Тийм болохоор Баттулга сайдын оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа. Харин түүн дээр нэмж томоохон уул уурхайн компаниудын эзэд, түүний өв залгамжлагчид улс төрд орохыг хориглох нь зүйтэй гэж бодож байгаа.
-Магадгүй та тийм санал оруулах уу?
-Би саналаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр илэрхийлнэ.
Нийтлэлч


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.