Монгол Улс, БНЭУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийг санал нэгтэй тохиролцлоо
2009.09.15

Монгол Улс, БНЭУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхийг санал нэгтэй тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНЭУ-ын Ерөнхий сайд Манмохан Сингх нар өнөөдөр Шинэ Дели дахь БНЭУ-ын Засгийн газрын ордон “Хайдерабад хауз”-д албан ёсны хэлэлцээ хийлээ.


Хэлэлцээрийн эхэнд, МУ-ын Ерөнхийлөгч, хүн төрөлхтөний соёл иргэншлийн өлгий нутаг, домогт Энэтхэг оронд биднийг найрсгаар хүлээн авч, хүндэтгэн зочилж байгаад хувиасаа болон нийт төлөөлөгчдийнхөө өмнөөс БНЭУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэв. Монгол Улс Энэтхэг Улстай, улс төрийн яриа хэлэлцээний өндөр түвшинг хадгалж, цаашид бүх талаар өргөтгөж, “гуравдахь хөрш”-ийн үзэл баримтлалынхаа үүднээс харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэх сонирхолтой байгаа бөгөөд, энэ байр суурийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.

Харилцааг цаашид өргөтгөн хөгжүүлэхэд өндөр , дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалах, ялангуяа айлчлалыг хоёр талын урсгалтай болгох явдал чухал байгаа билээ. Тухайлбал БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлаагүй байгаа.  Иймээс Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Манмохан Сингхийг Монгол Улсад айлчлахыг энэ үеэр урилаа. Айлчлалыг манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох 2010 онд хэрэгжүүлэх саналтай байгаагаа манай талаас илэрхийлэв.

Хоёр орны парламент хоорондын болон төр засгийн бусад байгууллагын хоорондын харилцааг улам бэхжүүлэх , нэгэнт байгуулагдаад байгаа Засгийн газар хооронды хамтын ажиллагааны хамтарсан хорооны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ.

Терроризм, мансууруулах бодис, хүний наймаа зэрэг аюулгүй байдлын уламжлалт бус аюул заналтай тэмцэх талаар Энэтхэг улс ихээхэн туршлагатай орон. Иймээс Монголын офицер, мэргэжилтнүүдийг сургах, хоёр болон олон талын хамтарсан хээрийн сургууль зохиох зэрэг харилцааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байгаа гэдгээ Монголын тал энэ хэлэлцээрийн үеэр мөн илэрхийллээ.

Энэ үеэр мөн манай талаас, Энэтхэг улс Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн өвч, эдийн засгийн өнөөгийн хямралыг даван туулах, эдийн засгийг тогтворжуулахад зориулж 25 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа хэлсэн. Манай улстөр, эдийн засгийн шилжилтийн эхний жилүүдээс хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн нь, манай хоёр ард түмнүүдийн найрсаг харилцааны тод илрэл юм. Хамгийн сүүлд 2008 онд хүнсний тусламж үзүүлсэн нь эдийн засгийн хүндрэлтэй байсан үед үнийг тогтворжуулахад чухал дэмжлэг болсон гэдгийг Ерөнхийлөгч дурдлаа.

Энэтхэгийн тал манай уул уурхайн салбар, ялангуяа ураны салбарт хамтарч ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн. Монголын эрдэс баялгийн салбарт Энэтхэгийн оролцоог бий болгох асуудлыг Монголын төр бодлогынхаа түвшинд дэмжих болно гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Ялангуяа уул уурхай тойрсон дэд бүтцийг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой юм.

Мэдээллийн технологи бол манай хоёр орны харилцаанд чухал үүрэг бүхий салбар. Монгол Улс, мэдээлэл технологийн программ хангамжийг дотооддоо үйлдвэрлэх, төрийн мэдээллийн нууцлалыг хангах зэрэг дэд бүтцийг бий болгоход Энэтхэгтэй дагнаж түншлэх сонирхолтой байна гэдгээ энэ хэлэлцээрийн үеэр илэрхийллээ.

Олон жилийн түүхтэй соёл, боловсролын харилцааны хувьд ч ахиц дэвшил гарахаар яриа хэлэлцээг энэ үеэр мөн хийсэн. Энэтхэгийн Засгийн газар Улаанбаатар хотноо сургуулийн барилга барихад дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж үзэх болсон нь энэ салбарын харилцаа нэг шатаар ахиж байгаа хэрэг юм. Энэ барилгыг түшиглэн англи хэлээр сургалт явуулдаг, хөтөлбөр нь Энэтхэгийн стандартад нийцсэн сургуулийг байгуулахын төлөө Монголын тал ажиллах болно гэдгийг ярилцлаа. Мөн Энэтхэгийн техник хамтын ажиллагааны хөтөлбөр, цар хүрээгээ тэлж, Энэтхэгт богино хугацааны сургалтанд хамруулах монголчуудын тоог 2 дахин нэмэгдүүлэхээр боллоо.

Бүс нутаг олон улсын хүрээний хамтын ажиллагааны талаар мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд М.Сингх нар санал солилцсон. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх үед байнгын гишүүн нь болох Энэтхэг Улсын хүчин чармайлтыг Монгол Улс дэмжсэн байр суурьтай хэвээрээ байгаа гэдгийг Ерөнхийлөгч хэлж, НҮБ-ын АЗ-ийн 2011-2012 оны байнгын бус гишүүний сонгуульд БНЭУ-ыг дэмжихээр Монголын тал шийдвэрлэж буйг мэдэгдлээ. Түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн энхтайван тогтвортой байдал, терроризмтэй тэмцэх, дэлхийн дулаарал зэрэг бусад асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс, БНЭУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, Хамтарсан тунхаглал гаргахыг хоёр тал харилцан тохиролцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.