Л.Гантөмөр сайд шинжлэх ухааныг хөгжүүлэхээ амаллаа
УИХ-ын гишүүн, БШУЯ сайд Л.Гантөмөр
2012.11.29

Л.Гантөмөр сайд шинжлэх ухааныг хөгжүүлэхээ амаллаа

Шинжлэх ухааны яамнаас "Шинэчлэлийн Засгийн газар 100 хоног" танилцуулгын хүрээнд боловсрол шинжлэх ухааны салбарын "Чанарын шинэчлэл" бодлогын хэрэгжилтийн тайлан, нээлтгэй хэлэлцүүлгийг өчигдөр  зохион байгууллаа.

Тус тайлан, нээлтгэй хэлэлцүүлгийн гол зорилго нь шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор     боловсрол, шинжлэх ухааны салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулахад байсан юм.

Мөн энэ салбарт баримталж буй бодлогоор иргэд оршщогчдын санал сэтгэгдлийг сонсоход оршиж байв. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд болон их, дээд сургуулиудын багш, оюутан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчид төлөөлөл гээд 1600 гаруй хүн оролцсон.

Тус хэлэлцүүлэгт уригдан ирсэн эрдэмтэн, багш нарын төлөөллөөс өнөөгийн боловсрол, шинжлэх ухааны салбар ямар төвшинд байгаа талаархи санал бодлыг сонссон юм.

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, академич Ц.Жанчив: УЛС ОРОН МААНЬ ШИНЖЛЭХ УХААНГҮЙГЭЭР ХӨГЖИХГҮЙ

-Шинжлэх ухааны салбар сүүлийн хэдэн жил овоо хөгжиж байгаа. Зах зээл рүү шилжих үед төр засаг маань шинжлэх ухааны салбарыг үндсэндээ орхисон. Манай салбарын шинэ сайдын шинжлэх ухааны салбарт хандаж буй хандлагаас харахад дэмжигдэх юм шиг байна. Ер нь аль ч улс орон шинжлэх ухааны салбаргүйгээр хөгждөггүй.

Үүний нэг жишээ БНХАУ-ын Коммунист намын хурлаар шинжлэх ухааны салбараа хөгжүүлж байж улс орон илүү хурдацтай хөгжих болно гэж дүгнэсэн. Тэгэхээр манай улсын шинжлэх ухааны салбар боломжийн төвшинд оччихсон. Үүнийгээ гололгүйгээр ашиглах ёстой. Ерөнхийдөө манай салбарт санхүүжилт нэлээд дутмаг байдаг.

Харин ирэх оны төсвөөр нэмэгдсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Энэ нь ахиц юм. Тэгэхдээ гадаадын өндөр xөгжилтэй орнуудад хэрэглэдэг багаж тоног төхөөрөмжийг авахад нэг тэрбум төгрөг хаана ч хүрэхгүй. Цаашдаа улс орон маань шинжлэх ухаангүйгээр хөгжихгүй гэдгийг хүн бүхэн ойлгох ёстой юм. Хамгийн гол нь шинжлэх ухаанд нэн түрүүнд хийх ажил хөрөнгө оруулалт юм.

Доктор, профессор Б.Мэнжиддорж: Яамнаас ШУ-ы салбарт дэвшүүлсэн бодлогыг дэмжиж байгаа

Яамнаас шинжлэх ухааны салбарт дэвшүүлсэн бодлогыг дэмжиж байгаа. Шинжлэх ухааны салбарыг маш хурдацтай хөгжүүлэхийн тулд чанарын шинэчлэлт хийх хэрэгтэй. Үүнд, хөрөнгө оруулалтын тал дээр үр ашигтай тогтолцоог гаргах нь маш чухал. Манай салбарт хөрөнгө оруулалтын асуудал нэлээд тулгамдаж буй.

Дэлхийн улс орнуудын адилаар өндөр хөгжилтэй болохын тулд шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мнн залуу боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг ажлын байраар хангах хэрэгтэй байна. Гадаадын орнуудад суралцаж мэдлэг боловсрол эзэмшээд ирсэн залуус эх орондоо ажиллахаар ирдэг. Гэвч цалин мөнгө нь бага учраас өөр салбарын өндөр цалинтай ажилд орчихоод байгаа.

Иймээс илүү боловсон хүчнийхээ ажлын байрыг бусад орнуудын адилаар хангах шаардлагатай байна.

