2010 оноос Японд визгүй зорчих боломж бүрдэнэ
Монголын аялал жуулчлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, тус оронд аялдаг жуулчдын тоогоороо бодитой хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс бол Японы жуулчид. Тэдний аялах дуртай Монгол оронтой танилцаж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сонирхох, хоёр орны аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Японы аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Шибата Косуке манай оронд айлчилж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхан ноён Шибато Косукег өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Сүүлийн жилүүдэд хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг Байнгын хорооны дарга тэмдэглээд цаашид аялал жуулчлалын салбарт дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа улс хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг шийдүүштэй олон асуудал байгаа, тухайлахад жуулчдад учирдаг түгээмэл бэрхшээлүүдийн нэг нь орон нутагт жуулчдад зориулсан нислэг байдаггүйг дурдлаа. Иймд хоёр орны агаарын тээврийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлж тодорхой гарц олно гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийллээ. Мөн хоёр орны иргэд визгүй зорчих тухай асуудлыг 2005 онд НХХ-ийн сайд байхдаа Японы талын холбогдох албаны хүмүүст тавьж байснаа дурдаад уг асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч болон салбарын сайдтай таныг уулзах үеэр нэлээд нааштай шийдэгдэхээр яригдсаныг дуулаад баяртай байна гэдгээ тэмдэглэв.
Ноён Шибата Косуке айлчалыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд цаашид хамтран хэрэгжүүлэх олон чухал ажлууд төлөвлөж байгаагийн дотор тус улсад визгүй зорчих асуудлыг Монголын талаас идэвхтэй тавьж байгаа бөгөөд уг асуудал 2010 оноос хэрэгжиж эхлэх боломж бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгээ онцоллоо.