УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевт бараалхлаа
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл манай улсад төрийн айлчлал хийж байгаа Оросын
Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевт бараалхлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтын эхэнд хоёр орны найрсаг хамтын ажиллагааны тухай дурдаад, талуудын харилцаа, хамтын ажиллагаа шинэ нөхцөлд, шинэ шатанд, шинэ түвшинд гарч, энэ нь уламжлалт дотно харилцаанд суурилан бэхжиж байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр, хоёр орны дайчдын Халх гол дахь хамтын ялалтын 70 жилийн ой тохион буй цаг мөчид ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь манай хоёр ард түмнүүдийн хүнд бэрх цагт харилцан тусалж ирсэн уламжлалт харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг өнөө үеийнхэнд дахин сануулахын ач холбогдлыг тэмдэглэлээ.
Хамтын ялалт нь, хоёр орон хамтраад ихээхэн зүйлийг бүтээж чаддагийн жишээ бөгөөд өнөөгийн залуучууд энэ хандлага, итгэл үнэмшлээр хүмүүжээсэй хэмээн хүсдэгээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл онцлов.УИХ-ын дарга цааш хэлэхдээ “Монгол Улс зах зээлийн харилцаанд гүнзгий орлоо. Ийм нөхцөлд уламжлалт хөрш, найрамдалт харилцаатай Орос улстай хамтран ажиллах нь зайлшгүй юм. Хүнд хэцүү дайны цагт хамтран тэмцэж байсан шиг, зах зээлийн харилцаанд хамтран ажиллахад ихээхэн амжилт гаргаж болно гэж үздэг. Эдийн засаг, нийгмийн харилцааг цаашид хөгжүүлэхэд хөрш орны дэд бүтэц чухал үүрэгтэй. Биднийг холбосон зам харилцаа ирээдүйн хөгжлийн үзүүлэлтэд чухал үүрэгтэй гэж үзэж байна. Иймээс дэд бүтцийн салбарт жинтэй туслалцаа үзүүлэн, хамтран ажиллана гэдэгт итгэдэг” хэмээн онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан, газар тариалан, мал аж ахуйг үр дүнтэй эрхэлж байгаа малчид тариаланчдынхаа тухай тодотгоод, танай оронд хүндэтгэлтэй хандаж ирсэн монгол малчид бүтээгдэхүүнээ Орос улсад нийлүүлэхийг эрмэлздэг. Жишээлбэл,сайн чанарын ноос,ноолуур, мах, арьс ширийг Орост гаргахыг хүсдэг. Гэвч бодитой харилцан эрэлт, хэрэгцээ хангагдахгүй, боломж бүрдэхгүй байгааг хэлээд, энэ нь ард түмний хүсэл зориг, эрх ашиг болохыг уламжилсан юм.Түүнчлэн хоёр орны парламент хоорондын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ОХУ-ын төрийн дээд удирдлагуудын удаа дараагийн айлчлал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов, Төрийн Думын орлогч дарга А.Н.Чилингаров, Орос-Монголын парламентын бүлгийн дарга тэрг
үүтэй төлөөлөгчдийн айлчлал, муж улс, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөллийн байнгын идэвхтэй уулзалт, харилцааны үр дүнг сайшаан тэмдэглээд, хоёр орны парламент хоорондын хамтарсан төлөвлөгөөг улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын асуудлуудыг хамруулан бэлтгэж, үүний ач холбогдлыг чухалчлан үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев УИХ-ын дарга болон уулзалтад оролцсон Монголын талын бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд, “Парламентын үйл ажиллагаа улс хоорондын харилцаанд чухал үүрэгтэй юм. Д.Дэмбэрэл даргын саяын өгүүлсэн түүхэн харилцааны агуулгатай санал нэгтэй байна. Өнөөдөр хоёр орны стратегийн түншлэл бүх чиглэлээр сайн үргэлжилж байна. Сая Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ түншлэл хэр хурдацтай явж байгаа талаар авч ярилцлаа. Бидний хамтын ажиллагааны тэргүүлэх байгууллага болох Улаанбаатар төмөр зам, “Монголросцветмет”-ийн тухай бас ярилцлаа. Хэдий ийм ч шинэ шинэ хамтарсан төслүүдийг хийх хэрэгтэй. Гэвч бас бэрхшээлүүд байна. Хоёр талын худалдааны бүтэц оновчтой биш байна. Таны саяын хэлсэнчлэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдээгүй байна, гэвч энэ нь харилцааны их нөөц боломж бийг харуулж байгаа юм. Худалдаа, засаг захиргааны харилцан эрх ашигт нийцсэн өөрчлөлтүүдийг хийж, энэ нь үр дүнгээ өгнө гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр бүс нутаг хоорондын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байна, ялангуяа Монгол Улстай хиллэдэг муж, орон нутаг, батлан хамгаалах, хилийн цэргийг хэрэглээний бүтээгдэхүүнээр хангах боломжийг олгож болно. Ерөөсөө ОХУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх томоохон зах зээл гэж ойлгож байна. Парламент хоорондын харилцааны сайн түншлэлд сэтгэл хангалуун байна. Эрхэм УИХ-ын дарга таны тэргүүлсэн парламентын танхимын хууль тогтоох үйл ажиллагаа Монголын ард түмний эрх ашгийн төлөө, харилцан хамтын ажиллагааны тусын тулд улам амжилт олохыг хүсч байна. Таныг энэ ондоо багтаан ОХУ-д айлчлахыг урьж байна” гэснээр үгээ өндөрлөсөн юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Ерөнхийлөгч таны хил орчмын орон нутгийн харилцан хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад талархъя. Энэ хүрээнд гол анхаарах зүйл бол хилийн боомт, гаалийн татварын асуудал юм” гэж хэлээд, ОХУ-ын Төрийн Думын дарга В. Грызловт чин сэтгэлийн мэндчилгээ уламжлахыг хүссэн юм.
Уулзалтад УИХ-ын дэд дарга Монгол-Оросын Парламентын бүлгэмийн дарга УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Гадаад хэргийн сайд С.Батболд, УИХ дахь МАХН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан, АН-ын Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Л.Хангай болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.