Урлагчйн тоглолтоор нээлттэй  хийсэн тус хэлэлцүүлгийн өмнөхөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрөөс цөөн асуултад хариу авсан юм.

-Энэ тайлан хэлэлцүүлгийг "Чанарын" гэж тодотгосон. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай боловсролын салбарын хөгжил 90 жилийн арвин түүхтэй учир хуримтлагдсан туршлага, хийсэн ажил нэлээд байгаа. Бид энэ салбараа чанарын шинэ төвшинд гаргаж ирнэ гэсэн санаачилга байгаа. Иймээс бид боловсролын салбартаа чанарын шинэчлэл хийнэ гэж үзэж байгаа. Өнөөдөр хүүхдүүдийн дунд, их, дээд сургуулиудад хамрагдаж буй байдал, мөн эрдэмтэн багш нарын докторын зэрэг хамгаалж буй тоо чамлахааргүй их байдаг.

Чанарт ахиц гаргахын тулд бага, дунд боловсрол дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогын баримталж байгаа

Харамсалтай нь чанар үнэхээр дутагдаж байгаа. Тийм учраас чанарт нь ахиц гаргах үүднээс зорилго тавьсан. Чанарт ахиц гаргахын тулд бага, дунд боловсрол дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогын баримталж байгаа. Энэ бодлогын баримтлахад хийж буй хамгийн том ажил нь арга   зүйн   технологийн   шинэчлэл юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг тухайн цагийн хугацаанд яаж хөгжүүлэх, хэрхэн хичээл орох явдал юм. Арга зүйн технологийн шинэчлэлийн хийх ерөнхий төсөл нь гарчихсан хоёр, гурван сургууль дээр хэрэгжиж байна.

Өнөөдрийн энэ тайлан хэлэлцүүлгээр ямар ажил хийгдэж байгаа, бидний бодлого хаанаа төвлөрөх вэ гэдэг асуудал дээр тайлан маань суурилана. Хамгийн чухал зуйл нь хүүхдүүдийг юу ч мэдэхгүй юм шиг заана гэж довтолдог байсныг болиулж, хүүхдүүдийн сонирхол, хүсэл мөрөөдөлд нь тулгуурлаж, эрдэм сурахад нь туслахаар өөрчлөлт оруулсан.

-Хүн амын өсөлт ирэх жилийн боловсролын салбарт нэлээд нөлөөлнө. Иймээс ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайжруулахаар өөрийн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Харин ирэх жил 200 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс хийх юм. Дээр нь УИХ дээр яригдаж буй бусад хөрөнгө оруулалтын улсын төсвөөс хийж чадахгүй байгаа хэсгийн концессийн хуулиар хийнэ гэсэн асуудал яригдаж байгаа.

Ирэх оны хувьд  боловсролын салбарт 10 мянган хүүхэд нэмэгдэнэ

Бид ерөнхий зураглал, төлөвлөлтөө гаргачихсан. Үүнийхээ дагуу барих барилгынхаа ажлуудыг хийх боломж байна. Ирэх оны хувьд   өмнөх жилүүдээсээ 10 мянган хүүхдээр нэмэгдэнэ. Үүний бэлтгэл ажил мөн адил хийгдэж байгаа учир хүүхдүүдээ бүрэн хамруулж чадна.

Тэрбээр ийн ярьсан юм.Тус хэлэлцүүлгээс хүлээгдэж буй үр дүн нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, хийж эхэлсэн ажил 2012-2016 он хүртэлх олон төвшний төлөвлөлтүүдэд иргэдийн саналын нарийвчлан тусгаж хэрэгжүүлэх байлаа.

Хүүхэд бүрийг хөгжүүлдэг ур чадвартай багш

Боловсрол, шинжлэх ухааны сайдын гушаалаар хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн багшлах арга зүйд тулгамдаж буй асуудлыг судлаж, шийдвэрлэх арга замыг сонгох, мөн багш ажлын байран дээрээ хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдүүдийг хөгжүүлэх багшийн туршлагыг, түгээх, нэр хүндийг нь өсгөх зорилгоор "Багш хөгжил" хөтөлбөрийг батлан үйл ажиллагаагаа эхэлж 21 аймагт 105 багшийг ажиллуулахаар болжээ. Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлэх ур чадвартай багшийн мэргэжил дээшлүүлэх судалгааг тогтмол авч, багшийг хөгжүүлэх чиг хандлагыг хэрэгцээнд тулгуурлаж тоггмол зохион байгуулахаар болжээ.