Бан Ги Мүн: Монгол Улс бол дэлхийн бусад оронд сайн үлгэр жишээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Бан Ги Мүн гэргий Бан Сүүн Таек нарыг хүндэтгэн зоог барьлаа.
Энэхүү зоогийн үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
-Монгол Улсад хийж буй Таны энэхүү айлчлал улам бүр харилцан холбоотой болж буй дэлхий ертөнцөд эрх чөлөө, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Монгол орон, мөн далайд гарцгүй жижиг улс үндэстний өмнө тулгарч буй сорилтууд, ялангуяа бидний онцгой хэрэгцээ, гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөхөд чухал ач холбогдолтой билээ.
Монгол Улс дэлхий дахины асуудлуудыг шийдвэрлэхэд, НҮБ-тай цаашид ч улам ойр хамтран ажиллаж, НҮБ тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсийн сайн сайхан, эрхийн төлөө ажиллах тэргүүлэгч хүч байх болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Харин ноён Бан Ги Мүн:
-Танай гайхамшигтай оронд хийж байгаа энэ айлчлал маань сайхан болж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж байгаа цэргүүдтэй уулзсан явдал гүн сэтгэгдэл үлдээлээ.
Мөн Ерөнхийлөгч Таны эрч хүчтэй, зоригтой байдал тань сэтгэл татаж байна.
Та бид хоёулаа Харвардын их сургуулийн төгсөгчид, нэг сургуулийн төгсөгч маань ийнхүү улс их орноо удирдаж байгаад би бахархаж байна гэлээ.
Тэрээр мөн Ерөнхийлөгчид хандан, Таны ардчиллыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө тавьж байгаа хүчин чармайлт, авилгын эсрэг хийж байгаа тэмцэл, мөн сэтгүүлч байсан түүх намтар зэрэг нь НҮБ-ын эрхэмлэдэг зорилготой нийцэж байна гээд, НҮБ-аас гаргасан Мянганы Хөгжлийн зорилтуудыг Монгол Улс биелүүлэхэд Таны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр чухал хэмээн найдаж байна гэлээ.
Монгол улс ардчилал, чөлөөт эдийн засаг руу амжилттай шилжсэн. Үүгээрээ ч дэлхийн бусад оронд сайн үлгэр жишээ болсон билээ.
Харин одоо цаг уурын өөрчлөлтийн асуудлаар амжилттай шийдвэр гаргаж чадна гэдгээ харуулна гэдэгт найдаж байна гэж ноён Бан Ги Мүн мөн нэмж хэлсэн юм.
Мянганы Хөгжлийн зорилтуудыг хангахад үлдэж байгаа 6 жилийн хугацаанд Монгол Улс , НҮБ хамтран ажиллах болно гэдгээ 2 тал ийнхүү дахин нотоллоо.